Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Музейн үзмэрүүд “амь орох” боломжтой

“Музейд өнгөрүүлсэн шөнө” хэмээх барууны кинон дээр гардаг шиг үзмэрүүд “амь орох” боломжийг AR технологи олгож байна. Өөрөөр хэлбэл, ухаалаг утсаараа дамжуулж үзвэрт хөдөлгөөн, дуу оруулж бичлэг болгон амьд мэтээр харах боломжтой болжээ.

Энэ технологийг өчигдөр Америкийн Алф Палеонтологийн музейн мэргэжилтэн Габриэл Сантос Улаанбаатар хотод байрладаг музейн мэргэжилтнүүдэд хийсэн “21 дүгээр зууны музей” сургалтынхаа үеэртанилцуулсан юм. AR буюу Augmented Reality технологийг нь цоо шинэ технологи биш аж. Харин ухаалаг утасны тусламжтайгаар шинэ түвшинд гарчээ. Уг технологийг улам боловсронгуй болгохоор судалгаа хийж байгаагаа Габриэл Сантос өөрийн лекцийнхээ төгсөлд хэлсэн юм.

Түүний танилцуулсан технологийг энэ зун “Динозаврын нүүдлийн музей”-д нэвтрүүлэхээр болсон байна. Энэ талаар “Монголын динозавр судлалын хүрээлэн”-г үүсгэн байгуулагч М.Болорцэцэг “AR буюу Augmented Reality технологийг Динозаврын нүүдлийн музейгээс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Маргааш /өнөөдөр/ бид Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэхүү төслийг эхлүүлэхээр явах гэж байна. Энэ технологийг цааш нь үргэлжлүүлж Монголын Үндэсний музей юм уу, бусад музей хэрэгжүүлэх боломжийг энэ сургалтаар нээлээ гэж үзэж байна.

Монголын Динозавр судлалын хүрээлэн маань ашгийн бус байгууллага юм. Бид 2009 оноос Монголын динозаврыг танин мэдүүлэх сургалт хийж байна. Эхний шатанд “Хайрцаг дахь динозавр” төслийг хэрэгжүүлж байсан. Одоо “Динозаврын нүүдлийн музей”-ээр 21 аймагт хүрч ажиллахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар зургаан аймагт очоод байна. Сүүлийн үед технологийн дэвшлийг музейд их ашиглах болсон. Энэ зун бид барууны музейд нэвтэрсэн шинэ технологиудыг Монголд нэвтрүүлэхийг зорьж байна. Үүний тулд Америкийн Байгалийн түүхийн музей, Калифорниа мужийн Клармонт хотын АлфийнПалеонтологийн музейтэй хамтран ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд эдгээр хоёр музейгээс төлөөлж хоёр ажилтан ирсэн. Үүнийг ашиглан Монголын үндэсний музейтэй хамтран бусад музейн ажилтнууддаа зориулж технологийг хэрхэн бага зардлаар музейд ашиглах талаар, музейд сайн дурын хүмүүсийг хэрхэн ажиллуулах, тэдгээрийн менежментийг яаж хийх талаар сургалт хийлээ” гэв.

XXI зууны музей ямар байх вэ?

Алф Палеонтологийн музейн сан хариуцсан мэргэжилтэн Габриэл Сантосын манай орны музейн ажилтнуудад танилцуулсан технологийн дэвшлийн талаарх лекцийг тоймлон хүргэе.

Тус музей нь дунд сургуулийн сурагч болон дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх зочдодоо зориулж орчин үеийн сургалтын орчинг бүрдүүлэхийг хичээн ажилладаг. Ингэхдээ шинэ технологиудыг музейдээ хэрэгжүүлж олон улсын зочид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй мэдээлэл өгөх болжээ.

Габриэл Сантос гурван шинэ технологийг танилцуулсан юм.

  • Google cardboard
  • iBooks
  • AR /Augmented Reality/

Эдгээр технологи нь үнэгүй ашиглаж болох бөгөөд хэрэглэхэд энгийн ойлгомжтой, өргөн хүрээнд хүртээмжтэй байдаг давуу талтай юм.

Google cardboard: Ухаалаг утсандаа суулгаснаар гурван хэмжээст байдлаар тухайн үзвэрийг үзэх боломжтой. Дэлхийн хаанаас ч музейд зочилох боломжийг бий болгох юм. Мөн 360 градусаар музейн танхимыг харж болно. Үүний тулд жижиг дуран шаардлагатай. Дуранг гарын доорх материалаар бүтээх боломжтой. Музейгээс бэлтгэсэн 360 бичлэгийг гар утсандаа тоглуулахдаа дуранг ашиглаж өөрөө тухайн орчинд байгаа мэтээр эргэн тойрноо харах юм.

Ibooks: Зөвхөн Apple-ийн гар утсанд ашигладаг энэхүү аппликэйшнаар онлайн музейн үзвэрийг бүтээж болно. Гурван хэмжээст зураг оруулах, тайлбар текстийг ямар ч хэл рүү орчуулах боломжтой. Үүгээр үзвэрийг бүх талаас харуулахаас гадна дуу авиа оруулж болно.

AR /Augmented Reality/ нь бодит байдалд дижитал элементийн тэмдэгтээр илэрхийлэх технологи юм. Дуу авиа, бичлэг, текстээр үзвэрийг танилцуулах боломжтой. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй болон гадны жуулчдад илүү хялбар ойлгогдох юм. Энэ технологи нь хөдөлгөөнгүй үзвэрийг бичлэгээр амилуулж харуулах, гурван хэмжээст хэлбэрээр үзүүлэх, шинжлэх ухааны дэлгэрэнгүй мэдээллийг олгох бүрэн боломжтой аж. АНУ-ын нийт музейн ердөө нэг хувь нь энэ технологийг нэвтрүүлсэн бөгөөд эдгээр музейг зорих зочдын 69 хувь нь бүрэн ашиглаж чаддаг гэсэн судалгаа гарчээ. Тус технологийн давуу тал нь:

  • Орчуулгатай
  • Аутизмтэй хүүхдэд үзвэрийг ойлгуулах
  • Харааны бэрхшээлтэй хүмүүст хялбар ойлгуулах юм.

Үзвэрийн тайлбар нь зөвхөн англи хэл дээр байдаг учир гадныханд ойлгогдохгүй байдаг. Харин Augmented Reality технологийг нэвтрүүлснээр тайлбарыг дурын хэл рүүгээ орчуулах боломж бүрдсэн байна. Үүний тулд тухайн хүн ухаалаг утсандаа зориулалтын аппликэйшнийг татахад хангалттай. Харин орчуулгын өгөгдлийг урьдаас бэлтгэн боловсруулж, хадгалсан байх юм.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *