“Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв” УТҮГ-ын Дэд бүт цийн хөгжлийн бодлогын газрын дарга Н.Батдоржтой ярилцлаа. Тэрбээр цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөр, өртөгтэй холбоотой суурь судалгаа хийсэн судлаачдын нэг юм.
-Эрчим хүчний зохицуулах хороо өнөөдөр эрчим хүчний шинэчилсэн тарифаа танилцуулна. Төлбөр нэмсний дараа ямар үр дагавар гарах талаар бодит жишээн дээр тайлбарлаж өгөхгүй юү?
-Хэрэглэгчийн тарифыг аж ахуйн нэгж, өрхөөр нь ангилах хэрэгтэй. Нөгөө талдаа бид хэрэглээгээ хянах ёстой. Сар болгон цахилгааны тоолуурын заалт бичдэг. Миний амьдардаг хотхон тэгдэггүй, бид өөрсдийн хөгжүүлсэн аппликэйшнээ ашигладаг. Өдөр, шөнийнхөө заалтаа явуулж, дунджаа хардаг. Жишээ нь, сар бүрийн 10-ны дотор дараа сарын нэхэмжлэл ирэхэд бэлдэнэ гэсэн үг. Манайх цахилгаан машин цэнэглэдэг учраас дундаж нь 269 кВт гарсан байна. 150-300 кВт бол сарын дундаж хэрэглээ. Төлбөр нь 55000 төгрөг гарсан байна. Энэ сараас төлбөр нэмэгдлээ гэхэд ойролцоогоор 10000-15000 төгрөг нэмэгдэж, нийт 70000 төгрөг гарна гэсэн үг. 300 кВт-аас дээш хэрэглэдэг бол тарифын өсөлт өндөр мэдрэгдэнэ. Эндээс хэрэглээгээр чинь хэмнүүлэх гээд байна шүү дээ. Тэгэхгүй бол цахилгаан эрчим хүчний салбарын нийлүүлэлт дутаж, эрэлт нь даваад байдаг. Цахилгаан эрчим хүчний станцуудын насжилт өндөр, бүх хүчин чадлаараа ажилладаг учраас ийм маневр хийх нь техникийн хувьд маш том эрсдэл дагуулна.
Манайх шиг эрс тэс уур амьсгалтай, цахилгаан дулаан үйлдвэрлэдэг нөхцөлд ажиллах эмзэг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
-Нөгөө талдаа дулааны эрчим хүчний асуудал хөндөгдөх байх?
-Тийм ээ. Дулаан яагаад асуудал вэ гэхээр бидэнд дулааны тоолуур байхгүй. Байгаагүй шалтгаан нь дулааныг хуучны арга барилаар тооцож гаргадаг. Тооцох нэгж нь метр квадрат. Эргүүлээд хянах ямар ч нөхцөл үүсэхгүй болж байгаа юм. Иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. Хамгийн энгийнээр жишээ татвал, та миний найз байлаа гэж бодъё. Ямар нэг зүйл хийгээд, түүнийгээ надад дандаа хөнгөлөлттэй үнээр өгөөд байвал та зарахаа ч болино, ашиггүй ч болно. Үүнийгээ дагаад та дампуурах эрсдэлтэй нүүр тулна. Яг үүн шиг улс төрийн нөлөөнд автаж, засаг төрийн хамааралтай байснаас шалтгаалаад үнийг яг үндсэн өртөгтөө хүрэх хэмжээнд баталж өгдөггүй байснаас болоод гажуудалд хүрсэн.
-Шийдэл нь юу вэ?
-Манайх үйлдвэрлэгч биш худалдан авагч орон. Гэтэл наймаачид, үйлчилгээ эрхлэгчид тариф нэмэх сургаар барааны үнээ шууд нэмдэг буруу хандлагатай. Өнөөдөр гаргасан тариф нэмэх тушаал шийдвэр эхлээд ХЗДХЯ руу явна. Яам баталгаажуулсны дараа арванхоёрдугаар сарын 1-нээс ч юм уу, таны дараа сарын төлбөр дээр нэмэгдэж орж ирнэ. Өөрөөр хэлбэл, шийдвэр баталгаажих хүртэл хугацаа орно. Дараа нь албан ёсны баримт бичиг дээр хуулийн дагуу эцэслэгдэнэ. Энэ хүртэл бараа, үйлчилгээний үнэ, инфляцид ямар ч нөлөө үзүүлэхгүй гэсэн үг. Бид хэрэглээгүй үедээ цахилгаанаа залгаж орхидгоо болимоор байна. Крантаар хэрэггүй ус урсаад байвал та очоод хаадаг шиг залгуураа ашиглаагүй бол таны төлбөрт нөлөөлөх учир салгаж байх хэрэгтэй.
-Их хэрэглэвэл их төлнө гэсэн зарчим хэрэгжих юм байна, тийм үү?
-Яг тийм. Логикийн хувьд харвал гадаадад, ялангуяа барууны орнууд яг ийм процессоор явдаг. Та их орлого олж байвал өндөр татвар төлнө. Яагаад гэхээр та илүү олж буй учраас илүү төлж байгаа биш, нийгмийн хариуцлагын хүрээнд бусдадаа бусад эрхийг нь олгох үүднээс татварын буцаалтаараа нийгмийн бусад үйлчилгээг хангахад дэмжлэг болж байгаа гэсэн үг. Үнэ нэмлээ гэхэд хэрэглэгчид найдвартай, тасалдаггүй, чанартай цахилгаан авахыг хүснэ. Үнээ нэмсэн ч орой цахилгаанаа таслуулмааргүй байна шүү дээ. Ялангуяа хүйтний улиралд. Эрчим хүчний тарифын шинэчлэлээр нэн тэргүүний шийдэх ёстой асуудлуудаа шийдэхгүй, салбарын ажилчдын цалинг нэмэхээр болчихвол маш буруу шийдэлд хүрч байна гэсэн үг. Бидний харж байгаа өнцөг бол үнэ нэмж болно. Нөгөө талдаа аж ахуйн нэгжүүд хэрэггүй зардлуудаа танах ёстой. Мөн нэн тэргүүний шаардлагатай гэсэн техник технологиудыг яаралтай худалдан авч, эвдэрч шатах гээд байгаа зүйлсээ шинэчлэх хэрэгтэй.
-Цахилгааны үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өснө. Энэ нь иргэдийг улам бухимдуулж байна. Үүнд таа юу хэлэх вэ?
-Бидний судалгаагаар 10-15 хувь нэмлээ гэхэд инфляцийн түвшин 0.9 орчим өснө гэсэн тооцоо гарсан. Хэрэглээний ихэнхийг нь урд хөршөөс авдаг. Монголчууд үйлдвэрлэгч бус хэрэглэгч улс. Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд юу вэ гэдгээ харах ёстой. Хүнсний бараа болох талх, гурил гэх мэтийг бид үйлдвэрлэж байна.
-Үнэ тарифыг алдагдалгүй байх түвшинд аваа чаад инфляци, валютын ханш импор тын цахилгааны үнээс хамааруулан индексжүүлж байх шаардлагатай гэж салбарынхан үзэж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Яам бодлогын ажил руу орж чадахгүй, аж ахуйн ажлаасаа илүү гарахгүй байна. Мэдээж бодлого боловсруулах хэрэгтэй. Гэвч өвгөн станцуудын тоноглол, засвар, ажилчдын цалин хөлс гэх мэт аж ахуйн шинжтэй ажилд цаг алдаж байна. Одоо Эрчим хүчний зохицуулах хороон дээр бүх дата судалгааг хийж байна. Манай улсын хувьд 2002 оноос цахилгаан, эрчим хүчний зах зээлийн нэг худалдан авагчтай загварт шилжсэн. Сүүлийн 20 гаруй жил энэ загварыг ашиглаж байна. Барууны ихэнх орнуудад нэг худалдан авагчтай загвараас шилжилт хийх замаар эрчим хүчний салбарт реформ хийж чадсан туршлага бий. Үнэ нэмэх шийдвэртэй зэрэгцээд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, эх үүсвэрүүд шинээр бий болох нөхцөл бүрдэнэ. Нэг ёсны үйлдвэрлэгчид нэмэгдэнэ гэсэн үг. Одоо бидэнд нүүрснээс өөр бусад эх үүсвэр мөн шаардлагатай байна. Гадаад болон дотоодын өөр эх үүсвэрүүдийг ашиглах хэрэгтэй. Тэгвэл зах зээлийн жамаараа нийлүүлэлт өсөж, түүнийг дагаж үнэ буух суурь бий болно. Үнэ өсч байгаа юм чинь бууж бас болно.
-Эрчим хүчний салбарт нүүрлээд буй энэ гажуудал яг хэдийнээс эхлэлтэй вэ. Түүнээс ангижрах гарц байна уу?
-Ойролцоогоор сүүлийн 10 жил ингээд явчихжээ. Энэ хугацаанд дулааны цахилгаан станцууд барих ёстой байсан. Дулаан бидэнд маш чухал зүйл. Цахилгааныг зөөвөрлөж болж байна. Олон төсөл орж ирж байна. Дулааныг цахилгаанаар шийдье гэвэл өндөр өртөгтэй. Барууны орнууд Орос, Украины нөхцөлөөс болоод ялангуяа Финланд хэрэглээнийхээ байгалийн хийн 60 хувийг Оросоос авдаг хамааралтай байсан.
Шинэ технологийн хурдтай шийдэл хийгээд, элсээр хадгалах хураагуур бэлдээд, түүгээрээ дулаан гаргаж, тосгонуудад ч тараах боломжтой болсон. Бид шинэ эх үүсвэр гэдэг зүйлийг маш сайн дэмжих хэрэгтэй. Хэрэв бид нүүрснээс өөр төсөл эхлүүлж байгаа бол том зургаар нь харах ёстой. Монголчууд 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчээ 30 хувьд хүргэнэ гэж дэлхий нийтийн өмнө амалсан. Одоо 20 хувь орчим байна. Үлдсэн 10 хувийг бүрдүүлэхэд тийм ч хүндрэлтэй биш. Яагаад гэхээр манайх маш бага хэрэглээтэй, жижигхэн үйлдвэрлэлтэй улс. Хятад, эсвэл барууны орнуудаас ч юм уу зах зээлийн зарчмаар сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт оруулж ирэх боломжтой. Жишээ нь, нарны эрчим хүч баривал хязгаарлаад байгаа эрчим хүчний асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэх боломжтой.
-Цахилгаан болон дулааны эрчим хүчний хэрэглээг ухаалаг тоолуур тавьж шийдэхийг зорьж байгаа талаар Засгийн газрын төлөөлөл ярьсан. Энэ боломжтой юу?
-Харин тийм ээ, хамгийн гол анхаарах асуудал бол ухаалаг тоолуур. Эхлээд бид ухаалаг тоолуурын асуудлыг ярих ёстой. Ухаалаг тоолуур гэдэг нь цахилгаан тоолуурыг автоматжуулна гэсэн үг. Яриа эхлэхэд хэлсэн, манайд тоолуур хэмжигч хэрэглэхээ больсон шиг аппликэйшнээр орлуулж шийдэж болно. Нэг илүү ажлыг нь багасгана. Систем өөрөө автоматаар татаад аваад байна гэсэн үг. Энэ бол маш ухаалаг шийдэл. Үүнийг Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хэрэглээнд бүрэн нэвтрүүлчихсэн. Одоо Улаанбаатарын төвийн бүсэд түлхүү нэвтрүүлэхээр болж, төсөл хөтөлбөртэй холбоотой зардал мөнгө нь хүртэл суучихсан байна лээ. Сүүлийн үеийн орон сууцнуудын хувьд хааж, нээдэг паартай болсон байна лээ. Гэвч дулааны хэрэглээгээ хэрэглэгч өөрөө хянаж, хэмжих боломжгүй байна. Учир нь дулааныг бид хэмжихдээ тоолуургүй учраас м2-ын хэмжээгээр тооцож байна. Дулааны тоолуурын системийг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтын зардал өндөр. Одоо барьж байгаа, цаашид баригдах орон сууцнуудад үүнийг заавал стандартчлаад оруулах ёстой. Ингэж барьж авахгүй бол өнгөрсөн алдаагаа давтаад, дулаан гэдэг зүйл маш үнэ цэнэгүй болоод байна. Хэрэв та нэг их даарахгүй байгаа бол дулаанаа унтрааж яваад, гэртээ ирэхийн өмнө утаснаасаа ч юм уу удирдаад нэмчихдэг байх хэрэгтэй. Хэрэглэгч дулааны төлбөрөө энэ мэт өөрөө удирдаж, зохицуулдаг байх боломжийг нээж өгөх шаардлагатай. Яг өнөөдрийн нөхцөлд дулааныг хэмнэх сонирхол боломж байхгүй байна. Өрөө нь хэт халаад ирвэл цонхоо онгойлгох гэх мэт буруу дадал бидэнд байна. Нөгөө талд дулааны шугамын насжилтын асуудал мөн хөндөгдөнө.
-Дулаан айл өрхүүдэд тэгш бус хуваарилагддаг. Зарим айлын халаалт муу, хүйтэн байхад зарим нь хэт халуун байдаг нь юутай холбоотой вэ?
-Манай станцуудад дулаан дайвар бүтээгдэхүүнээр явсаар ирсэн. Дулаан бол нийслэлийн иргэд, өмчлөлийн, хөрөнгө оруулалтын асуудал юм. Нийслэл хамгийн зөв, оновчтой шийдвэр гаргаж байх ёстой. Дулааны шугамын асуудал хүртээмжгүй гэвэл ойлгомжтой шүү дээ. Шинээр барьж байгаа айлуудын дор насос байхгүй бол хангалттай дулаан очихгүй, тэр айлууд хүйтний улиралд бээрээд сууна. Бид тав тухтай амьдармаар байна. Дулааны шугамуудын насжилт явчихсан, ерөөсөө л хүртээмжийн асуудал энд хөндөгдөж ирсэн. Үүнийг хэн, ямар мөнгөөр шийдэх вэ гэхээр мэдээж хувийн хэвшил орохгүй учир хөрөнгө оруулалтаа авч чадахгүй, улсын төсөв дээр ач холбогдлыг нь ойлгохгүй, сүүлд хаягдчихдаг гээд асуудал маш их. Энэ урсгал засваруудыг цаг тухай бүрт нь хийгээгүйгээс болоод таны ярьсан асуудал үүсдэг. Тиймээс хөнгөлөлттэй зээл, эсвэл тусламжаар шийдэж ирсэн юм. Төсөв хэлэлцэж байгаа яг энэ цаг үед дулааны шинэчлэл, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэж, ач холбогдлыг ойлгох хэрэгтэйг онцгойлон хэлэх байна.
-Өргөн хэрэглээний сагсанд хүчтэй нөлөө үзүүлдэг суурь бүтээгдэхүүний үнийг нэмэх тухай асуудал яригдаж байна. Анхаарахгүй байх ч аргагүй юм л даа?
-Зах зээл угаасаа эрэлт нийлүүлэлтийн хуулиар зохицуулагддаг. Хэрвээ үнэхээр хэрэглэгч худалдаж авах сонирхолтой бол худалдаж авна, авахгүй бол өөр хямдхан бараа сонгоод явах тэр орон зай нь байна. Би бас түлшин дээр татаас олгодгоо болиосой гэж боддог. Тэгэхгүй бол түлшний литр тутмын үнэ зах зээлийн үнэдээ хүрэхгүй байна. Энд бас нэг төрлийн хөнгөлөлт яваад байна шүү дээ. Та мэднэ, өмнөх Засгийн газар маш их татаас олгодог байсан. Ялангуяа түүхий эд импортлогч орон компаниудыг дандаа ийм нөхцөл рүү оруулдаг. Үнэ нэмбэл бүгдээрээ хүчтэй шок мэдэрч, бөөн дараалал үүсдэг. Манайхыг эдийн засагчид чөлөөт эдийн засагтай гэж үздэггүй. Харин холимог буюу хагас удирдлагатай чөлөөт бус эдийн засагтай гэдэг. Иймд чөлөөт эдийн засаг руу тэмүүлэх зүйл хийхгүй бол иргэд тийм л байх ёстой гэдэг зүйлийг далд ухамсартаа суулгаад байна.
-Та бүхний хийсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөр, өртөгтэй холбоотой суурь судалгааны үр дүнгээс сонирхъё?
-Судлах болсон шалтгаан гэвэл өнгөрсөн жил “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эрчим хүчний төслүүд дээр орж ажилласан. Цаашдаа үнэ тариф гэдгээ ойлгохгүй бол болохгүй юм байна, дээрх төслүүдийг явуулахад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид юу сонирхдог вэ гэхээр мэдээж ашиг. Ашиг харахын тулд үнэ, тариф харна, үнэ харахгүйгээр асуу дал шийдэгдэхгүй байна гэдгийг анзаараад, асуудлаа томьёолж авсан. Эрчим хүчний зохицуулах хорооны бодлогын үнэ тарифтай ажилладаг залуустай хамтарч, өргөн хүрээнд асуудлын гүн рүү судалгааг чиглүүлсэн. Эцсийн дүгнэлтээ гаргахад 4-5 сар зарцуулсан байна. Энэ асуудлыг 2023 оны яг өдийд танилцуулаад хаасан байдаг юм.
-Хаасан гэдгийг ойлгосонгүй?
-Судлаач бидэнд улс төрийн дэмжлэг хэрэгтэй байсан. Сонгуулийн жил ойртсон болохоор үнэ тариф яривал “Уучлаарай, одоо сонгууль ойртсон, ийм зүйл ярихгүй шүү, бидний хувьд хасах оноо болно” гээд ажилд дэмжлэг дутсан асуудал бий. Бидний судалгаа хэрэгтэй гэдэг нь бараг жилийн дараа орж ирж байна. Судлаач бидний өнцгөөс харахад, улс болгон амжилттай явсан түүх байхгүй. Зарим улсууд энэ шилжилтийг маш хурдан хийчихсэн, зарим нь шилжээд явж байна. Тэд өөр өөрийн улсын онцлогт тулгуурласан шилжилт хийж байна. Энэ шинэчлэл хэрэгжихэд ядаж 10-15 жилийн хугацаа шаардагдаж байж сая нэг жигдэрч, голдиролдоо орно гэдгийг маш сайн ухамсарлах хэрэгтэй байна. Яагаад гэвэл өнгөрсөн 30 жил буюу 2002 оноос нэг худалдан авагчийн загвар хэрэгжээд, энэ асуудлыг шийдээгүй явж ирсэн. Үр дүнгийн тухай ярихад, Гүржид огцом хувьчилснаас болоод үнэ хөөрөгдөөд, үнийн тогтворгүй байдал үүсч, буцаж төр нь худалдаж авсан. Эндээс харахад, үр нөлөө нь шууд харагдаж байна. Иймд бид алдагдал багатай, маш зөв системтэй явах хэрэгтэй.
Д.Эрдэнэтуяа