Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр: Геополитикийн ямар нэгэн асуудал үүсчихгүй бол зэсийн үнэ өндөр байх боломжтой DNN.mn

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

-Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ цаг үед Монголыг эдийн засгийн ямар нөхцөл цаашид хүлээж байна вэ. Үүнд ирэх 2024 оны төсөв хэрхэн нөлөөлөх бол?

-Манай улсын эдийн засгийн суурь нөхцөл нь экспорт, импортын тээврийн өртөг зардал өндөр. Бид далайд гарцгүй. Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэх нь” тайланд улс орнуудын үнэ өртгийг харьцуулсан байдаг.

Улаанбаатар хотоос нэг контейнер ачааг гадаад зах зээлд гаргахад цаг хугацаа, өртөг зардлын хувьд маш өндөр. Гадаад гарцгүй төв Азийн улстай л манайх ойролцоо. Бусад улс орнуудаас маш өндөр.

Гадаадын хөрөнгө оруулалт манайд орж ирээд Улаанбаатарт ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд Солонгос руу гаргалаа гэе. Солонгост очиж байгаа манай бүтээгдэхүүн бусад орнуудаас нэгдүгээрт өндөр үнэтэй очдог. Хоёрдугаарт, цаг хугацаандаа очдоггүй. Тээвэр ложистикийн буюу Замын-Үүд Тяньжин боомт хүртэл төмөр зам, авто зам, дугуйны цариг солих гэхчилэнгээр явсаар байгаад хугацааны хувьд хоцордог. Ийм учраас Монголд гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа боловсруулах салбарын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм.

Уул уурхайн салбар Монголд хамгийн үр ашигтай учраас гадаадын хөрөнгө оруулалт ийшээ орж ирж байгаа юм. Учир нь баялаг нь энд байна. Хоёрдугаарт, худалдан авагч нь дэргэд байгаа учраас бусад орнуудаас харьцангуй өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гарч болж байна.

Уул уурхайн салбар бол 2003 оноос манай улс коксжих нүүрсийг экспортолж эхэлсэн. Экспортын түүхий эдийн 92-94 хувь нь эрдэс түүхий эд болж байна. Хоёрдугаарт, үүн дотроос 75 хувийг нь зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрс эзэлж байгаа.

Гуравхан төрлийн түүхий эд экспортын маш их хувийг эзэлж байна. Бусад төрлийн түүхийн эдийн эзлэх хувь хэмжээ бага. Жишээлбэл, газрын тос, жонш бусад металлын орлого 100 гаруй саяар яригдаж байгаа юм.

Бид урт хугацааны хөгжлийн зорилгодоо эдийн засгаа төрөлжүүлнэ гээд биччихсэн. Гэтэл солонгоруулах гээд байгаа аж үйлдвэрийн салбар экспортын дөрөвхөн хувийг эзэлж байна. Хөдөө аж ахуйн гаралтай ноолуур нэхмэл зэрэг зонхилж байна. Орж ирж байгаа хөрөнгө оруулалт ийм байгаа учраас ойрын 10, 20 жилдээ уул уурхайн салбартайгаа л монголчууд амьдрах юм байна. Их сайн төрөлжүүлж чадвал уул уурхайн экспортод эзэлж байгаа хэмжээг 94 хувиас 10 жилийн дараа 85 хувь болгож чадвал том амжилт. Харамсалтай нь одоо хийгдэж байгаа бүх хөрөнгө оруулалт уул уурхайд байгаа учраас энэ хэвээрээ дахиад ч 10 жил явж магадгүй. Учир нь бусад салбарт бид хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Тэр байтугай дэд бүтцийн хоцрогдлоос гадна эрчим хүчний дутагдалтай байгаа шүү дээ. Улаанбаатараас өөр газар үйлдвэр байгуулах гэхээр эрчим хүчний нөөц бололцоо байдаггүй. Ийм бэрхшээлүүд байгаа учраас Монголд аж үйлдвэрийн салбар хөгжинө гэхэд ойрын ирээдүйд маш дутмаг байна.

Үнэхээр эрчим хүчээ хөгжүүлэх гэж байгаа бол цахилгаан эрчим хүч дэд бүтэцдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийх ёстой. Дор хаяж Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг хоёр эгнээ, цахилгаан болгож, дугуйны цариг сольдоггүй болж байж л Монгол Улсад бусад төрлийн экспорт нэмэгдэх бололцоотой.

-Дэлхийн эдийн засаг удааширч байгаа шалтгаан нь юу вэ?

-2020 хүртэл дэлхийн эдийн засаг харьцангуй өөдрөг байлаа. Дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт 4-5 хувьтай байсан. Үүнд эергээр нөлөөлсөн гол зүйл нь хөгжиж байгаа орнууд. Хятад, Энэтхэг, Ирланд, Малайз зэрэг хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлт өндөр байсан учраас тэнд ажиллах хүчин олон. Барууны хөрөнгө оруулалт тийшээ их орж байсан. Тухайлбал, Америкийн компаниуд өнгөрсөн жилүүдэд Хятад, Энэтхэг зэрэг орнуудад хөрөнгө оруулалт их хийсэн. Жишээлбэл, Iphone-ийг Хятадад угсардаг. Хятад, Энэтхэг дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хувийг одоо ч эзэлсэн хэвээр байгаа. Гэхдээ удааширч байна.

Хятадын эдийн засаг 1990 оноос хойш ковидыг хүртэл тогтвортой найман хувиар өсөлттэй байсан. Ковидоос хойш Хятадын эдийн засгийн өсөлтийг харвал нэг унаад, 2021 онд буцаад сэргэсэн. Гэхдээ одоо дахин таван хувиасаа унаж байна.

Хятадын эдийн засаг удааширч байгаа шалтгаан нь нэгдүгээрт, эдийн засгаа бүүм болгохын тулд асар их хөрөнгө оруулалт хийчихсэн. Хятадын эдийн засгийн 10 хувийг үл хөдлөх хөрөнгийн салбар эзэлж байна. Тэнд барьчихсан, борлуулагдаагүй үл хөдлөх хөрөнгө асар их байна.

Ройтерс дээр саяхан гарсан мэдээллээр “Зөвхөн Evergrande компанийн барьсан борлуулагдаагүй орон сууц гэхэд АНУ-ын Манхетэн арлыг хоёр удаа дүүргэх хэмжээний тийм их байна” гэсэн байна лээ. Хятадын 1.4 тэрбум хүн бүгдээрээ шинэ байранд орох боломжтой ийм хэмжээний борлуулагдаагүй орон сууц байна. Хөрөнгө оруулалтаар дэмжээд барьчихсан. Үүнийг барихад шаардагдсан төмөрлөг, цемент нь эдийн засгаа өсгөчихсөн байна. Гэтэл дараа нь борлогдоогүй их хэмжээний хөрөнгө үүсчихсэн. Үүнийг борлуулж барихын тулд үл хөдлөх хөрөнгийн компаниуд өөрсдөө санхүүгийн үйл ажиллагаа явуулчихсан. Зээл авч их хэмжээний зээл иргэдэд олгосон. Энэ нь банкны салбарт их хэмжээний дарамт учруулчихсан. Одоо үл хөдлөх хөрөнгийн салбар дампуурахаас хамаарч Хятадын санхүүгийн салбар хүнд байдалд орж эхэлж байна. Үүнээс сэргийлж БНХАУ гуравдугаар сард болсон хоёр том их хурлынхаа дараа Санхүүгийн зохицуулах хороог төрийн зөвлөлийн түвшний том байгууллага болгосон. Хятадын төв банктай зэрэгцээд санхүүгийн төв байгууллага байна гэсэн үг. Энэ байгууллага зөвхөн макро түвшний санхүүгийн бодлогыг эрхэлдэг болж байгаа. Анхан шатны санхүүгийн байгууллагад зөвшөөрөл олгож, хянах ажиллагааг хийхгүй. Энэ нь Засгийн газрын түвшинд үлдэж байгаа. Ингэж өндөр ач холбогдол өгч байна.

Хятад улсад тулгамдаж байгаа хоёрдугаарх асуудал нь хүн амын хөгшрөл. Мөн залуусын ажилгүйдэл. Долдугаар сарын дүнгээр гарсан наймдугаар сарын үзүүлэлтээр БНХАУ-ын залуусын ажилгүйдэл 21 хувьд хүрсэн гэж мэдээлсэн. Маш өндөр хувьтай. Хятадын залуус дунд “Зүгээр хэвтэх” гэсэн түгээмэл хэллэг гарсан байна. Ажил байхгүй учраас тэдгээр залуус нь цахим тоглоомоор орлого олдог байх жишээний. Тэр олон мэргэжилтэй ажиллах хүчин ажлын байргүй болно гэдэг нь Хятадын цаашдын эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлнө. Учир нь ажиллах хүчин гэдэг бол эдийн засгийн чухал хүчин зүйл. Гэтэл тэр нь бүрэн ашиглагдахгүй болчихож байна. Энэ нь эдийн засгийн саарах том хүчин зүйл болж байна.

Мөн жил бүр хуримтлагдаж байгаа асуудал нь өнгөрсөн онд эхэлсэн Укрианы дайны геополитикийн өрсөлдөөн. Үүнтэй холбогдолтой Тайваний хойгийн асуудал. Тайваний хойгийн асуудал улам бүр зөрчилдөөнтэй болж байна. Асуудал яаж шийдэгдэхээс хамаарч өрнөдийн орнууд болон БНХАУ-ын хооронд зөрчил үүсч байна. Хятадын арми хүчтэй болох вий гэсэн болгоомжлолоос үүдэж АНУ, өрнөдийн орны зүгээс Хятадын технологийн салбарт хориг тавьж байна. АНУ-ын конгресс өнгөрсөн онд “Чип акт хууль”-ийг баталсан. Европын холбоо мөн ийм хууль баталсан. Энэ хуулиар нэгдүгээрт, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг Хятад, Тайваниас хамаарахгүйгээр АНУ-ын газар нутагт үйлдвэрлэдэг болж байна. Одоогоор үйлдвэрүүдээ барьж байна.

Хоёрдугаарт, Америкийн хөрөнгө оруулалтын өндөр технологийн компаниудыг БНХАУ-д хөрөнгө оруулахыг хориглосон. Apple болон бусад олон компани. БНСУ мөн адил.

Үүнээс гадна хагас дамжуулагчийг үйлдвэрлэдэг хэвлэлийн том машиныг Нидерланд улсад үйлдвэрлэдэг. Тэр машиныг БНХАУ-д нийлүүлэхийг хориглосон. Тиймээс Хятад улс өмнө нь авсан машинаараа үйлдвэрлэнэ. Тэр нь Америк, Солонгостой харьцуулахад хэтэрхий хоцрогдсон технологи л доо. Ийм байдлаар БНХАУ-ын армийн хүчин чадлыг удаашруулж байна. Эдгээр зөрчлүүдээс үүдэж Америкийн технологийн компаниуд Хятадад хөрөнгө оруулахгүй болохоор Хятадад гар утас үйлдвэрлэхээ болино. Компьютер угсрахаа болино. Энэ нь Хятадын эдийн засаг улам удаашрахад нөлөөлж байна. ОУВС Хятадын эдийн засгийн өсөлтийг энэ жил 5 хувь, ирэх онд 4.2 хувь буюу саарах төсөөлөлтэй байна гэж өнгөрөгч долоо хоногт танилцуулсан.

-Хятад найтаавал Монгол ханиад тусдаг гэдэг. Хятадын эдийн засаг сааралттай байгаа энэ үед Монголын эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрнэ гэсэн Сангийн яамны төсөөлөл хэр бодит бол?

-2022 он хүртэл Монголын нүүрсний экспортын хамгийн өндөр амжилт нь 36.5 сая тонн байсан. 2019 онд 36.5 сая тонныг гаргасан. Үүнээс бусад үед 25-30 орчим сая тонныг гаргаж байсан. Геополитикийн зөрчлөөс хамаарч БНХАУ нүүрсийг эрчимтэй худалдаж авч байна. Мөн өөр ч шалтгаан байгаа байх. Хамгийн гол нь одоо 50 сая тонн хүрчихээд байгааг ирэх оны төсвийн төсөөлөл дээр 60 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Техникийн боломж байгаа гэж тайлбарлаж байсан. Техник, тэр дундаа дэд бүтцийн боломжид би нэг их итгэхгүй байгаа. Учир нь ирэх онд ашиглалтад орох төмөр зам үндсэндээ байхгүй. Ганцхан Нарийнсухайтын 20 километр төмөр зам ашиглалтад орно. Түүгээр жилд 10 сая тонныг экспортолно гэсэн байгаа ч ашиглалтад ороод богинын эргэлт гээд тооцоход жилд 3, 4 сая тонн нүүрс экспортлох боломжтой. БНХАУ энэ жилийнх шиг идэвхтэй хэмжээгээр авах вэ гэдэг нь эргэлзээтэй.

Манай гаргаж байгаа нүүрс зөвхөн Өвөр Монголд очиж байгаа. Тэр дундаа ган төмөрлөгийн үйлдвэр төвлөрч байгаа Бугат, Ордост манайхаас гарч байгаа нүүрсний 80 хувь нь очиж байна. Бугатын төмөрлөгийн үйлдвэрийн коксжих нүүрсний хэрэглээ хэд байх вэ гэдгээс хамаарч байна. Нэгдүгээрт, Бугат дотоодоосоо нүүрс авч байна. Түүний үнээс хамаарч байна. Хоёрдугаарт, ОХУ-аас коксжсон нүүрс авах хэмжээгээ улам бүр нэмэгдүүлж байна. Гуравдугаарт, технологийн дэвшлийн өөрчлөлт гарч байна. Урьд нь коксжсон нүүрсээр ган хайлуулах зуух ашигладаг байсан бол Бугатын төмөрлөгийн үйлдвэрт цахилгаан зуух нэгийг суурилуулсан. коксжсон нүүрс хэрэглэхгүйгээр цахилгаанаар ган хайлуулна гэсэн үг. Ган хайлуулдаг найман зуухных нь нэг нь электрон зуух болчихсон. Ийм байдлаар агаарын бохирдолтой тэмцэх бодлого нь идэвхтэй явбал коксжих нүүрсний эрэлт нь улам буурна гэсэн үг. Ийм олон хүчин зүйлээс хамаарч энэ жил манай экспортолсон 50 сая тонн нүүрс ойрын жилүүдэд эвдэгдээгүй рекорддоо хүрч байна гэж миний хувьд үзэж байгаа. Олон улсын байгууллагуудын гаргаж байгаа тайлан ч тийм зүйлийг хэлж байна. Өчигдөр гарсан ОУВС-гийн тайланд гео эдийн засгийн зөрчлөөс хамаарч улс орнуудын түүхий эдийн зах зээлд олон талын өөрчлөлт хөдөлгөөн гарна гэсэн таамаглаж байна. Түүн дотроо түүхий эдээр нь ангилаад биччихсэн байгаа. Үүн дотор үнэ нь өсч магадгүй түүхий эдээр зэс, хөнгөн цагаан хоёрыг нэрлэсэн байгаа юм. Учир нь цахилгаан автомашин, нарны сэргээгдэх эрчим хүч гээд. Харин эсрэгээрээ нүүрс, газрын тосны хэрэглээ төдийлөн өсөхгүй гэсэн таамаглал байгаа.

-Манайх орлогоо төсөөлөхдөө зэсийг 9000 ам.доллараар зарна гэсэн байгаа. Одоогийн үнэ нь долоон мянга хэдэн зуун ам.долларын ханштай байгаа. Тэгэхээр энэ төсөөлөл биелэх боломжтой юу?

-Global Energy Monitor байгууллагаас Хятадын эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний тухай гаргасан тайланд Хятадын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ эрчимтэй өсч байгаа. Хятадын нарны эрчим хүчний хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нь 228 кВт/цаг гэсэн байна лээ. Энэ бол дэлхийн улс орнуудыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний сэргээгдэх эрчим хүчийг Хятад улс дангаараа хэрэглэж байна гэсэн үг. Тэр дундаа БНХАУ-ын ӨМӨЗО сэргээгдэх эрчим хүч байгуулахад нарны тусгал сайн. Тал нутагтай учраас нөөц ихтэй. Сэргээгдэх эрчим хүчний энэ бодлогоос үүдэн Хятад улсад зэс хөнгөнцагааны хэрэглээ өсч байна гэсэн байна лээ.

Өнгөрсөн онд Хятадын зэсийн хэрэглээ нь 30 хувиар өссөн гэсэн байсан. Энэ бодлого хэвээр үргэлжилбэл зэсийн хэрэглээ өндөр байна. Олон улсын байгууллагуудын судалгаанаас харахад ирэх онд зэсийн үнэ харьцангуй өөдрөг байна.

Ямар нэгэн геополитикийн асуудал үүсчихгүй бол зэс гайгүй байх боломжтой. Гол болгоомжлол нь Тайваний хойгийн асуудал манай гадаад худалдаанд маш таагүй нөлөөлөх эрсдэлтэй. Гэхдээ энэ нь дунд хугацаанд л даа. Магадгүй 2025, 2026 онд ч юм уу. Тиймээс ирэх оны тухайд зэсийн үнэ гайгүй байна.

Бидний нэн болгоомжлох зүйл нь нүүрстэй холбоотой. Манай экспортод нүүрс маш том жинтэй. Савлах өндөр эрсдэлтэй. Хэрвээ савлавал өндрөөр тавьсан төсвийн бодлого бүгд худлаа болно.

-Сангийн яамнаас ирэх онд инфляцийг 8.5 хувьд барина гэж мэдээлсэн. Энэ боломжтой юу?

-Сүүлд Монголбанк үүнд болгоомжилж бодлогын хүүгээ хөдөлгөөгүй. Цаашид өсч магадгүй гэсэн болгоомжлол байгаа. Учир нь ирэх оны төсөв яаж гарах вэ гэдгээс хамаарах байсан. Тэгсэн Монголбанкны болгоомжлолоор боллоо. Хэрвээ Засгийн газар болгоомжтой төсөв оруулсан бол өнгөрсөн оны төсөв дээр цалин тэтгэврийн гурван их наядыг нэмээд нийт 24 их наядын зарлагатай байхад болохоор байсан. Гэтэл 27 гээд хамаагүй өндөр байгаа юм.

27 их наяд дотор цалин тэтгэврийн нэмэгдэл 3.6 их наяд төгрөг, мөн ирэх оны дөрөвдүгээр сард нэмэгдэх 800 тэрбум гэхээр 4.6 их наяд зөвхөн цалинд явж байна. Цалин тэтгэврийн 40 хувь нь хүнсний зарлагад зарцуулагддаг. Тиймээс ирэх онд хүнсний хэрэглээ маш их болно. Тэр хэмжээгээр манай дотоодын үйлдвэрлэл хүнсний хэрэгцээг нь хангах уу. Хоёрдугаарт, импортоос хамаарсан хүнсний хэрэглээ их бий. Жишээлбэл, нарийн ногоо. Үүнийг тасралтгүй тээвэрлэж чадах уу. Гуравдугаарт, иргэдийн гарт очиж байгаа 4.6 их наядаас гадна ирэх онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлаас хамаарч хавар барилгын материалын импорт эрс өсч эхэлдэг.

Энэ үед Замын-Үүдийн тээвэр ложистикийн асуудал сайн байхгүй бол тээвэрлэлтийн үнэ хэд дахин өсч эхэлдэг. Ингэвэл өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Барилгын материалын үнэ өснө. Ингээд дөрөвдүгээр сард цалин нэмсний дараа инфляци хоёр оронтой тоо руу орох магадлал өндөр. Тиймээс Монголбанкны зорилт биелэгдэхгүй, худлаа болж хувирч байна. Төсөв мөнгөний бодлого яавч ийм байж нийцэхгүй.

-Эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй. Гэтэл манайх айлгаад явуулчихдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд ямар бодлого барих хэрэгтэй вэ?

-Хууль эрх зүйн орчин тогтвортой бус байна. Тэр дундаа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй байна. Байнга төслүүдийг нь байнга гацааж, унагаагаад байхаар зөвхөн уул уурхай салбарт л хөрөнгө оруулалт орж ирж байна. Ерөнхийлөгч Франц улсад хийсэн айлчлалаараа Орано майнинг компанитай хөрөнгө оруулалтын суурь зарчмыг тохирлоо.

Гуравдагч орнуудтай хийж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ амжилттай болбол дараа дараагийн төслүүд нааштай болно. Тиймээс амжилттай яваа төслүүдээ унагаахгүй байх ёстой. Тэр дундаа нэгэнт гадаад худалдаандаа хоёр хөрш давамгай болчихсон өнөөгийн нөхцөлд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт манайд зайлшгүй хэрэгтэй. Учир нь улс орны эдийн засгийн аюулгүй байдал гэдэг утгаараа. Тиймээс Оюу толгой чухал. Францын Орано майнинг чухал. Ийм байдлаар манайх гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын тээг саадыг нэлээд хөнгөвчлөх ёстой.

Жишээлбэл, дээр ярьсан АНУ-ын Chip act хууль зөвхөн Америкийн компаниудад зориулсан хууль биш. Тэр хуулиар Солонгосын, Тайваний хагас дамжуулагчийн компани америк руу хөрөнгө оруулалт хийж байгаа. Татварын маш тааламжтай нөхцөл. Ийм байдлаар зорьсон салбартаа хөрөнгө оруулалтын тааламжтай боломж олгох ёстой. Манайд тэр дундаа эрчим хүч амин чухал болчихоод байна. Хоёрдугаарх нь, төмөр зам. Төмөр зам огт урагшлахгүй байна. Алтанбулаг-Замын-Үүд манай хөгжлийн гол гацаа болж хувирч байна. Үүнд шинэчлэл хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ийм хөрөнгө оруулалтад татварын тусгай орчин бүрдүүлэх, магадгүй эхний жилүүдэд газрын төлбөрөөс чөлөөлнө гэдэг ч юм уу ийм байдлаар татахгүй бол уул уурхайгаас бусад салбарт манайд хөрөнгө оруулалт орж ирэх боломж тун бага. Хоёр хөрш орж ирнэ үү гэхээс биш энэ салбарт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт орж ирэхэд маш хэцүү байна.

Хоёр хөршөөс бусад орнууд хөрөнгө оруулалт хийх гэхээр үнэ өртөг өндөр болоод байгаа юм. ТЭЦ-5-ын төсөлд Италийн компанийг үнэ өртөг өндөр гэсэн шалтгаанаар манайхан шалгарсан тендерийг нь цуцалчихсан юм байна лээ. Нэгэнт шалгарсан компанийг сонгоод явуулчих ёстой байсан юм.

-Манайх үр дүнд суурилсан төсөвтэй байхын тулд ямар асуудлыг нэн тэргүүнд засах ёстой вэ?

-Төсвийн тухай хуульд байгаа төсвийн зардлын хяналт гэж бий. Тэрхүү зардлын хяналт нь одоогоор зардлын зүйлээр, төсвийн ерөнхийлөн захирагчаар гэсэн хоёр зүйлээр байдаг. Үүнд хөтөлбөрөөр санхүүжүүлэх гэсэн үг оруулах ёстой. Яг ямар сайдын багцын юуг хөтөлбөр болгох вэ гэдгээ анхаарах ёстой. Жишээлбэл, хууль хүчний байгууллага эхний жилүүдэд хөтөлбөрт шилжихгүй байж магадгүй. Эхний жилүүдэд эрүүл мэнд, боловсрол, нийтийн үйлчилгээ, соёлын үйлчилгээ зэрэг хөтөлбөрт шилжих бүрэн бололцоотой. Үүнд ямар үр дүнд чиглэж байгааг маш оновчтой тодорхойлох ёстой. Зорьсон үр дүнд хүрсэн байвал санхүүжилтийг бүрэн олгоно. Манайд зардлаа төлөвлөхдөө баахан хурал, зөвлөгөөнүүд хийнэ гэчихдэг. Хурал, зөвлөгөөн хийснээр ямар үр дүн гарсан нь тодорхойгүй байдаг. Тиймээс хөтөлбөр үр дүнд чиглэх ёстой. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулна гэсэн бол бууруулах хөтөлбөр байхаас хурал зөвлөгөөн хийснээр буурахгүй. Үр ашиггүй зардлыг төсөвт тусгахгүй байх ёстой.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *