Categories
мэдээ нийгэм

​МҮОНРТ-ийн шинэ бүтээл “ГЭРГИЙ” уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болно

МҮОНРТ-ийн шинэ бүтээл “ГЭРГИЙ” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт зургаадугаар сарын 20-ны 18:30 цагаас MNB сувгаар цацагдаж, киног 21 цагаас үзэгчдийн хүртээл болгохнээ. “Гэргий” уран сайхны киноны зохиолыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, МҮОНРТ-ийн сэтгүүлч Магваны Эрдэнэбат бичсэн бөгөөд бодит түүхээс сэдэвлэсэн ажээ. Гол дүрд, Галтын дүрийг УДЭТ-ын жүжигчин, МУСТА Ц.Цэрэнболд, Гэрэлийн дүрийг УДЭТ-ын жүжигчин, МУСТА Н. Баярмаа нар бүтээжээ.

“Гэргий” уран сайхны киноны үйл явдлаас товч өгүүлбэл, Галт бол ажил нь амжилттай яваа бизнесмен эр. Харин түүний гэргий болох Гэрэл дүрслэх урлагийн сургуулийн багш. Тэд Тэлмүүн хэмээх есөн настай хүүтэйгээ аз жаргалтай амьдарна. Гэтэл нэг л өдөр ходоодны хорт хавдар хэмээх өвчинтэй нүүр тулснаар амьдрал нь орвонгоороо эргэнэ. Ингэснээр киноны үйл явдал өрнөх аж. Кино эмгэнэлт драм жанрынх.

“Гэргий” уран сайхны киноны зөвлөх эмч, Хавдар судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх “Хавдрын салбарт нэлээд түлхэц өгсөн, урьдчилан сэргийлэхэд зориулагдсан кино болж чадсан. Хувь хүн болон албан байгууллага, бүхий л улсууд энэ киног үзсэнээр хавдрыг яаж эрт илрүүлэх вэ, яаж хавдраас урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар зохих хэмжээний ойлголтыг үзэгчдэд өгсөн кино болсон. Хүмүүс энэ дээр санаа тавьдаг болох байх гэж найдаж байна” гэжээ.

Сонирхуулахад, 2018 оны статистик үзүүлэлтээр Монгол Улсад 6000 гаруй хорт хавдар шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс 4000 гаруй нь нас барсан гэх тоон үзүүлэлт гаржээ. Хорт хавдрын нас баралт нь бүх өвчлөлийн хоёрдугаар байрт бичигддэг аж.

Б. МӨНХДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *