Categories
мэдээ нийгэм

МЗХ-ны дэргэд орос хэл, соёлыг сонирхогч залууст зориулсан “Фиордализа” клуб байгуулагдлаа

Монгол, орос ард түмэн уламжлалт олон жилийн найрамдалт харьцаатай бөгөөд 1990-ээд оноос хойш энэ харьцаа тасарсан ч сүүлийн жилүүдэд эргэн сэргэж байна. ОХУ-д тэтгэлэгтэйгээр сурах боломж ихтэй /жилдээ 380 гаруй квот/, 2014 оны 11-р сарын 14-ээс Монгол Улс, ОХУ-ын иргэд 30 хоногийн дотор харилцан визгүй зорчих болсноор худалдаа бизнес, аялал жуулчлал болон бусад салбарын хувьд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сайхан боломж нээгдэж байна. Тийм учраас залуучуудын хувьд орос хэл сурах хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна: Тэгвэл залуусынхаа энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан МЗХ-ны дэргэд орос хэл, соёл түгээх “Фиордализа” клуб байгуулагдаж нээлтээ хийлээ. Клубын нээлтэнд “Русский мир” сангийн захирал О.П.Максимова болон Плехановын нэрэмжит сургуулийн багш нар хүрэлцэн ирсэн юм.

Уг клуб нь цаашдаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн 100 гаруй улсад өөрийн төлөөлөгчийн газартай “Русский мир” сантай хамтран ажиллаж, “Фиордализа” клубт мэргэжлийн багш, боловсон хүчний хувьд дэмжлэг үзүүлэхээс гадна өөрийн төвийн номын сан болон оросын соёлыг түгээх бусад арга хэмжээ, өдөрлөгүүдэд клубын гишүүдийг хамруулах аж. “Русский мир” сан нь анх 2007 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар байгуулагдсан юм. Энэхүү “Русский мир”сан нь Улаанбаатар хотын Плехановын нэрэмжит Эдийн засгийн Их Сургууль дээр орос хэлний төвтэй бөгөөд Дархан-Уул аймаг, Орхон аймгуудад тус бүр орос хэлний танхимуудтай юм. “Фиордализа” клубын үйл ажиллагаа нь бусад орос хэлний клубүүдээс агуулга, арга хэмжээнүүдийн хувьд ихээхэн онцлогтой бөгөөд орос хэлний хичээлүүдийг онлайн хэлбэрээр явуулж, клубын цугларалтын үеэр орос багш нартайгаа бүтээлч хөдөлмөр, дуу бүжгийн, сонирхолтой газарзүй, оросын үндэсний хоолны чиглэлээр амьд харьцаатай байж орос хэлнийхээ мэдлэгийг бататгах юм. Түүнчлэн идэвхтэй гишүүдээ ОХУ-д зохиогдох төрөл бүрийн арга хэмжээ, наадам, зусланд хамруулж, Монголд орос соёл түгээх төрөл бүрийн арга хэмжээнүүдийг тодорхой төлөвлөгөөний дагуу зохион байгуулах гэнэ. Манай орос хэл, соёл түгээх “Фиордализа” клуб нь “Богино хугацаанд орос хэлийг сонирхолтойгоор сурцгаая” гэсэн уриатайгаар орос хэл, соёлыг сонирхож байгаа бүх залуучуудыг клубтээ урьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *