Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тал бүрээсээ ярьж, зарим нь шаардлага, саналуудаа Их хуралд өргөн барьж байна. Таны хувьд эх хуулиа өөрчлөх, нэмэлт оруулах асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хууль батлагдсан цагаас эхлээд өөрчлөх асуудлыг олон удаа ярьж ирсэн. Тухай бүрдээ өөрчлөгдөөд, шинэ заалтууд нэмээд явж ирсэн түүхтэй. Бүхий л цаг үед Үндсэн хуулийн үзэл баримтлалтай санал нийлдэггүй, байнга шүүмжилж байдаг цөөнгүй хүмүүс бий. Одоо ч байсаар байгаа. Тэгэхээр Үндсэн хуулиа өөрчилье, нэмэлт заалтууд оруулъя гэдэг санал, шүүмжлэл, яриа одоо гарч ирж байгаа шинэ зүйл биш. Энэ бол байсан, цаашид ч байнга өөрчлөх санал, шүүмжлэлүүд гарч ирсээр л байна. Цаг хугацааны хувьд нэг зүйл хэлье. Сүүлийн дөрвөн УИХ дамжаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байсан. Одоо ч яригдсаар байна. Тиймээс миний хувьд Үндсэн хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.
-Таныхаар яг ямар агуулгаар өөрчлөлтүүдийг хийе гэж харж байна вэ?
-Юуны өмнө ардчилсан нийгэм, парламентын засаглалтай, чөлөөт эдийн засгийн тогтолцооноосоо ухрах ёсгүй. Нөгөөтэйгүүр Шинэ Үндсэн хууль батлагдаад өдгөө гучин жил өнгөрлөө. Энэ хугацаанд бүхэл бүтэн нэг үе гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед төрж байсан хүүхдүүд одоо 30 гаруй настай болж, нийгмийн хамгийн том давхаргыг бүрдүүлж байна гэсэн үг. Тиймээс энэ шинэ үе өнөөгийн нийгмээ хэрхэн харж байна, цаашид яаж авч явах уу, юу хүсч байна гэдэг талаас нь харах нэг өнцөг байна. 1992 онд Шинэ Үндсэн хуулийг баталсан хүмүүс, тухайн үеийн нийгэм ямар байсан гэдгийг өнөөгийн нийгэмтэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаа гарч ирэх нь тодорхой. Шинэ үеийнхэн гарч ирсэн учраас өөрсдийнхөө амьдрал, нийгмийнхээ харах өнцгөөс шалтгаалж Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа нь зөв. Хууль гэдэг бол амьдралд хамгийн ойр байх асуудал. Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон зүйл дээр ярьдаггүй. Багцлаад харвал төрийн шийдвэр гаргаж байгаа механизм ямар байна, ард түмэн төрийн эрхийг төлөөллөөрөө дамжуулж барина гэсэн заалт ямар хэмжээнд хэрэгжиж байна гэсэн тодорхой асуудлууд дээр л яригддаг. 2019 онд бид Үндсэн хуульдаа гар хүрсэн. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд л одоо асуудал дахин яригдаж байна. Тухайн үед батлагдсан Үндсэн хуулийн төсөл анхныхаа утга санаанаасаа ухарсан, зарим зүйл заалтууд нь хасагдаж, батлагдсан гэж боддог. Утга санаа, зүйл заалтууд нэлээд их хасагдсан нь сонгууль дөхсөн, нийгмийн уур амьсгал нөлөөлж байсан зэрэг нийгмийн үзэл санаа, улс төрийн үйл ажиллагаанаас болсон. Одоо Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг нийгмийн тал бүрээс тавьж байна. Энэ хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрээр ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хүрээнд эрдэмтэн, судлаачид, улс төрийн намуудын төлөөлөл, иргэний нийгмүүдийн байр суурь, саналыг сонслоо. Тиймээс одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хуулийнхаа хүрээнд эхэлж байна. Уг нь Үндсэн хуулиа олон дахин өөрчлөөд оролдоод байх нь тийм ч зохимжтой асуудал биш. Гэхдээ яах аргагүй нийгмийн шаардлага байгаад байвал хөдөлгөж болохгүй асуудал бас биш ээ.
-Үндсэн хуулиа өөрчлөх, нэмэлт оруулах тодорхой хэд хэдэн асуудал байгаа. Тухайлбал, гишүүдийн тоог нэмье, парламентын дээд, доод танхимтай болъё гэдэг асуудлыг ярьж байна. Яг энэ заалтууд, санал дээр таны байр суурь ямар байна вэ?
-Өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар бол парламентын нэг танхимтай, УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага байна гэж заасан. Хоёр танхимтай болох асуудлыг оруулж ирлээ гэж бодоход энэ нь өөрөө Шинэ Үндсэн хуулийн төслийг ярина. Өөрөөр хэлбэл, одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиа бүхлээр нь өөрчилнө гэсэн үг л дээ. Тиймээс энэ цаг үед Үндсэн хуулиа ингэж бүхлээр нь өөрчлөх шаардлага бол байхгүй болов уу гэж бодож байна. Зарим улс төрийн нам, иргэдээс хоёр танхимтай болъё гэдэг санал ирж байгаа. Гэхдээ үүнийг хийхэд заавал Үндсэн хуулиа бүхлээр нь өөрчилнө гэдгийг анхаарах хэрэгтэй.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал дээр тодорхойлж ярихгүй юу?
-Хүн амыг төлөөлөх УИХ-ын гишүүдийн тоо цөөн байна. Эсвэл нэг УИХ-ын гишүүнд оногдож байгаа эрх мэдэл хэтэрхий өндөр байна гэсэн хоёр асуудлыг тавьдаг. Үүнийг би зарим талаараа дэмжинэ. Нэг зүйлийг тодорхой хэлье. Монгол Улсын оршин тогтнох гол баталгаа бол парламентын засаглал. Өмнөх Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэдэг асуудлаар санал асуулга явуулъя гэдэг санаа гаргаж байсан. Хоёр том гүрний дунд байгаа улсын хувьд төрийн бүх эрх мэдэл нэг хүн дээр төвлөрдөг тогтолцоо үнэхээр зохимжгүй. Харин муу ч, сайн ч парламентын тогтолцоотой байна гэдэг бол бидний хөгжлийн үндэс нь шүү. Тиймээс парламентын тогтолцоогоо цаашид илүү боловсронгуй болгож, хөгжүүлэх асуудал л чухал. Гишүүдийн тооны хувьд учиргүй их ач холбогдол өгөхгүй байна. Гэхдээ хэтэрхий цөөн гишүүнтэй байх нь янз бүрийн бүлэглэл, эрх ашгийн нөлөөнд орох магадлал онолын хувьд илүү гэдэг нь тодорхой. Нөгөө талаар гишүүдийн тоог нэмэх нь хүн амын тоо өссөн гэдэг үндэслэлээр хэрэгтэй байж болох хувилбар гэж харж байгаа. Хэрэв гишүүдийн тоог нэмэх асуудал УИХ-д орж ирвэл болохгүй гэдэг байр сууринаас асуудалд хандахгүй. Гишүүдийг хэд болгох нь уу, ямар ач холбогдол, үндэслэл байна гэдгийг нь түлхүүтэй харна. Ер нь бол бусад улс оронтой харьцуулахад манай УИХ-ын гишүүдийн тоо хамаагүй цөөн байгаа шүү.
