УИХ-ын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа.
-Хаврын чуулганаар улс төрийн хүрээнд хүлээгдэж байсан чухал хуулиудыг баталсан. Үүний хоёрыг нь та ахалж батлуулсан. Нэлээд үр дүнтэй чуулган болж өнгөрөв үү?
-Олон жил яригдсан, шийдвэрийг нь хүлээж байсан томоохон зохицуулалтуудыг Үндсэн хуулийн өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулиар шийдвэрлэлээ. Бараг 1992 онд Үндсэн хууль батлагдсанаас хойш сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийн тэдгээр зохицуулалтууд яригдаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд ужгирсан бэрхшээлүүдийг давж туулахад чиглэгдсэн зохицуулалтууд байлаа. Үүнийг түүхэн том өөрчлөлт гэж хэлж болно. Учир нь Үндсэн хуульд албан ёсоор сонгуулийн тогтолцооны заалт оруулсан нь асуудлыг эргэж буцалтгүй шийдсэн, түүхэн том алхам гэж хэлж болно. Өмнө нь бид сонгуулиа холимогоор, мажоритараар явуулж байсан. Үндсэн хуульд тусгагдаагүй байсан учраас Цэцийн зүгээс тухай тухай үед янз бүрийн шийдвэр гаргаж байсан. 2012 оных шиг сонгуулийн тогтолцоог хэрэгжүүлсэн бол өдийд Монголын улс төр, улс төрийн намууд нэлээд төлөвшиж цэгцэрсэн, бодлогын нам болоход хэд хэдэн алхам хийсэн байх байлаа. Харамсалтай нь чадаагүй. Хаврын чуулганаар үүнийг хийлээ. Тиймээс түүхэн том шийдвэр болсон гэж хэлж болно.
-Эдгээр өөрчлөлтийг дагаж өөр ямар хуульд өөрчлөлт орох вэ?
-Мэдээж үүнийг дагаад хэд хэдэн хуульд өөрчлөлт орох ёстой. Намрын чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороогоор 12 хууль хэлэлцэгдэх гэж байна. Үүний ихэнх нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, намуудын тогтолцоотой холбоотой хуулийг дагалдсан, тэр хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хуулиуд байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдсон дараагийн алхам болох асуудлуудыг шийдэх зургаан хууль байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын хяналт шалгалтын хуулийн тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг шинэчилнэ.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль сонирхол татаж байна. Ямар ч Ерөнхийлөгч сонгогдсон бай мөрийн хөтөлбөр амалдаг гэдэг ч юм уу. Ерөнхийлөгчийн эрх, үүрэг нийгэмд ойлгомжгүй байдаг. Нэг болохоор Засгийн газрын хийх ажлыг булаацалдаад байгаа ч юм шиг, УИХ-ын ажил руу орох гээд ч байгаа юм шиг…
-Тухай тухайн үеийн Ерөнхийлөгчдийн хүсэл, УИХ доторх улс төрийн хүчнүүдийн харьцаа, зарим талаар нийгэмд зөнгөөрөө болоод зохиомлоор бий болгосон зарим асуудлуудыг шийдэх гэж Ерөнхийлөгчдөд Үндсэн хуулиас давсан зарим эрх мэдлийг олгосон байсан.
Энэ нь манай улс төрийн тогтолцооны утга агуулгыг алдагдуулж ирсэн. Түүнээс болж буруу зөрүү шийдвэр гарч байсан. Энэ нь эргээд буруу жишиг тогтоож, нийгэмд буруу ойлголт өгсөн хор, уршигтай зүйл болсон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлыг цэгцэлсэн. Ерөнхийлөгч ийм хүрээний асуудлуудыг хариуцаж явна гэсэн заалтуудыг оруулсан. Тиймээс үүнтэй уялдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Ерөнхийлөгч юу хийж, ямар хариуцлага хүлээх вэ гэсэн нэлээд нарийн заалт орох ёстой. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал, үүрэг, хариуцлага анх Үндсэн хуулиар тогтоогдохдоо их онцлогтой тогтоогдсон.
Сүүлийн үед хоёр танхимтай УИХ-тай болох талаар нийгмийн янз бүрийн бүлэглэлүүдийн санаа оноо их гарлаа. Тэр ч байтугай 1992 онд Үндсэн хууль баталсан хүмүүс хүртэл энэ талаар ярьдаг. Хоёр танхимтай болох талаар өмнө нь хэд хэдэн удаа яригдаж байсан. Яагаад ийм асуудал гарав гэдгийг ярья. Монгол Улсын төрийн эрх үндсэн гурван салаа мөчирт хуваагддаг. Тодруулбал, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх. Энэ дундуур Ерөнхийлөгч тодорхой хэмжээгээр гүйцэтгэх засаглалын, шүүх эрх мэдлийн асуудалд оролцох нөхцөл бүрдсэн Үндсэн хуультай байхгүй юу. Гэхдээ энэ нь зөвхөн хуулийн хүрээнд явах ёстой.
Гэтэл Ерөнхийлөгч хуулиар гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдэлд шууд оролцох эрхгүй ч нийт ард түмнээс сонгогдсон, улс төрийн нөлөө нь том байдаг учраас тэрийгээ ашиглаж хууль тогтоох ажлын дундуур оролцох боломжууд байсан. Энэ нь манай улс төрийн төлөвшилтэй ч хамаатай байх. Мөн төрийн байгууламжийн тухай ойлголт, төрийн эрхийн салаа мөчрүүд ямар үүрэгтэй байх ойлголтуудыг иргэдэд зөв ойлгуулж, хэлж байгаагүйтэй ч холбоотой байх. Жишээ нь, Ерөнхийлөгч гэхээр бүхнийг мэддэг, хамгийн мундаг хүн юм шиг ойлголт нийгмийн зарим хэсэгт байдаг. Энэ ойлголт дээр тулгуурлаж бүх ард түмнээс сонгогдсон нөлөөгөө ашиглаж Ерөнхийлөгч нар тэдгээр эрх мэдлийг эдэлж ирсэн.
-Хуулийн шинэчилсэн найруулгаар Ерөнхийлөгчийн эрх, үүргийг яаж зохицуулж байгаа вэ?
-Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл орж ирээгүй байна. Тиймээс дотор нь яг ямар заалт байгаа талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Зарчмын хувьд Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан эрх, хариуцлагынхаа хүрээнд юу хийх вэ гэдгийг илүү нарийн тодорхой, ойлгомжтой болгож зөрчилдөхөөргүй зохицуулна. Гэхдээ Ерөнхийлөгчийн одоо байгаа эрхийг нь хасч, бэлгэ тэмдгийн төдий болгоно гэж буруу ойлгож болохгүй. Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон зарим чиг үүрэг одоо ч хэвээр бий. Би хоёр танхимын тухай яагаад ярив гэхээр УИХ асуудлыг шийдчихээр УИХ-д хяналт тавьдаг, тэнцвэрийг хангадаг тогтолцоо Монголд байхгүй байна. Тиймээс дахиад нэг дээд танхим гаргаж ирээд тэр нь УИХ-ын гаргасан шийдвэрийг цэгнэх тогтолцоо хэрэгтэй байна гэсэн агуулгын үүднээс хоёр танхимын тухай ярьдаг.
Анхны баталсан Үндсэн хуулийн агуулгаар Ерөнхийлөгч хууль тогтоомжид хориг тавих эрхтэй байна гэдэг нь Ерөнхийлөгч хоёр дахь буюу дээд танхимын үүргийг тодорхой хэмжээгээр гүйцэтгэх эрх мэдэл бүхий субъект мөн гэсэн үг. Дахин нэг танхим байгуулалгүйгээр Ерөнхийлөгч хуулийнхаа хүрээнд тэр эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн байгууламжид том үүрэг гүйцэтгэдэг, бүх асуудалд ард түмнийхээ эв нэгдлийн үүднээс ханддаг эрхтэй гэдгийг зөв, ойлгомжтой, хоёрдмол утгагүй тодорхойлоход хуулийн шинэчилсэн найруулга чиглэгдэж байгаа.
