Categories
мэдээ нийгэм

Мөнгөн усаар эмчилгээ хийсэн гэх иргэнийг шалгаж эхэллээ

Баян-Өлгий аймгийн Бугат суманд мөнгөн усны улмаас хордсон иргэдийг Улаанбаатар хотын Хордлогын төвд эмчлүүлэх шийдвэр гарч, хүргэж ирээд буй. Энэ сарын 17-ны өдрөөс тус сумын иргэн, 25 настай, эрэгтэй Е толгой нь эргэн халуурч, нүднийх нь угаар хүчтэй өвдөж, биеэр нь улаан тууралт гарсны улмаас сумынхаа эмнэлэгт ханджээ.

Өвчтөн өнгөрсөн оны 10 дугаар сард мал нядалж байхдаа баруун гарын дунд хурууг гэмтээж эмнэлэгт 10 хоног эмчлүүлж байгаад гарсан аж. Эмчлүүлсэн хуруундаа дахин гэмтэл учруулсан тул эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн ч өөрийн хүсэлтээр оточ гэгдэх Х.Аблайханд хандан гэрээр өдөрт хоёр удаа гурав хоног мөнгөн усны эмчилгээ хийлгэжээ. Гэвч биеийн байдал нь улам дордон сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна.

Мөн 13 настай, эрэгтэй Н нь ахынхаа эмчилгээ хийлгэж байсан өрөөнд орж гарсан өдрөөс хойш бөөлжиж халууран, толгой нь өвдөж, бүх биеэр нь улаан тууралт гаран, хоолонд дургүй болж аюулхай, гэдсээр нь хүчтэй өвдсөнөөс сэхээний тасагт хэвтжээ. Эмчийн үзлэгээр дээрх хоёр хүн мөнгөн усны хордлого авсан нь тогтоогдсон байна.

Энэ сарын 21-ний өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд оточ гэгдэх Х.Аблайханы гэрт очиж төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийжээ. Х.Аблайхан нь 1985 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн. Сувилах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, 1992 онд нөхөн сэргээх эмчилгээний сувилагч мэргэжил эзэмшсэн үнэмлэхтэй аж.

Тэрээр мөнгөн усны эмчилгээ хийх аргыг удмаасаа өвлөн авч 10 орчим жил эмчилгээ хийж буй юм байна. Нэг сард дунджаар таван хүнд ясны идээт үрэвслийн эсрэг эмчилгээг мөнгөн ус ашиглан хийдэг гэж эх сурвалж мэдээлэв. Иргэдийн хүсэлтээр эмчилгээ хийдэг гэх боловч эмчлүүлсэн хүмүүсийн бүртгэл, тэмдэглэл байхгүй байжээ.

Сувилагч мэргэжилтэй хэрнээ зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийж хүний эрүүл мэндийг хохироосон, тодорхой хаяг, шошгогүй, гарал үүсэл, зориулалт нь тодорхой бус, хувь хүнээс авсан гэх мөнгөн ус, химийн бодис, тосоор эмчилгээ хийсэн үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *