Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын байгуулсан АН, МАХН хоёр урт хугацааны түншлэлийн гэрээ ойрын үед АН дотор томоохон зөрчил үүсгэсэн гэж хэлж болно. Энэ тухай Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийж, дээрх гэрээг байгуулсан хүмүүстэй хатуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн юм. Мөн тэрбээр өчигдөр “2-р суваг” телевизид өгсөн ярилцлагадаа “Н.Алтанхуягийг огцруулах нь АН-ын гишүүдийн хувьд нэр төрийн хэрэг боллоо” хэмээн зарлан тунхаглав.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнхөө албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулж “МАН-ынхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Э.Бат-Үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юун, Бид 2 улсын хөгжил, Улаанбаатарын утааг арилгах тухай ярих цаг биш үү?” хэмээх гомдлын үгийг хотын дарга руу эргүүлж чулууджээ.
–