Үндсэн хуулийн эх баригч гэж ярьдаг Б.Чимэд гуай “Ерөнхийлөгч бол засгийн эрх мэдлийг хуваарилсан гурван хэсгийн буюу гурван чиглэлийн аль алинд нь холбоотой боловч аль алийг нь шууд хариуцахгүй” гэж хэлж байсан. Үүнээс гадна тэрбээр хуулиа тайлбарлахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд засгийн гурван салаа болж байгаа төрийн байгууллагуудын тэнцвэртэй бөгөөд үр ашигтай харилцан ажиллахад идэвхтэй нөлөөлөх эрх, үүрэг бүхий хүн” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн хүрээнд ийм эрх үүрэгтэй гэсэн агуулга нь заагдсан гэсэн үг. Хуулийн энэ хүрээнд хяналтын үүрэг гүйцэтгэдэг, ард түмний төлөөлөл, эв нэгдлийг хангаж байдаг хүн шүү гэдгийг заасан байдаг. Энэ гол санаанд тулгуурласан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тодруулсан өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн тухай хуульд тусгах ёстой.
-Үндсэн хуулиар УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн. 126 гишүүн бүгд үг хэлэх үү, хэдэн байнгын хороонд харьяалагдах гэхчлэн олон асуудал үүсэх байх. Үүнийг намар хэлэлцэх УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар нарийн зохицуулах уу?
-Тийм. Хэдэн байнгын хороотой байх, нэг гишүүн хэдэн байнгын хороонд харьяалагдах, илүү мэргэшсэн, төлөвшсөн байх чиглэлд ямар зохицуулалт хэрэгтэй вэ гэдгийг энэ хоёр хуулиар зохицуулах ёстой. Хүн бүр үг хэлдэг одоогийн байдлаар явбал төвөгтэй болж эхэлнэ. Үүнийг зохицуулах боломжууд олон байна. Энэ нь бусад орнуудын түүх, уламжлал, практикаар нотлогдсон зүйлүүд юм. Тухайлбал, 400-500 парламентын гишүүнтэй улсуудын хэдэн зуун жилийн түүхээс харахад бүх гишүүнд үг хэлснээр ажил нь явахгүй гэдэг нь практикаар нотлогдсон. Төлөвшсөн парламенттай улс нарийн зохион байгуулалттай байдаг юм билээ. Нэгдүгээрт, гишүүд нь мэргэшсэн байдаг. Гишүүн бүр өөрийн дураар ярьдаггүй. Ерөнхийдөө мэргэжлийн байнгын хорооныхоо гаргасан зүйлүүдийн хүрээнд тодотгож ярих асуудлаа хуваарилж аваад байнгын хорооноос энэ асуудал дээр тэдэн гишүүн үг хэлнэ. Бүлгийг төлөөлж тэдэн гишүүн үг хэлнэ гэхчлэнгээр зохицуулалттай болсон байдаг. Энэ зохицуулалтыг оруулах нь зөв гэж би бодож байгаа. Гэхдээ хэлэлцэх явцад юу болохыг мэдэхгүй байна. Сүүлийн 30 гаруй жилийн түүхээс харахад УИХ асуудлаа хэлэлцэхдээ маш их цаг алддаг. Олон дахин давтаж ярьдаг. Тодорхой асуудлаа ярихаас илүү микрофон камер ашиглаж нийгмийн анхаарлыг татах гэж улс төржсөн зүйл ярьдаг. Энэ нь ч тодорхой хэмжээгээр нийгэмд шүүмжлэгдэж ирсэн. Асуудлын гарцыг ярихаас өмнө эхний ээлжинд сайн муулж аваад араас нь хуулийн зүйл заалтыг хэрхэн шийдэхийг ярих нь бага байгаа юм. Энэ нь ажлын үр дүнд муугаар нөлөөлж байна гэх шүүмжлэл бий. Тиймээс энэ бүх асуудлыг зохицуулсан журмыг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар өөрчилнө. Одоогоор дэд ажлын хэсэг гарч саналуудаа боловсруулж байна.
Ер нь аливаа УИХ шинээр байгуулагдмагцаа дэгээ дахин нэг хараад ямар өөрчлөлт хэрэгтэй байна гэдгээ шийддэг уламжлалтай явж ирсэн. Парламент бүр өөрийн онцлогтой, үзэл бодлын хуваарилалтууд нь янз бүр болдог учраас хурлаа ингэж явуулъя гэсэн дэгээ өөрсдөө тодорхой хэмжээгээр зохиож ирсэн уламжлалтай.
Гэхдээ одоо Үндсэн хуулиар гишүүдийн тоо нэмэгдсэн байдлыг харгалзаж үзээд УИХ-ын ажлыг илүү үр дүнтэй, илүү цаг хэмнэсэн, тодорхой дэгээр зохицуулахгүй бол болохгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой байна. Тиймээс Үндсэн хуультай нийцсэн гол суурь өөрчлөлтүүдийг энэ УИХ-аар хийх хэрэгтэй. Дараагийн УИХ өөрсдийн онцлогт тохирсон өөрчлөлтийг хийх орон зайг мэдээж үлдээнэ.
-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хуульд өөрчлөлт оруулах ямар хэрэгцээ шаардлага байна вэ?
-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, хэрэгжүүлээд нэг чуулганы хугацаа өнгөрч байна. Шүүмжлэлтэй ч зүйлүүд байна. Болж байгаа юм байна. Ер нь аливаа хууль ширмээр цутгасан юм шиг байж болохгүй л дээ. Ширмээр цутгасан зүйлийг засч болдоггүй үйрээд уначихдаг. Төгс төгөлдөр зүйл гэж үгүй. Хуулийг мөрдөөд эхлэхээр ажиглагдсан засч залруулмаар олон зүйл байна. Жишээ нь, Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор хяналт шалгалтын дэд хороо байгуулсан. Тус хороо нь ажлаа хийж дуусаагүй байхад бүрэн эрхийнх нь хугацаа дууссан. Мөн хууль хяналтын байгууллага шалгаж байхад хэргийг нь хэлэлцэж болохгүй гэхчлэн олон шалтгаанаас үүдэж нэг хэсэг тодорхойгүй байлаа. Ингээд сая шинээр ажлын хэсэг байгууллаа. Энэ нь нийгэмд эрх барьж байгаа улс төрийн хүчин нүүрсний сонсголыг хийхгүй байгаа юм шиг хар сэр, маргаан дагуулсан үйл явдал боллоо. Дотор нь байсан хүний хувьд хэлэхэд асуудлыг нууж хаах гээд байгаа юм биш. Ийм тохиолдол үүсвэл яах вэ гэдгээ УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд тусгаж чадаагүйтэй холбоотой. Нэг л жишээ хэлэхэд ийм байна. Үүнийг яаж боловсронгуй болгох вэ гэдгээ энэ хуульд нэмж оруулна.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль яагаад чухлаар тавигдаж байна гэхээр УИХ хэдийгээр хууль тогтоох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй ч яаж хяналт тавих вэ гэдэг нь хуульд төдийлөн тодорхой байгаагүй. Үүнээс болж Засгийн газарт хяналт тавих ажил нь харьцангуй сул байсан. Тиймээс энэ хуулийг баталсан. Одоо үүнийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй байгаа юм. Хуулиа боловсруулдаг. Түүндээ хяналт тавих ажилдаа гол анхаарлаа хандуулъя. Үүнийгээ боловсронгуй болгочихвол дараа дараагийн УИХ, Монголын төрийн тогтолцоог зөв болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Тэгэхгүй болохоор нийгмийн тодорхой хэсэг УИХ-ын гишүүдийг том дарга нар гээд бодчихдог. Засгийн газар шиг асуудлыг шийддэг гэж ойлгодог. Асуудал гарвал энэ УИХ-ын гишүүн л хийхгүй байгаа учраас манай нутагт ийм асуудал үүсчихлээ гэж бодоод байдаг. Гэтэл УИХ бодлого гаргачихаад түүнийгээ хянадаг байгууллага шүү дээ. Хууль тогтоох, хяналт тавих нь УИХ-ын гол ажил гэдгийг УИХ-ын хяналт шалгалтын хуулиар тодорхой зохицуулчихвал иргэд гишүүдэд гүйцэтгэх засаглалын шаардлагыг тавихаа болино. Гишүүд тойргийн сонгогчдод амлалт өгдөг, тэрнийхээ хойноос гүйхээ ч болино. Тиймээс УИХ-ын хяналт шалгалтын хууль чухал юм.