Олон улс судлалын сургууль баригдаж буй барилга хоорондын зай ийм байна
Манай сонины “Цонхоо нээцгээе” төрийн бус байгууллагын “Цонхоо нээе” булангийн энэ удаагийн онцлох сурвалжлагаар Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр буюу Олон улс судлалын дээд сургууль болон “Бага тойруу”-гийн 47 дугаар байрны орон сууцны айл өрхүүд цонхоо таглуулан, нар харах эрх чөлөөгөө хязгаарлуулаад байгаа тухай сурвалжиллаа.
Эдгээр хоёр барилгын цонхыг таглан барилга барьсан компани бол “Гацуурт” компани юм.
Л.ЧИНБАТ МӨНГӨ ӨГЧ ГАЗРЫНХАА ХЭМЖЭЭГ ТОМСГОСООР БАЙЖЭЭ
Иргэдийн эрхийг зөрчиж цонхыг нь хааж барьсан энэхүү барилгыг 2008 оноос барьж эхэлжээ. Тухайн үед уг газарт ус, дулааны төв шугам буюу ЦТП барих гэж байсан аж. Уг ЦТП нь анх тус газрын хажууд буюу 47 дугаар байрны дор байсан бөгөөд нэг, хоёр давхрын айлууд өвөлдөө нэлэнхүйдээ цанд цохиулдаг зэрэг сөрөг зүйл гардаг байжээ. Тиймээс тус байрны оршин суугчид Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандахад тус байгууллагаас барилгад суулт үүссэн зэрэг сөрөг үзэгдэл бий болж байгаа тул ЦТП-г барилгын гадна байрлуулах ёстой гэсэн дүгнэлт ирүүлсэн байна. Ийнхүү мэргэжлийн байгууллагын дүгнэлт нэгэнт гарсан тул ЦТП-г байрны доороос гаргаж, урд талд нь, тусгай байр барьж байрлуулахаар болсон байна.
Үүнтэй зэрэгцэн Олон улс судлалын сургууль болон 47 дугаар байр хоёрын хооронд байсан нэг давхар, хуучны барилгыг “Опен хаус” компанийн захирал Д.Дорждагва гэгч “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатад 55 сая төгрөгөөр худалдсан байна. Үүнээс өмнө буюу 2002 онд тус нэг давхар барилгын баруун талын 222 мкв сул газрыг Л.Чинбат дуудлага худалдаанаас худалдан авсан байсан бөгөөд уг газар нь барилга барихад хангалттай биш байсан учир ийнхүү Д.Дорждагваас нэмж газар авсан байгаа юм. Ингэж Л.Чинбат нийт 974 мкв газрыг эзэмших болсон бөгөөд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяраар 256 тоот захирамж хүртэл гаргуулж бүрмөсөн өөрийн болгон авчээ.
Ингэж ойр орчмынх нь газрыг бүхэлд нь авсныг тэр хавийн долоон байрны 199 өрхийн 1500 гаруй иргэн эсэргүүцэж, ус дулааны төв байгуулах газар хэмээн заргалдахад нь 67.4 мкв-ыг ЦТП барих зориулалтаар буцаан өгөхөөр 2010 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэрлэсэн байдаг байна. Ингэхдээ бүр 100 сая төгрөгийн өртөг бүхий ЦТП-ын барилга барих тухай төсөв нь хүртэл батлагдсан байдаг.
Уг маргаан үүгээр дуусаагүй бөгөөд Л.Чинбат нь дахин газраа томсгох тухай хүсэлт гаргаснаар 2011 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 295 тоот захирамж гаргаж, газрын хэмжээг нь 0.043 га газар болгосон байх юм.
Ийнхүү төрийн бүх тогтоол шийдвэр мөнгөний хүчээр өөрийнх нь талд гарсан тул “Гацуурт”-ын Л.Чинбат нөгөө иргэдийн тэмцэн байж бариулахаар болсон ЦТП-ын газар дээр өдгөө 13 давхар барилга барьж байгаа бөгөөд ЦТП нь тус барилгын дор орсон байгаа юм. Энд нэг зүйл тодорхой бус байгаа ажээ. Учир нь зургаан давхар барилгын дор ЦТП-г байлгаж болохгүй гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байтал “Гацуурт”-ын 13 давхар байрны дор бол болдог байдал анхаарал татаж байгаа тухай “Эрдэм СӨХ”-ны Удирдах зөвлөлийн дарга Н.Бумбар хэлж байна. Тэрээр дээрх 13 давхар барилга барихаас өмнө ЦТП-г бариулахаар 2007 оноос эхлэн тэмцэж ирсэн хүн ажээ.
Н.Бумбар болоод тус байрны оршин суугчид өдрийн турш аль ч талаасаа нар үзэж чаддаггүй бөгөөд байрны орчимд тоглоомын талбай бүү хэл суух ч газар байхгүйг хэлж байлаа.
Н.Бумбар 2008 оноос эхлэн тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярт таван удаа, С.Батболдод зургаан удаа тус тус өргөдөл өгч байсан ч тодорхой хариу авч байсан удаагүй гэнэ. Оршин суугчдын хувьд “Нар харах эрх ч дүүрсэн хэрэг. Гагцхүү ус, дулаанаа л тасалдуулахгүй байх” юмсан гэж байлаа. Учир нь уг ЦТП-ээс тус хорооны долоон байр, таван дамжин хэрэглэгч байгууллага, 63 аж ахуй нэгж ус дулаанаар хангуулдаг юм байна.
Иргэдийн дунд энэ бүх маргааныг тухайн үед Нийслэлийн Захирагчийн албаны даргаар ажиллаж байсан Ч.Бат, Газрын албаны дарга Ц.Сандуй, Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар нар үгсэн хуйвалдаж газар зарснаар эхлэлтэй гэх нэгэн ч байна лээ.
Учир нь үүнийг Захиргааны хэргийн шүүхээс гурван ч удаа тогтоосон бөгөөд барилгын ажлыг албадан зогсоох захирамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдаас зогсоох тухай акт, дүгнэлтүүд удаа дараа гарч байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжсэн нь үгүй юм.
Үүнийг одоогийн хотын дарга Э.Бат-Үүлд уламжилж, тэрээр газар дээр нь ирж танилцан “Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураах жагсаалтын эхний тавд энэхүү “Гацуурт”-ын барилгыг багтаасан байна. Энэхүү захирамжийг нь хотын даргад сануулж, өнгөрөгч аравдугаар сарын 6-нд Н.Бумбар гуай Э.Бат-Үүл даргатай уулзсан байна. Гэтэл тэрээр байдлыг үзсэн даруйдаа буюу 2013 оны эхээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томилж, уг барилгыг нураах асуудлыг даалгасан байна. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Б.Алтансүх, А.Алтанцэцэг, Д.Хан-Уул нар нь Хотын дарга болон мэргэжлийн байгууллагуудын удаа дараагийн шийдвэрийг үл хайхран “Гацуурт” компани хууль зөрчөөгүй” хэмээн мэдээлсээр байгаа гэнэ. Энэ байдлыг Э.Бат-Үүл дарга мэдсэн тул “Итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг бүгдийг сольё. Миний танилцсан асуудлаас эсрэг зүйл ярьсныг олж тогтоон, эргүүлэн хариуг өг. Дараагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг санал болгоно уу” хэмээн Хууль эрхзүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэлдээ даалгасан байжээ. Гэтэл нөгөө С.Отгонгэрэл нь “Энэ байдлыг хянаж үзээд хариу өг” хэмээн Газрын албаны дарга Д.Нацагдоржид хариуцуулжээ. Өөрөөр хэлбэл, асуудал эргэн эргэсээр нөгөө л хууль бусаар газар олгосон газрын албандаа очсон байгаа юм. Өргөдлийнхөө араас ийнхүү уйгагүй хөөцөлдөж, хаана ямар албан тушаалтан дээр очоод гацчихсаныг хөөцөлдөж мэдсэн хүн бол дээр хэлсэнчлэн Н.Бумбар гуай юм. Түүний хэлснээр Э.Бат-Үүл дарга хэдийгээр асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байгаа ч, түүний доод албан тушаалтнууд хууль хэрэгжүүлэхийн төлөө огт ажилладаггүй ажээ.
“Хүүхдүүдийн дээрээс кран унах аюул хэлж ирэхгүй шүү дээ”
Тус барилгын урд талд байрлах Олон улс судлалын дээд сургууль руу орлоо. Сургуулийн хойд талын хэсэг ямар ч гэрэл гэгээ алга. Цонхоор юм харах боломж огт байхгүйгээс гадна нарны гэрэл өдрийн турш үздэггүй гэсэн. Тус сургуулийн сургалтын албаны дарга Д.Нарангэрэлийн хэлж буйгаар “Гацуурт”-ын энэхүү барилга нь сургуулиас дөрвөн метрийн зайтай гэнэ. Энэ нь манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Барилгын тухай хуульд заасан барилга хоорондын зай 15-45 метрийн зайд байна гэсэн заалтыг илтэд зөрчиж байгаа юм байна.
Түүнчлэн 13 давхар барилгатай өндрөөрөө тэнцэхүйц кран угсраатайгаа байна. Тэрээр үүнийг “Өнгөрсөн онд манайд барилгын кран унаж, эрдэнэт хүмүүсийн амь нас хохирсон тохиолдол олонтаа гарсан. Энэ удаа ч гэсэн тийм байдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Энд чинь олон мянган хүүхдүүд байна” гэж байлаа.
Тус сургуулийн удирдлагын хувьд барилга барихаар нүх ухаж эхэлсэн цагаас буюу 2008 оноос эхлэн тэмцэж байгаа. Гэсэн ч шат шатны байгууллага нь асуудлыг судалж байна хэмээн хугацаа хожсоор ийнхүү 13 давхар болтлоо өндөр болчихжээ.
Т.ГЭРЭЛМАА
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН