Өнөөдөр МУБИС-ийн 65 жилийн ой болж буйтай холбогдуулан Намбарын Энхбаяр оюутан залууст зориулан утга зохиолын талаар сонирхолтой лекц уншлаа. Хүндэт зочноор Монголын утга зохиолын алдартнууд болох Д.Урианхай, Г.Мэнд-Ооёо, Долгорын Нямаа гуай болон МУИС-ын утга зохиолын тэнхимийн хүндэт багш нар уригдан ирсэн байлаа. Ингээд лекцийг тоймлон хүргэе.
Тэрбээр: Утга зохиол, урлаг талаасаа ямар ямар сонин зүүд байж болдог вэ гэдгийг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодсон юм. Жишээ нь, эртний Грекийн баатар Парис Елена хэмээх гүнжийг хулгайлдаг. Тэгснээр Еленаг авах гэж араас нь ирснээр Трой хот шатсан байдаг. Тэгвэл Парисыг эхийнхээ хэвлийд байхад нь ээж нь асаж байгаа бамбар зүүдэлжээ. Үүнийг зүүд тайлагч эмэгтэй “Наадах чинь Трой хотыг шатаах хүн байна. Ууланд аваачиж хая” гэсэн. Тэгээд түүнийг ууланд аваачиж хаясан боловч том болоод буцаад ирэхэд нь бүгд өнөөх зүүдийг мартаад түүнийг хүлээн авсан байдаг. Тэгээд Парис үзэсгэлэнт Еленаг булааснаар Трой хот шатаж сүйрсэн байдаг.
Өнөөдөр би мөн хоёр төрлийн зүүдний талаар яръя. Хятадын эртний Даогийн сургаал гэж байдаг. Монголчууд бид Даогийн шашин гэж ярьдаг. Лао Зи гэж хүн үндэслэсэн. МЭӨ 6-р зуунд тэрээр амьдарч байсан. Ер нь МЭӨ 6-р зуунд маш олон алдартнууд төрсөн байдаг. Жишээ нь Бурхан багш, Сократ, Макавари, Күнз зэрэг олон суутнууд төрсөн. Зургаадугаар зууныг хүн төрөлхтний оюун санаанд тэсрэлт авчирсан, олон шашин төрсөн зуун гэж үздэг.
Лао Зи-тэй адил алдартай Жуан Зи гэж нэг байсан. Тэр хүн нэг өдөр эрвээхий зүүдэлжээ. Тэгээд тэрээр сэрснийхээ дараа их л бодлогшронгуй сууж байтал шавь нар нь “та юу зүүдлэв” гэж асуужээ.
Би эрвээхэй болж байна гэж зүүдлэв үү, эрвээхий намайг зүүдлэв үү гэдэгт би эргэлзэж байна гэж тэрээр хэлжээ. Үүнээс хойш эрвээхэйн талаар үзэл бий болсон байдаг. Тэгэхээр Дао-н шашны нэг онцлог байдаг. Мөнх наслах тухай сургаал байдаг. Чан чунь ламыг нэг удаа Чингис хаан урьжээ. Тэрээр Бээжингээс гараад одоогийн Афганистанд сууж байсан Чингис хаан дээр ирсэн. Гэтэл Чингис хаан Дао-н шашныхан мөнх насалдаг ус хийдэг гэж сонссон учир “Чи надад мөнх амьдрах ус авчирсан уу” гэсэн. Гэтэл Чан чунь лам, Үгүй ээ, хүн үйл хэргээрээ мөнх амьдардаг юм гэсэн гэдэг.
Дао-н шашинд ч тэр, Христийн шашинд ч гэсэн эрвээхийг мөнх амьдралыг бэлэгддэг. Эрвээхий нь өт болдог, өт нь буцаад эрвээхий болдог.
Та бүхэн бурхан багш зүүдэлж байсан тухай сонсож байсан уу, би бурхан багшийн сургаалийн зах зухаас л судалж яваа хүн. Би сэрж байж гэгээрнэ гэж боддог. Бид одоо бие биенээ харж байгаа боловч унтаж байгаа гэсэн үг юм. Оюун ухааны доод түвшинд байгаа учраас. Тийм учраас бид хэд дахин сэрэх ёстой. Тэгж байж гэгээрнэ. Тэгэхээр бурхан багш сэрчихсэн учир зүүдлэх шаардлагагүй байх гэж бодож байна. Гэхдээ зохиол сонирхдог залуучууд байвал бурхан багшийн зүүд гээд бичиж ч болох юм.
Би одоо өөр зүүдний тухай яръя. Одоо аймшгийн зүүдний тухай ярина. Та бүхэн Кафкагийн “Хувирал” зохиолыг уншсан уу. Энэ бол Григор Замза унтаад хар дарж зүүдэлсэн. Тэгээд өглөө сэрээд өөрийгөө хорхой болсныг мэдсэн. Яагаад гэвэл тэрээр гэр бүлийнхнийхээ төлөө, дүүгийнхээ төлөө маш их санаа зовдог нэгэн байсан. Тийм учраас тэрээр айдсаасаа болоод хорхой болсон гэж тайлбарладаг. Тэгэхээр монголчууд ч гэсэн ярьдаг. “Айгаад чи хорхой боллоо шүү дээ” гэж. “Хүний хамгийн их айж явах зүйл бол айдсаасаа” юм.
Энэ мэтчилэн Намбарын Энхбаярын лекц сонирхолтой өрнөсөн бөгөөд тэрээр өөрийн өвөө болох Ц.Раднаагийн 100 жилийн ойд энэхүү лекцээ зориулж байгаагаа хэллээ. Ц.Раднаа нь 1916 онд төрж МУБИС-д сурган, сэтгэл судлалын багшаар ажиллаж байжээ. Өвөөгөө өөд болоход Н.Энхбаяр гуай 4 настай байсан бөгөөд түүний талаар бүдэг бадаг санадаг тухайгаа дурсан ярилаа. Лекцийн ерөнхий гол санаа нь хүн юунаас ч айх хэрэггүй, хэрвээ айгаад явах юм бол Кафкагийн “Хувирал” тууж дээр гардаг шиг хүн хорхой болох юм шүү гэсэн санаа байлаа.
О.ӨНӨР