-Нийгмийн зүгээс энэ цаг үед Үндсэн хуулиа өөрчлөөд, илүү боловсронгуй болгооч ээ гэдэг шаардлагыг идэвхтэй тавиад байгаа нь танай нам үнэмлэхүй олонхоороо төрийн эрхийг барьж байгаатай холбоотой. Дараагийн парламент нэг нам ингэж олонх болж гарч ирэх үү, мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадах уу гэдэг асуудал эргэлзээтэй байгаа шүү дээ. Тиймээс л болж олдсон дээрээ Үндсэн хуулиа нийгмийнхээ шаардлагын дагуу өөрчлөөч ээ гэдэг хүсэлт ард түмний дунд их байна л даа…
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын 76 гишүүний 57 нь санал нэгтэй дэмжиж байж баталдаг. Хэдийгээр бид саяхан буюу 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан ч зарим зүйл заалт 57 гишүүний санал авч чадалгүй унасан. Тиймээс л тэр үеийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл анхны утга санаанаасаа ухарсан өөрчлөлт болсон гэж хэлээд байгаа юм. Тухайлбал, сонгуулийн тогтолцооны асуудал байна. Анхны агуулгаараа бол сонгуулийн тогтолцоог УИХ тогтооно гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд орж ирж байсан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн мажоратор, холимог буюу пропорционал тогтолцооны алинаар нь явах вэ гэдгийг УИХ өөрөө олонхоороо шийддэг байна гэсэн агуулгатай байсан. Гэтэл ард түмэн төлөөллийн байгууллагаа шууд сонгоно гэсэн заалтыг бариад Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргачихсан. Цэцийн зүгээс энэ бол зөвхөн мажоратор тогтолцоотой байх дүгнэлт юм гэсэн. Тиймээс сүүлийн хоёр сонгууль энэ зарчмаар мажоратор тогтолцоогоор явж ирлээ. Одоо сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд холимог хувилбараар явуулъя гэдэг асуудлыг ярьж байна. Гэвч ингэж явуулахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх, эсвэл Цэцийн энэхүү дүгнэлтийг өөрчлөхгүйгээр сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх бололцоо байхгүй. Аль ч тохиолдолд нь УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх буюу 57 гишүүн дэмжиж байж энэ өөрчлөлт хийгдэнэ. Тиймээс таны хэлдгээр нэг нам олонх байгаа дээрээ шаардлагатай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж авахгүй бол дараа дараагийн сонгуулийн дүн хэрхэн гарч, парламент ямар байдлаар бүрдэхийг хэн ч мэдэхгүй . Тиймээс Үндсэн хуулиа сайжруулъя, боловсронгуй болгоё гэвэл яг өөрчилдөг үе нь одоо гэж би харж байна.
-Сонгуулийн тогтолцооны асуудлыг хөндөхөөсөө өмнө Улс төрийн намын тухай хуулийг өөрчилье. Тэр дундаа улс төрийн намуудын санхүүжилтийн асуудлыг илүү тодорхой болгож өгье гэдэг асуудлыг хуульчид, улс төр судлаачид ярьж байна. Энэ асуудлаар тодорхой тайлбар өгөхгүй юү?
-Сонгуулийн тогтолцоо, Улс төрийн намуудын тухай хууль гэдэг бол хоорондоо уялдаа холбоотой асуудлууд. Намуудын тухай болон санхүүжилтийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Үүнд бас өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Энэ хуулиудыг УИХ олонхоороо шийдээд явах боломжтой. Эдгээр хуулиудыг өөрчлөхгүйгээр зөвхөн Үндсэн хуулиа өөрчлөөд төдийлөн үр дүн гарч ирэхгүй. Үндсэн хуулиа өөрчиллөө гэхэд эдгээр хуулиуд дагалдаад өөрчлөгдөх нь тодорхой. Сонгуулийн тогтолцооны асуудлыг дахин ярья. Одоо мөрдөгдөж байгаа мажоратор тогтолцоогоор иргэдийн санал, УИХ-ын суудлын тоонд тусгалаа олохгүй байна гэдэг. Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар нийт сонгууль өгөх насны 77 хувь нь сонгуулиа өгсөн. Үүнээс 44 хувийн санал авсан МАН өнөөдөр жар гаруй суудалтай байна. Энэ нь өөрөө сонгуулийн тогтолцооны алдаа, сул тал болж байна гэсэн дүгнэлт бий. 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Тухайн үед Холимог тогтолцооны тухай хуулийн ажлын хэсгийг би ахалж байлаа. Ер нь аливаа зүйл хоёр ч биш бүр олон талтай. Одоо холимог тогтолцоогоор сонгуулиа явууллаа гэж бодоход парламентыг олон намын гишүүд бүрдүүлэх боломжтой. Ингэвэл парламентаасаа Засгийн газраа байгуулах, Ерөнхий сайдаа томилох асуудал болон төрийн бодлого, шийдвэр гаргах ажил их төвөгтэй болж ирнэ. Өөрөөр хэлбэл, төрийн тогтвортой байдал алдагдаж, шуурхай ажиллах чадамж суларч ирнэ гэсэн үг. Жоохон асуудалд санал зөрвөл нэг эвсэл нь бутарч, нөгөө нэг эвсэл нь гарч ирэх зарчмаар л явна. Нэг ёсондоо нэг намын, хэсэг бүлэг гишүүдийн санал зөрөлдлөө гэхэд тухайн Засгийн газрын тогтвортой ажиллах байдал ганхаж эхлэх аюултай байгаа юм. Тиймээс энэ агуулгаар нь сайн бодож байж сонгуулийн тогтолцоог ярилцах шаардлагатай. Нөгөөтэйгүүр дан ганц сонгуулийн тогтолцоог өөрчлөөд бүх зүйл сайхан болчихно гэсэн зүйл байхгүй. Энэ бол тухайн орны улс төрийн соёл, сонгогчдын боловсрол мэдлэг, нийгмийн төлөвшилттэй салшгүй холбоотой. Гэхдээ холимог тогтолцоотой болсноороо нэг том асуудлыг шийдэж чадах юм. Тэр нь сонгогчдын саналын дийлэнх нь УИХ-д орж, тусгагдана.
-Та олон удаа парламентад сонгогдсон, олон ч Засгийн газрын нүүрийг үзсэн улстөрч. Тэр утгаараа үе үеийн Засгийн газрын дэвшүүлж буй бодлогын баримт бичгүүдтэй танилцаж байсан хүний хувьд өнөөгийн Засгийн газрын болон танай намаас дэвшүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогыг ямар байдлаар дүгнэж байна вэ?
-Товчхон хариулъя. Одоо мөрдөгдөж байгаа хуулиуд, шийдвэр гаргах тогтолцооноос болоод олон жилийн турш дараа, дараагийн сонгуулиа бодож, түр хугацааны зорилгуудад илүү их анхаарал тавьж ирсэн. Өөрөөр хэлбэл, дөрөв, дөрвөн жилээр ажлуудаа төлөвлөж ирсэн гэсэн үг. Энэ бол бидний туулаад ирсэн зам, алдаа, онооны түүх сургамж. Өмнөх Засгийн газрын үеэс эхлээд Монгол Улсын урт хугацааны бодлогыг илүү анхаарч байна. Энэ дагуу бодлого төлөвлөгөөнүүдээ гаргаж, хэлэлцүүлж байна. Шинэ бодлого, хөтөлбөрийг шүүмжлэх, нэг хэсэг хүмүүст таалагдахгүй байх зүйл үеийн үед л гарч байсан. Өнөө, маргаашийнхаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй байж холын зүйл ярьж, худлаа улстөржиж байна гэдэг. Энэ бол тийм биш. Богино хугацаанд хөгжсөн улс орнуудын туршлагаас харвал бодлогоо алсуур гаргаж, холын бодлогодоо анхаарч, томоохон зорилтуудаа шийдвэрлэж чадсанаараа хөгжсөн байдаг. Тэр утгаараа энэ бодлого бол их зөв өө.
-Та Халдашгүй байдлын дэд хороог даргалдаг. Энэ утгаараа гишүүдтэй холбоотой асуудал орж ирэхэд хамгийн түрүүнд мэдээллийг нь сонсдог. Ер нь гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулаад буруугүй бол буцаад ир ээ гэх нь ч байна. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын асуудал мөн парламентын дархлаатай холбоотой асуудал яригддаг учраас аль аль талаасаа нухацтай хандах ёстой гэдэг. Таны хувьд энэ асуудалд ямар зарчим баримталж явдаг вэ?
-Ёс зүйн асуудлыг хуулиар зохицуулах их төвөгтэй. Манай дэд хорооны хувьд гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлаар биш хууль зөрчсөн эсэх асуудлаар хуралдаж, шийдвэр, санал гаргадаг бүтэц. Дэлхийн парламентын засаглалтай бараг бүх улсад халдашгүй байдлын тухай зохицуулалт, хууль бий. Тэр битгий хэл зарим улсад парламентын гишүүнд хэрэг үүсгэж болдоггүй хууль үйлчилж байдаг. Энэ бол асуудлын нэг туйл. Нөгөө туйлд УИХ-ын гишүүн нь хэрэгт холбогдоод шоронд орчихсон байхад тухайн гишүүн шоронгоосоо хуралдаа оролцоод, саналаа өгөөд явдаг хуулийн зохицуулалттай улс, орнууд ч бий. Үүний цаад агуулга нь нэг зүйл дээр тогтож байдаг. Тухайн улс орны хууль тогтоох байгууллага хэн нэгний нөлөөнд орохгүйгээр шийдвэр гаргах чадамжтай, хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай гэсэн зарчим л оройлж байгаа юм. Манайд мөрдөгдөж байгаа хуулиар УИХ-ын гишүүн хэрэг хийж байгаад газар дээрээ баригдвал шууд баривчлагдаж, шүүхээр ордог. Ийм тохиолдолд асуудлыг нь заавал УИХ-аар авч хэлэлцэх шаардлагагүй. Түрүүн хэллээ, зарим улс оронд УИХ-ын гишүүн дээр хэрэг нээж, шалгахыг хориглодог гэж. Манайд бол ийм хуулийн зохицуулалт байхгүй. Хэрэг нээж шалгах нь чөлөөтэй байгаа. Парламентын тогтолцоотой болсноос хойш өдийг хүртэл УИХ-ын цөөнгүй гишүүдийг түдгэлзүүлэх асуудал орж ирж байсан. Гэхдээ ихэнх тохиолдолд парламентын дархлаа, УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг утгаараа түдгэлзүүлэхгүйгээр шалгуулж ирсэн байдаг. Түдгэлзүүлэхгүйгээр шалгагдаад, хэрэг нь илрээд шүүхээр ял аваад явсан тохиолдол ч бий. Өнөөдөр ч гэсэн УИХ-ын гишүүд түдгэлзүүлэхгүйгээр шалгагдаад л явж байгаа.
-Эдийн засгаа тэлж, нэмэгдүүлэхэд экспортын бараа бүтээгдэхүүний гаралтаа нэмэгдүүлэх ёстой гэдэг. Харамсалтай нь бид урд, хойд хөрштэйгөө хил, боомтын асуудлаа санасан хэмжээндээ шийдвэрлэж чадахгүй байна. Үнэхээр Засгийн газар холбогдох албан тушаалтнууд нь ажлаа хийж чадахгүй байна уу. Эсвэл биднээс хамаарахгүй хүчин зүйлүүд байна уу?
-Засгийн газрын дэвшүүлсэн зургаан том бодлогын хамгийн эхэнд боомтуудын нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх асуудал байгаа. Тэгэхээр энэ чигийн бодлого байна уу байна. Хийгдэж байгаа зүйл байна уу, байна. Би бол Засгийн газрыг бололцооныхоо хэмжээнд ажиллаж байгаа л гэж үздэг. Монгол Улсын хувьд Засгийн газар нь шийдвэр гаргачихад л бусад улс орны Засгийн газар дэмжчихдэг, улмаар асуудал шийдэгддэг зүйл гэж байхгүй. Хөрш улсуудын хувьд ч тэр бусад орнуудын хувьд өөрсдийн бас сонирхол, эрх ашиг гэж байна. Монгол Улсыг хөгжүүлье гэж бодож байна уу, энэ улсын эдийн засаг хурдхан хөл дээрээ босоосой, үүнд бид бүх талаараа тусалъя гэж боддог нэг ч улс байхгүй. Хятад улсын хувьд монголчууд хэцүүдлээ манайх ковидтой ч гэсэн хил боомтуудаа нээж Монголын эдийн засгийг дэмжих ёстой шүү гэж юуны түрүүнд бодохгүй. Тэр утгаараа Монголоос шалтгаалдаггүй асуудал олон бий. Би нэг л зүйлийг хэлье. Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгөө байнга ярьдаг нэг л сэдэв бий. Тэр нь худалдаа, наймаа, эдийн засгаа харилцан ашигтайгаар хэрхэн хөгжүүлэх вэ, ямар боломж байна гэдгийг л ярьдаг. Хятад улсын хувьд нэг хэсэг тэг ковид гэдэг бодлого барьж байсан бол одоо үүнийгээ сулруулах бодлого баримталж байгааг олон улс судлаачид ярьж байна. Тухайн улс тэг ковид бодлого барьж ирснээр эдийн засгийн өсөлт нь удааширсан зүйлүүд байна. Тиймээс энэ бодлогоо сулруулж, зарим талаараа нээлттэй болж эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхгүй бол болохгүй гэсэн ийм бодлогыг Хятадын улс төр нь өөрөө шаардаж байгаа юм билээ. Энэ бол бидэнд их нааштай сайн мэдээ. Тиймээс хилийн гацаа, боомтуудын нэвтрэх чадвар цаашид илүү нэмэгдэх болов уу гэсэн хандлага ажиглагдаж байна.
-Хэмнэлтийн хуулийг УИХ саяхан баталчихсан. Хэмнэхэд заавал хууль шаардлагатай байсан уу гэдэг өнцгөөр зарим гишүүд байр сууриа илэрхийлж байсан шүү дээ. Таны хувьд уг хуулийн ач холбогдлыг ямар байдлаар дүгнэж байна вэ?
-Хэмнэлтийн хууль Төсвийн хуультай хамт орж ирсэн. Төсөв бол заавал хуулиар батлагддаг. Төсөв гэдэг өөрөө хууль. Тэр утгаараа төсөв дагаж орж ирсэн учраас Хэмнэлтийн хуулийг бид баталсан. Уг хуулийн төсөл Засгийн газраас орж ирсэн. Засгийн газар анх оруулж ирсэн санаагаараа уг хуулиа батлуулж чадаагүй. Хэмнэлтийн хуулийн олон заалтууд унасан шүү дээ. Үүнийг нөгөө л нэг тогтолцооны асуудал нөлөөлж байна гэж харж байгаа.
-Төсвийн дарамтын асуудал дээр таны байр суурь ямар байна. Цаашид ер нь алдагдалгүй төсөв батлах боломж бий юү?
-Алдагдалгүй төсөв батлах боломж хэзээд ч бий. Яг олдог орлогынхоо хэмжээнд зарлагаа тооцож байгааг л алдагдалгүй төсөв гэдэг. Тэгэхээр жил бүр төсвийн хуулийн хүрээнд энэ жил бидэнд юу хэрэгтэй вэ, юуг бүтээн байгуулах вэ гэдэг дээрээ л санал нэгдэх хэрэгтэй. Үүн дээрээ санал нэгдэж чаддаггүй, улмаар тал тал бүрдээ бүтээн байгуулалтын ажил хийнэ гэсээр байгаад л алдагдалтай төсөв болж хувирдаг. Энэ нь нөгөө л сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал. 1980-аад оны сүүлээр Румын улс гадаад өрөө дарах бодлогыг идэвхтэй явуулж, дотооддоо хэмнэж болох бүх зүйлээ хэмнэж, тэвчиж болох зардлуудаа тэвчсэн. Улмаар гадаад өрөө дарсан ч дотоодын эдийн засаг, ард түмнийх нь амьдрал эрс муудаж, дампуурлын ирмэгт орж байсан түүхтэй. Энэ утгаараа бид бүх зүйлээ тэвчээд хэмнээд гадаад өрөө дарах уу, эсвэл алдагдалтай ч гэсэн зарим зүйлээ хийгээд ирээдүйд нөхцөл байдал сайжирна гэж төсөөлөөд эдийн засгаа тогтвортой байлгах уу гэдэг сонголтыг л хийх шаардлагатай. Ирэх жил дотооддоо ямар ч бүтээн байгуулалт хийхгүй, төсвөөс гарах зардлаа бүгдийг нь өрөө дарах асуудал руу чиглүүлье гэж бодъё. Тэгвэл бид өрөө богино хугацаанд дарах боломжтой. Гэвч энэ хооронд улс орны эдийн засгийн байдал, ард түмэн, нийгмийн амьдрал ямар болох вэ гэдгээ маш сайн тооцож үзэх ёстой юм.
-Ирэх жилээс төсөвт нэлээд их хүндрэлтэй асуудал гарч ирнэ. Гадаад өр төлбөрүүдийн эхний төлөлтүүд хийгдэж эхлэхээр байгаа шүү дээ. Эдгээр асуудалд УИХ ямар байдлаар ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Ганцхан ирэх жил ч биш л дээ. Ойрын гурван жилдээ их хэмжээний гадаад өрөө төлөх ёстой. Гаднаас хэтэрхий их зээл аваад түүнийгээ оновчтой зарцуулж чадаагүйгээсээ болоод асуудалд унаж байгаа улс орнуудын жишээ цөөнгүй бий. Тиймээс ийм хэмжээнд орчихгүйн тулд яах ёстой, ямар бодлого, үйл ажиллагааг явуулах шаардлагатай вэ гэдгээ тал талаасаа сайн ярилцах ёстой юм. Нөгөөтэйгүүр нийгмээрээ ойлгож, тэвчих ёстой зардлаа тэвчих шаардлагатай.