Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Дашзэвэг: Хадгаламжийн хүүг бууруулсан атал зээлийн хүүг сүүлийн 10 жил бараг буулгасангүй

Банкууд хадгаламжийн хүүгээ бууруулсан хэдий ч өнөөг хүртэл зээлийн хүүгээ дорвитой бууруулахгүй байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн бухимдлыг төрүүлж байгаа билээ. Уг сэдвээр Бизнесийн дунд сургуулийн захирал, доктор Н.Дашзэвэгтэй ярилцлаа.


-Банкууд хадгаламжийн хүүгээ бууруулсан хэдий ч зээлийн хүүгээ өнөөг хүртэл буулгахгүй байгаа шалтгааныг та гэж харж байна вэ?

-Монголбанкны статистикийн мэдээгээр энэ оны наймдугаар сард бодитоор төлөгдсөн хүү 15.8 хувь байна. 2010-2020 оны үед хүү 17 хувь байсантай харьцуулбал ялигүй буурч. Гэхдээ 11 жилийн дотор ингэж буурч байна гэдэг бол маш хангалтгүй. Юу гэхээр 11 жилийн хөрөнгө оруулалт, хөгжлөө боомилжээ л гэсэн үг. 2013 оны эхний хагаст 14 хувьтай байсантай харьцуулбал хүү өссөн байна.

-Тэгэхээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд үндсэндээ зээлийн хүү буураагүй шалтгаан нь юу байв?

-Монголбанк 30 жилийн турш буруу бодлого явуулж ирсэн учраас зээлийн хүү буурахгүй байна. Би 1990-ээд оны эхнээс Монголбанкны чөлөөт зах зээлийн бодлогыг шүүмжилж байгаа. Монголбанкны анхны ерөнхийлөгч Д.Моломжамц гуай намайг дуудаж мөнгөний бодлогын асуудлаар санал сонсож, асууж байсан. Хатуу бодлого гэж туйлшрахгүй, уян хатан байгаарай гэж би зөвлөж байсан санагдана. Монголбанк инфляциа удирдаж чадахгүй байна. Нөхцөл нь бүрдээгүй байхад 2007 оноос онилох бодлогоор инфляцийг бууруулах гээд үр дүн алга. Бодлогын хүүгээр зээлийн хүүг бууруулах боломжгүй гэдгээ 13 жил харлаа. 2020 оны гуравдугаар сараас бодлогын хүүг 10 хувиас 6 хувь болгож буурууллаа. Зээлийн хүү нэг л хувь буурсан. 30 жил болоход инфляцийнхаа зүй тогтлыг бүрэн ойлгоогүй хэвээр байна. Инфляци өссөний дараа тайлбарлаж байна. Инфляцийг урьдчилж хараад урьдчилж хөдлөх ёстой л доо. Ханшаа удирдаж чадахгүй байна. Зах зээл зохицуулна гээд хаячихаад байна.

-Монголбанкнаас энэ тал дээр анхнаасаа зөв бодлого барьсангүй юу?

-Арван хэдэн банкны хооронд чөлөөт өрсөлдөөн явагдана, явагдаж байна гэж эндүүрээд байна. Тэд хадгаламжийн хүүг өсгөж өрсөлдөж ирсэн. Уг нь зээлийн хүүг бууруулах өрсөлдөөн явах ёстой байсан. Үүнийг чөлөөт өрсөлдөөн гэж үздэг. Хадгаламжаар амьдардаг, түүний төлөө “алалцдаг” банкуудын хувьд зээлийн хүүг бууруулах өрсөлдөөн гарахгүй, хүү буурах нөхцөлгүй. Бодлогын хүү нөлөөлж чадахгүй байна. Зээлийн нийлүүлэлт ч хүүд нөлөөгүй байна. Жишээ нь, 2011 онд зээлийн нийлүүлэлт 5.6 их наяд төгрөг байхад зээлийн хүү 15.5 хувьтай байв. 2021 онд нийлүүүлэлт 19.8 их наяд төгрөг болоход хүү 15.8 хувьтай байна. Үүнээс нөлөөгүй гэж харагдаж байна. Нийлүүлэлт 14.2 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд хүү нэг хувийн ч бууралт үзүүлэхгүй байна. Энэ бол зээлийн хүүг эрэлт, нийлүүлэлтээр зохицуулна гэсэн Монголбанкны бодлого алдаатай байгааг харуулж байна. Ер нь бол хадгаламжийн хүүг байнга буулгаж ирсэн атлааэ зээлийн хүүг сүүлийн 10 гаруй жилд бараг буулгасангүй. Урт хугацаагаар харвал ш дээ.

-Таныхаар өнгөрсөн 30 жилд инфляци, хүү ямар хэмжээнд хүрч буурах боломжтой байсан бэ?

-3-4 хувийн инфляцитай, зээлийн хүү 6-7 хувьтай байх боломж байсан. 10-15 хувийн ашиг олохыг хэвийн гэж үздэг тул хүү 6-7 хувьтай байхад хэвийн юм.

-Тэгвэл зээлийн хүүг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?

-Мөнгөний бодлогыг УИХ баталж, Монголбанк хэрэгжүүлдэг. 30 жил эндүүрлээ. УИХ-ын Эдийн засгийн бодлогын байнгын хороо мөнгөний бодлогоор шүүмжлэл хэлж чадах судлаач, эрдэмтдээ сонсмоор байна. Олон мэргэжлийн хүн байгаа. Тэднийг Монголбанкны эдийн засагчидтай мэтгэлцүүлмээр байна.

Бензиний үнийг төр зохицуулаад болж байна. Арваад компани юм хэлэхгүй байна. Хадгаламжийн хүү, зээлийн хүүг төрөөс зохицуулах, зээлийн хүүд дээд хязгаар тогтоох гэх мэт хуулиуд батлах ёстой. Монголбанк, Засгийн газартай хамтарч инфляциа жолоодмоор байна. Худалдааны хуулиа гаргаж үнээ зохицуулмаар байна шүү дээ. Уг нь зээлийн хүүд дээд хязгаар тогтоох хуулийг санаачилсан хүн нь С.Эрдэнэ. УИХ-д сонгогдоогүй учраас хаягдаж байх шиг байна. Тухайн үед ажлын дэд хэсгийг би удирдаж байсан юм. Дэлхийн 76 оронд үйлчилж буй хуулийг Монголд хуулаад хэрэглэхэд болохгүй юм үгүй. Уг нь АН-ын гишүүд тэр хуулийг үргэлжлүүлээд аваад явмаар байгаа юм. МАН-ын зарим гишүүд ч энэ хуулийг дахиад өргөн бариад явж болно. Монголбанк, Банкны холбоо эсэргүүцэж буй тул УИХ-ын гишүүд, мэдлэг, мэдээлэл дутсанаас хуулийг сонирхохгүй байна гэж би бодсон.

-Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох нь үр дүнгүй гэж Монголбанк үзэж байгаа юм болов уу?

-Үр дүнгүй хуулийг олон арав, 100 жилээр баримтлаад байгаа 76 орны туршлагыг ингэж үгүйсгэж, мушгиж болохгүй. Монголбанк, банкуудын холбоо УИХ-д 76 “мал” сууж байна гэж үзэж, худал зүйл ярьж байна. Европын холбооны судлаачид зээлийн хүүний дээд хязгаарыг захиргаадан тогтоосноор ямар үр дүнд хүрснийг таван баллын системээр үнэлснийг сонирхуулъя. Франц, Бельги, Португали улс 4.5 балл буюу өндөр үр ашигт, Кипр, Дани, Герман, Итали, Нидердланд улс 4 балл буюу үр ашигтай гэж дүгнэсэн. Мөн Польш, Австри, Болгар, Чех, Эстони, Латви, Литва, Словак, Словен, Швед, Румын зэрэг орнууд 3 балл буюу хэвийн гэсэн бол Испани, Герман, Грек, Унгар, Люксембург, Мальта улс 2.1 балл буюу бага үр ашигт, Ирланд улс 1 балл буюу үр ашиггүй гэсэн дүгнэлт хийжээ. Тэгэхээр боломжгүй зүйл биш гэдэг нь харагдаж байгаа биз. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, төгрөгийн хадгаламжийн хүү 9.4 хувь, ам.долларынх 2.8 хувь байна. Инфляци энэ оны гуравдугаар сараас хойш 2.5 хувиас 8.9 хувь өслөө. Хадгаламжийн хүүг инфляцитай уях, илүү байлгах гэсннй хэрэггүй болов уу. Бодит эдийн засгаа бодсон нь дээр, хэдхэн тооны хадгаламж эзэмшигчдэд 30 жил мөлжүүллээ шүү дээ, одоо болно. Европт банк нь биш, иргэд хүү төлж мөнгөө хадгалуулж байна. Оросын банкууд ам.долларын хадгаламжид 0.2-0.7 хувь төлж байна. Манай улсад ч адилхан байж болно.

-Эсвэл банкуудын дунд өрсөлдөөн өрнүүлэхийн тулд гадны банкуудыг оруулах хэрэгтэй гэх хүмүүс ч бий. Гэхдээ оновчтой шийдэл байж чадах уу?

-“Банк оф Чайна”, Хятадын Аж үйлдвэр, худалдааны банк буюу ICBC хоёр хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүлээж байгаа гэсэн. Мөнгө дутагдалтай Монголд гадны банк орж ирвэл өрсөлдөөн үүснэ, тэд хямд хүү санал болгоно. Өөрийн орныхоосоо арай илүү хүү санал болгож илүү ашиг олох гэж орж ирнэ байх. Юанаар зээл өгөх байх. Тэдэн рүү манай том компаниуд шилжих байх. Манай банкууд дунд, жижиг бизнесийнхний төлөө өрсөлдөж хүүгээ буулгана, хадгаламжийн хүүг ч зэрэг буулгана. Тэд хэрэглээний зээлээсээ ашиг олсон хэвээр үлдэнэ. Гадаадын банкуудаас олгох зээлийн хэмжээ, хүүг Монголбанк хянах, зөвшилцөх хэрэгтэй. Эхний удаа нийт зээлийн 30 хувиар буюу 6 их наяд төгрөгийн зээл олгохыг зөвшөөрч болно. Хүүг хэт өндөр тогтоохыг зөвшөөрөхгүй гэж үзье. Тэгээд харъя. Туршилтын хугацаа байх ёстой. Хугацаатай байгаад сунгаж болно. Шууд бүх насаараа амьдар гэх нь эрсдэлтэй. Үүнийг маш сайн бодолцох л хэрэгтэй дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *