Categories
мэдээ цаг-үе

“Мөнхийн аялгуу”-гаас “Говь хангай”-г бүрдүүлсэн ангийнхан

1973 он. Хоёрдугаар ангид орлоо

Нийслэлийн 23 дугаар сургуулийг 1982 онд төгссөн 10в ангийнхныг “Нэг ангийнхан” буландаа урилаа. Тухайн үед тусгай дунд сургууль хэмээн нэрлэгдэж байсан тус сургууль нь орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гэдгээрээ онцлогтой билээ.  

Энэ ангиас төр нийгэм, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, боловсрол, хөдөө аж ахуй, физик электроник, барилга, уул уурхайн гээд бүхий л салбарын нэр хүнд бүхий хүмүүс төрөн гарсан аж. 43-уулаа төгсөж байсан тэдний 42 нь дээд сургуульд шууд элсэн суралцаж байсан түүхтэй. 

Энэ ангиас УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, Эрүүл мэндийн дэд сайд асан, “Хатагтай” эмнэлгийн захирал А.Отгонболд, Нийс­лэлийн шүүхийн дарга, Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан С.Батдэлгэр, ИНЕГ-ын дэд дарга асан М.Мэндбаяр, Бат­лан хамгаалах яамны орон сууцны албаны дарга, хошууч Ж.Оюунгэрэл, цахим иргэний үнэмлэхийн мэдээлэл уншигч программыг зохиогч, “Инженер софт” компанийн захирал Ж.Батболд, “Оюутолгой” ком­­па­нийн монгол талын тэргүүлэх механик инженер Б.Алтантуяа, Европын сэр­гээн босголт, хөгжлийн банк­ны захиргааны ажилтан Ариунтунгалаг, Япон улсын “Шуняда” компанийн монгол дахь захирал Б.Сарангуа, “Орчлон” сургуулийн захирал Ц.Жаргалмаа, Хэвлэлийн хү­рээлэнгийн дарга асан н.Галсандорж зэрэг тухайн ажиллаж буй салбарынхаа нэр хүнд бүхий тэргүүлэх мэргэжилтнүүд төрөн гарсан юм. Тэднээс гадна гадаадын олон улс оронд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллан эх орныхоо нэрийг гаргаж яваа олон хүмүүс бий.

10в анги таван доктортой болжээ. Тэднээс Ё.Байгалмаа ОХУ-ын Ленинград хотноо докторын зэрэг хамгаалан одоо АНУ-ын Вашингтон хотын хавдар судлалын хүрээлэнд ажиллаж байгаа бол С.Отгонбаяр тухайн үеийн АУИС төгсч, сургуулийнхаа дэд захирал хийж байв. Харин П.Саруул биологийн чиглэлээр Болгарт докторын зэрэг хамгаалан Шанхайд ажиллаж, амьдарч байгаа юм.  

10в ангийн анги даасан багшийг Т.С.Коломиец гэдэг. Тэр үед 23 дугаар сургуулийн ихэнх багш нар нь Зөвлөлт холбоот улсын иргэд байлаа. Эдний ангид л гэхэд монгол хэл, биеийн тамирын хичээлээс бусад хичээлийг орос багш нар заадаг байсан гэдэг. 

Нэг ангийнхан өнөөдөр ч гэсэн фэйсбүүк болон цахим шуудангаар үргэлж холбоотой байдаг бөгөөд ирэх жилийн есдүгээр сард багшийгаа Монголд ирэхийг урьжээ. Хэдийгээр төгсөөд 30 гаруй жил болж байгаа ч ангийн багш Т.С.Коломиец нь яг л мөнгөн хонхны баяр хийгээд ангийн сурагчдаа үдэж байсан үе шигээ залуугаараа байгаа тухай ангийн нөхөд хуучлан ярьж, гэрэл зургийг нь үзүүлж байсан юм. 

10в-д монгол хэлний хичээлийг гавьяат багш Д.Хишигсүрэн, биеийн тамирыг Монгол Улсын шилдэг дасгалжуулагч С.Базарсад, эрхзүйн хичээлийг н.Мижиддорж нар тус тус заадаг байсан бол Ж.Дагвасүрэн багш хичээлийн эрхлэгч хийж байжээ.

Аравдугаар ангиа төгсөх үед ангийн дарга хэмээх бас ч үгүй томоохон “албан тушаал”-ыг Х.Ариунтуяа хашиж байв. Бүх хичээлдээ онц, сайн гэсэн үнэлгээг авдаг тэрээр спорт, урлагтаа сайн байж. Тиймээс ч хожим өөрийн сонирхлоо дагаж волейболын спорттой амьдралаа холбосон юм гэнэ. Үүнээс гадна Оросын томоохон компанийн төлөөлөгчийн ажлыг давхар хийж байна. 

1973 он. Хоёрдугаар ангид орлоо

Харин энэ ангийн эвлэлийн үүрийн даргыг Д.Оюунцэцэг хийдэг байжээ. Зарчимч, ажилд шаргуу байдлаараа үлгэр дуурайлал болсон тэрээр өдгөө ШУТИС-ийн геологи, уул уурхайн сургуулийн Геодези зурагзүйн сургуулийн захирал хийж байна. Түүнийг ангийнхан нь “Манай ангийн алдарт уяач” хэмээн тодотгосон. Морь уядаг нөхөртөө туслах нэгнийгээ ийн нэрлэсэн хэрэг л дээ.

Тус ангид олны танил хүмүүсийн хүүхдүүд нэлээд олон байжээ. Тухайлбал, ардын жүжигчин Л.Цогзолмаагийн бага охин Н.Энхтүвшин энэ ангийн сурагч. Орос ардын дууг маш сайхан дуулахын зэрэгцээ онигоо ярьж ангийнхныгаа инээлгэдэг байсан тэрээр хожим Орос улсад урлаг судлаач мэргэжил эзэмшсэн юм. Түүнийг Монголын анхны реалити шоу болох 25 дугаар суваг телевизийн “Миний гэр”-ийн продюссерээр ажилласан гэхээр хүмүүс андахгүй танина.

Түүнээс гадна алдарт “Хүрэн морь” найраглалын эзэн Ч.Лхамсүрэнгийн хүү Б.Отгончулуун мөн энэ ангийн хүүхэд. Тэрээр өдгөө Герман улсад Хүүхдийн согог судлаач мэргэжлээр ажиллаж байгаа гэнэ. 

“Мөнхийн аялгуу” ба урлаг, спортод манлайлсан нь    

Нэг ангийн найзууд уулзах бүртээ “Мөнхийн аялгуу” хамтлагийнхаа талаар ярина. “Улс төрийн дууны” гэх тодотголтой тус хамтлаг нь ангийн охидоос бүрдэнэ. Бас ч болоогүй тэд нөгөө ангийн мөн улс төрийн дууны “Улаан сарнай” хамтлагтай өрсөлддөг байсан гэж байгаа. Сонирхуулахад, “Улаан сарнай” хамтлагт хожим “MCS” группийн ерөнхийлөгч болсон Ж.Од гишүүн нь байсан бөгөөд чамгүй сайн дуучин, хөгжимчин байсан гэнэ.

“Мөнхийн аялгуу” хамтлагийн онцлог нь орос дуу ихэвчлэн дуулна. Тиймдээ ч тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлаас үүдэн оролцсон тэмцээн уралдаандаа үргэлж тэргүүн байр эзэлнэ. Бүр дүүрэг, хотын тэмцээнд түрүүлээд Герман улс руу явах эрх авч байсан удаатай. Ийнхүү хол газар явж, олон сайхан зүйл үзэх сайхан боломж олдсон ч ангийн охин, хамтлагийн гишүүн С.Бадамхандаас болж явж чадаагүй гэдэг. Учир нь тэрээр “Аравдугаар ангиа төгсөх чухал үе ирчихээд байхад юун дуу хөгжим болж гадагшаа явах. Хичээлдээ анхаарлаа хандуулж, шамдацгаая” хэмээсээр больж байсан гэдэг. Гэхдээ тэрээр үүнийг өөрөө ч хэлсэн юм биш л дээ. Ангийн найз Ё.Байгальмаагийн ээжийг ийн ярьж утсаар загнахаар нь ангийнхандаа дамжуулж, хамтлагийн нөхөд нь ч түүний үгээр болжээ. Ингэж “шавар хаагч” хэмээх нэр авсан С.Бадамханд өдгөө мэргэжлийн гэрэл зурагчин болсон. Тэрээр “Моннип” компанийн захирлаар ажиллаж, өөрийн авсан хүмүүний амьдралын нэг агшин, байгалийн үзэсгэлэнг буулгасан гэрэл зургуудаараа хэд хэдэн удаагийн үзэсгэлэн гаргаад амжжээ. Тухайлбал, эмэгтэй гэрэл зурагчидтай хамтран гурван ч үзэсгэлэнгээ дэлгэсэн бол Япон улсад хоёр удаа олон нийтэд бүтээлээ үзүүлсэн юм. 

Урлаг, уран сайхны үйл ажиллагааг ийнхүү “Мөнхийн аялгуу”-гийнхан “авч гардаг” байсан бол ангийн спортын арга хэмжээг А.Отгонболд, Х.Ариунтуяа, С.Лувсанжамц, Б.Түмэннаст нар хариуцна. Ангийн өмнөө барьдаг сагсчин, волейболчин Б.Түмэннаст, Х.Ариунтуяа нар өдгөө ч ахмадын аварга шалгаруулах спортын тэм­цээн, уралдаануудад үргэлж оролцдог юм билээ. Б.Түмэннастын хувьд барил­гын зөвлөх инженер болж, “Buildings technology” компанийн менежерээр ажиллаж байна. Тэрээр Монголын анхны ногоон бай­шин барих хүнд бөгөөд нэр хүндтэй ажлыг эхлүүлээд байгаа. Газрын гүний дулаа­наар халж, хөрөх тус барилгын зураг төслийг Швейцарийн архитекторчидтой хамтарч хийгээд, ирэх жилээс барилга барих ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм билээ.  

   

“Один за всех и все за одного” гэв үү…

Эдний ангиас таван эмч төрсний нэг нь А.Отгонболд. “Хатагтай”-н гэхээр хүмүүс андахгүй. Тэрээр ангийнхаа хүүхдүүдийн гурван үеийг эх барьж авч буй эмч. Ангийн охин эсвэл ангийн хөвгүүний гэргий, тэдний хүүхдүүдийн хүүхэд гээд л үргэлжилсээр байгаа. А.Отгонболдод үзүүлэхээсээ ичдэг байсан тухайгаа ангийн охид нь хөгжилтэйгээр хуучилна. Тиймээс ч А.Отгонболд сувилагч бүсгүйчүүдээрээ камертай үзлэг хийлгээд өөрөө хажуу өрөөнөөс нь харж, зөвлөгөө өгдөг болсон гэсэн. А.Отгонболдын хувьд 57 улсын эмэгтэйчүүдийг эх барьж авсан гэдгээрээ бахархдаг гэсэн. Түүгээр ч зогсохгүй өөрийн дөрвөн хүүхдээс гадна энд тэнд эхдээ гологдон хаягдсан 12 хүүхдийг өөр дээрээ авч өсгөн өдгөө 16 хүүхдийн аав болжээ. Ангийн хүүгийн энэхүү энэрэнгүй үйлсээр нөхөд нь ч тун бахархаж явдаг тухайгаа ярьж байлаа.

Арван жил тохой нийлүүлэн суу­сан нэг ангийнханд тохиолд­сон хөгжилтэй, хөгжөөнтэй явдлууд тун олон. Бие биедээ нэр хоч өгч байсан нь өдгөө өөрийнх нь нэр шиг болжээ. Тухайлбал, ангийн хөвгүүн Ц.Мөнх-Оргилыг ангийнхан нь Жак гэдэг байжээ. Ц.Мөнх-Оргил багадаа тун ч томоотой, дуу цөөнтэй нэгэн байв. Бүр нэгдүгээр ангидаа өөр анги андуурч орсноосоо болоод уйлж орж ирсэн удаа бий. Тэрээр үсээ дандаа хусуулдаг жаал хүү байж. Тийм болохоор ангийнхан нь “Жа лам” гэнэ. Энэ нэр явсаар Жак болж дээ. Жак ангийнхаа уулзалт бүрт ирэхдээ энэ нэрээрээ дуудуулах тун дуртай байдаг гэсэн. 

А.Отгонболдыг харин Орилоо гэх. Тэрээр сагс, волейбол тоглохдоо үргэлж хашгирч, орилж байдаг тул ийн нэр авсан байх юм. Одоо ч гэсэн ангийнхан нь “Хүүе, Орилоо” гэж ирээд л ярих ажээ. Тэднээс гадна Яблоки Оюунтунгалаг, Местны Баяраа, Сок Баяраа, хулгана Батчулуун гээд л явж өгнө дөө. 

Тус ангийнхан багаасаа л орос хэлээр дагнан суралцаж, А.С.Пушкин, М.Ю.Лермонтов зэрэг Оросын сор болсон зохиолчдын бүтээлүүдийг уншиж өссөн болоод  тэр үү ихэвчлэн оросоор ярина. Монголоор ярьж байгаа үедээ ч орос үг хавчуулан ярих ажээ. Ямартаа л ангийнхаа уриаг “Один за всех и все за одного” гэжээ. Энэ нь “Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” гэсэн үг билээ. 

Үүнээс гадна дээр хэлсэнчлэн нэгэндээ өгсөн нэр хочуудад орос үгс олонтаа сонсогдоно. Түүнчлэн өдгөө анги хамт олноороо караокед орвол монгол дуу гэхээсээ илүүтэйгээр орос дууны цомог булаацалддаг гэж байгаа. Бүр “Оросын төлөө” гэсэн нам байгуулна хэмээн улстөржин хөгжилдөцгөөх ажээ.

Ангийн хөвгүүд өглөө бүрийн 7.30-д тусгай уулзалт хийдэг нь сайхан дурсамжуудын нэг. Энэхүү уулзалтаар өмнөх орой нийслэл хот болоод дэлхий дахинд болсон үйл явдал, хөлбөмбөг гэх мэт тэмцээн уралдааны талаарх сонин содон мэдээллүүдээ хуваалцана даа. Тун чиг хөгжилтэй шүү. Тухайн үедээ л тоймчид байжээ хэмээн хожим өөрсдийгөө тодорхойлон ярилцаж, инээлдэцгээнэ.

Ангийн хөвгүүдийн өөр нэг хөгжилтэй дурсамж нь “түгшүүр” хэмээн хашгирчихаад уралдан гарч одох явдал. Ингэж гарахад хамгийн удаан нэг хөвгүүн нь охидуудтай үлдэнэ. Түүнийг гаргахгүйн тулд ангийнхаа хаалгыг бүгдээрээ дарж, охид нь ч хажуунаас нь “Шараа, шараа” хэмээн гоочлох нь бага насны томоогүй явдал байж.

Тухайн үеийн ч юм уу эсвэл зөвхөн энэ 10в-гийнхний ч юм уу нэг сонин гэмээр зан бий. Тэр нь өөрийнхөө “дурласан” охиноо шоглодог зуршил. Тэр үед “Хөдөлмөр амралтын зуслан” гэж байв. Аравдугаар ангийн охид, хөвгүүдийг ажил амьдралын уртаас урт аялалд бэлтгэх дамжаа энд явагддаг байсан гэхэд болно. Энд хүүхдүүд зөвхөн ажил хийгээд зогсохгүй, бусадтай харилцах харьцаа, зан байдлын төлөвшил басхүү хүүхэд насны гэнэн томоогүй үерхлийн харилцаа бий болдог байжээ. Тиймээс ч дээрх “зуршил” энэ үед маш тод харагдах бөгөөд ангийн хамгийн хөөрхөн охин С.Бадамханд зусланд байхдаа хамгийн их шоглуулдаг байсан гэдэг. 

2012 он. Нэг ангийнхан 30 жилийн дараа

Хөвгүүдэд шоглуулдаг байсан өөр нэг охин бол ангийн дарга Х.Ариунтуяа. Ангийн багш Б.Түмэннастыг Х.Ариунтуяатай нэг ширээнд суулгахад Б.Түмэннаст ихэд дургүйцэж байсан удаа бий. Тэгснээ хэдхэн хоногийн дараа “Үерхье” гэсэн захидал өгсөн нь тун хөгжилтэй. Гэхдээ өдгөө тэд гэр бүлийн сайхан найзууд болжээ.

Эвлэлийн үүрийн дарга Д.Оюунцэцэг Ц.Мөнх-Оргилтой нэг ширээнд сууна. Онц сурлагатай Д.Оюунцэцэг харин шалгалт болоход Ц.Мөнх-Оргилоос хичээлээ нууна гэж жигтэйхэн. Гараараа хав дараад суучихдаг байсан гэж байгаа. Үүнийг нь хожим Ц.Мөнх-Оргил “Д.Оюунцэцэг ээ, чи яагаад тэгж нуудаг байсан юм” хэмээн ихэд ичээж байсан удаатай гэнэ лээ.

Ангийн охид ерөөс их зарчимч байжээ. Ямартаа л сургууль төгсөх хонхны баяраараа архи уухгүй хэмээж, нэг ч архигүй өнгөрөөж байхав дээ. Тухайн үед бар, караоке энэ тэр байгаагүй тул хонхны баяр болсон өдрийн оройжин хотын төвөөр ангиараа алхацгаасан гэдэг. Анх удаа өндөр өсгийтэй ботинк өмссөн охид хөвгүүдээрээ үүрүүлэн байж баяраа тэмдэглэсэн нь энэ билээ.

Эрүүл мэнддээ анхаарсан анги болжээ

Нэг ангийнхан маань өдгөө  болж өгвөл ойр ойрхон уулзалдахыг хичээх болжээ. Тэмдэглэлт баяр ёслол, найр хурим, төгсөлтийн тэгш ойн уулзалт гээд олон уулзалтаас гадна нэгнийхээ амьдралд тохиолдох гунигт үед нь ч хамт байж чаддаг нь энэ ангийнхны нийтэч занг илтгэнэ.

1982 онд 23 дугаар сургуулийг гурван анги төгсөж байжээ. Төгссөнөөс хойшхи хэдэн жил ангийн уулзалтууд тус тусдаа болдог байсан ч өдгөө бүгдээр бараг нэг анги болчихжээ. Энэ нь шинэ жилийн баярыг анги бүр ээлжлэн зохион байгуулдаг болсноос харагдана. Өнгөр­сөн жил гэхэд булангийн маань зочин 10в анги зохион байгуулсан бөгөөд “Мөнхийн аялгуу” хамтлагийнхан нэг сар орчим хугацаанд тусгайлан бэлдсэн ая дуугаа өргөж, төгсөлтийнхнийгөө доргиож чадсан гэсэн. 

10в ангийнхны уламжлал болсон өөр нэг зүйл бол явган аялал. Ангийн хөвгүүн Ж.Батболд буюу Очкигийн санаачилсан уг арга хэмжээ өдгөө долоо хоног бүрийн ням гаригт болдог. Үүнээс үүдэн нэг ангийнхан маань бүр “Говь хангай” хэмээх клуб хүртэл байгуулаад амжсан гэж байгаа. Ингэж аялалд явахдаа “Өвчин, улс төр, ажил гурвыг ярихгүй байх” гэсэн маш хатуу зарчим баримталдаг гэнэ лээ. 

Т.ГЭРЭЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *