Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: Бид зөвхөн С.Эрдэнэ намын дарга байвал нэгдэнэ гэж хэлээгүй шүү DNN.mn

Монгол Үндэсний Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та сайхан зусч байна уу. Наадам, найр гээд энэ зуныг сайхан өнгөрөөв үү?

-Олон том тэгш ойтой, хуртай, найртай сайхан л зун боллоо. Дундговийн Дэлгэрхангай сумын 100 жил, Архангай аймгийнхаа 100 жилийн ойд оролцлоо. Хүн ардын сэтгэл огшоож, урам зоригийг сэргээсэн дэлгэр сайхан наадмууд боллоо. Амьдрал ямар ч байсан Монгол хүн үндэснийхээ соёл уламжлал, хийморь зоригийн бэлгэдэл болсон эрийн гурван наадмаараа билэгтэй үгийг ярилцаж, амны бэлгээрээ ашдын их ерөөлийг урин дуудаж байдаг юм шүү дээ.

-Танай намын хувьд Ардчилсан намтай нэгдэх гэрээг С.Эрдэнэ даргын үед байгуулсан. Одоо тэр нэгдсэн үйл явц хэвээр байгаа юу?

-Нэгдсэн хийгээд нэгдэх үйл явц зорилго, чиглэлийн хувьд хэвээр гэж ойлгож болно. Харин эрх зүйн хувьд дахин харах зүйл байгаа. Учир нь С.Эрдэнэ даргыг нам төлөөлөх эрхгүй гэж Улсын Дээд шүүх шийдвэр гаргасан. Одоо Ардчилсан намыг хууль ёсны дагуу Л.Гантөмөр даргалж байна. Ардчилсан намын өнөөгийн удирдлага, эрх бүхий байгууллагуудын түвшинд дахин баталгаажуулах нь хоёр намын гишүүд дэмжигчдийн итгэлийг хураахад тустай. Хууль зүйн хувьд ч баталгаажих юм.

-Тухайн үед танай нам Ардчилсан намтай нэгдэхэд өнөөгийн удирдлагууд тийм ч таатай хүлээж аваагүй шүү дээ…Энэ тухайд?

-Хэн таалаагүй хэн таалсныг би мэдэхгүй юм. Бид зөвхөн С.Эрдэнэ намын дарга байвал нэгдэнэ гээгүй шүү дээ. Албан ёсны Ардчилсан намтай л нэгдье гэсэн. Ардчиллын төлөө намууд нэгдэж нийлэх нь нийгмийн захиалга, цаг үеийн шаардлага, бас олон салсан намууд болоод фракцуудад жижиг амбиц, явцуу эрх ашгаа хойш тавьж, улс, нийгмийн эрх ашгийн дээдэлж чадах эсэх тухайд тулгаж буй шалгуур юм.

-Таныг С.Эрдэнэтэй хөшигний ард улс төрийн тохиролцоо хийсэн учраас нэгдсэн гэх улс төрчдийн хардлага бий. Яагаад ер нь нэгдэх болсон бэ?

-Ардчилсан нам өнөөдөр нэгдэж нягтарч байвал нэгдэх чиглэлд манай намын хийж байсан алхам үр өгөөжөө өгчээ л гэж харж байна. Өнөөгийн удирдлага ажлаа эрчимжүүлж намын дотоодод бий болсон хямрал, хуваагдлыг арилгах гээд үзээд л байна. 20 жил бугширсан асуудлыг хоёр гурван сард засч янзална гэдэг боломжгүй зүйл. Гол нь алсын том зорилгод л бүгдийг чиглүүлэх асуудал. Бусад нь цэгцэрнэ. Намуудын тухайд бол хөтөлбөр, зорилтоо уялдуулах асуудал байж таарна.

-Танай намын түүх үзэл баримтлал цаашдын зорилго юу вэ. Нам их хурлаа сонгуулиас өмнө хийх үү?

-Манай нам Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиох үед байгуулагдсан. Үзэл баримтлалын тулгын гурван чулуу бол үндэсний үзэл, шударга ёсны үзэл, ардчилсан үзэл юм. Дэлхий даяар олон оронд нийгмийн үзэл санааны болоод байгууламжийн хямралууд газар авч байна. Уламжлал, ёс заншил, ёс суртахуун үгүй хууль бол хүчтэйг нь цайз адил хамгаалж, хүчгүй нэгнийг тор гинжтэй адил хүлдэг. Манай улсад 860 хууль үйлчилж байна. Мэддэг хийгээд хэрэглэдэг нь хэд билээ. Ёс суртахуун байхгүй учраас хууль байдаг ч сахиулах, сахих аль алин нь үйлчлэхгүй байгаа юм. Тэгэхээр Монгол Үндэстэн-Монгол Төр-Монгол бодлого гэж байсан байх ч болно. Төр барих уламжлал сүүлийн 300 жил умартсанаас боолын сэтгэлээсээ ангижирч чадахгүй байна. Хэн нэгнээр заалгаж, хаа нэгтээгээс удирдамж авч ажилладаг төр хаа хүртэл явах юм. Үүнд л манай нам хариулт өгнө.

-Ардчилсан намын хувьд шинээр сонгогдсон Лу.Гантөмөр даргаа тал бүрээс нь шахаж, багаа бүрдүүлээд ажилдаа ор гэдэг шаардлагыг хүчтэй тавьж байх шиг байна. Таны хувьд энэ намын дотоод асуудлыг хэрхэн ойлгож, ажиглаж байна?

-Ардчилсан нам монголчуудад хорвоогийн сайн мууг үзүүлж, энэ ертөнцийн өнгө будгийг харуулсан нам. Ардчиллын буянаар бид Думаа Дулмаа хоёроо ялгаж салгахтай болоод байна. Одоо дүгнэж цэгнээд өөрсдийн толгойгоор Монгол хөрсөнд амьдарч соёолж чадах, монголчуудыг нийтээр нь амьдралын чанарын хувьд, гэгээрэл боловсролын хувьд, эрүүл мэнд орчин нөхцөлийн хувьд хөгжүүлж чадах тийм Үндэсний ардчиллыг хөгжүүлэх юм. Үүнийг Чингис хааны сонгодог ардчилал гэж үзэж тайлбарладаг. Зан заншил ёс зүйгээр бөхлөгдсөн хуульт цааз. Шигшүүрчлэл чадварт суурилсан дэвшүүлэх систем тогтолцоо. Үүрэгтэй нь уялдсан эрхийн тухай ойлголт яригдана. Одоо бол бид үлгэрлэвэл С.Нарангэрэл багш ач хүү хоёр нь төр удирдахад адил тэнцүү л гэж яриад байгаа. Үүнийг ардчилал гээд буруу ойлгоод хэрэглээд ирсэн байх жишээтэй. Их Монгол Улсын хүчирхэг үед эхээс хүн эрх тэгш төрдөг ч авьяас чадвар нь адил болж хөгждөггүй тул тэр бүрд таарсан үүрэг, хариуцлага үүрүүлэн нийтийн их зорилгод зүтгүүлдэг байж. Эрх нь дээрхдээ уялдаж л нээгддэг байсан бололтой. Бодох л асуудал. Төрөө дээдлэхгүй төрийн сонгуульд ороогүй хүн төрийн хайр хишиг, халамж хүртэх, гадаад паспорт авах эрхтэй юу.

-2024 оны сонгууль шинэ хуулийн хүрээнд явагдана. Танай нам эвсэх үү, Ардчилсан намтай нэгдэх үү?

-Дан ганц миний хүсэл бодлоос давсан зүйл тул дараа болох уу.

-Үндсэн хууль өөрчлөгдөж УИХ 126 гишүүнтэй болсон. Сонгууль холимог тогтолцоогоор явна. Энэ асуудалд олон жил Үндсэн хууль болон төрийн тогтолцооны талаар төсөл боловсруулж, ярьж, ажлын хэсгүүдэд ажиллаж байсан улс төрч, намын даргын хувиар ямар байр суурьтай байна вэ?

-Холимог тогтолцоо сонгосноор намуудын бодлого парламентад орох болсон нь сайн хэрэг. Намууд төлөвшинө. Парламентийн хяналт харьцангуй дээрдэх хүлээлт байгаа. Нэг гишүүний саналын жин буурна. Засгийн газар парламентаа дөрлөөд байхгүй гээд дэвшилттэй алхамууд хийгдсэн нь сайн хэрэг. Харин шударга сонгууль явуулах, намаар удирдуулдаггүй төрийн албаны зөвлөлтэй байх, намаас хараат бус хянан шалгах байгуулгатай болох, шүүх засаглалыг томилсон субъектээсээ хараат бус болгох зорилтууд огт хангагдаагүй. Иймээс авлига, хулгай багасахгүй гэдгийг л баттай хэлэх байна.

-Нийслэл хотын хувьд энэ зун амаргүй өнгөрч байна. Үе үе үер гамшиг нүүрлэж байна. Саяхан болсон аадрын дараа хэдэн хүний амь нас хохирлоо. Эрсдэлгүй, иргэндээ ээлтэй орчныг яаж бий болгох вэ?

-Маш харамсалтай. Амь насаа алдсан хүмүүсийн ар гэр, ахан дүүст гүн эмгэнэл илэрхийлье. Ийм байдалд хүрсэн нь олон шалтгаантай. Хот хөдөөгийн хөгжлийн уялдаа холбоо, иргэдийн амьжиргааны доройтол, мэдээж хэрэг төрийн бодлого, төлөвлөлт, намчирхал талцал ч бас л нэг шалтгаан.

Жалганд буусан айлуудыг өнгөрсөн жил нүүлгэнэ гэсэн бол нэг хэсэг нь ардын хүүхдийг гадуурхлаа. Ардчилал мардчилал гээд л хашгична, зарим нь суулт хийх байсан байлгүй. Тэгэхээр бас ардчиллаа ч гэсэн үүрэгжүүлэх шаардлага байгаа биз. Жишээ нь сайрын савд зусдаггүй сарьдгийн эхэнд өвөлждөггүй гэдэг ардын сургаал, уламжлал, зан заншил байна. Үүнийг мэддэггүй учраас л хүмүүс амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байх жишээтэй. Уг нь дээрх зургаан үг 60 хуудас хуулиас хамаагүй хүчтэй үйлчилж ирсэн. Одоо ч хөдөөд хэнээр ч хэлүүлэхгүй баримталдаг. Нэг маш чухал зүйлийг нэмж хэлье. Ардчиллын гол тулгуур бол мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд. Өнөөгийн нийслэлийн тулгамдсан асуудлууд бол иргэний нийгмийн байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоод байхгүйтэй холбоотой. Та байгаа л гэх байх. Хэрвээ архитекторчдын эсхүл дэд бүтцийн холбоо хүчирхэг байсан бол үер усны гамшиг байхгүй. Хэрвээ эрчим хүчний холбоо хүчирхэг байсан бол хот утаагүй, хэрвээ замчдын хүчирхэг холбоо байсан бол замын түгжрэл байхгүй л байх байсан. Манайд нэр төдий холбоод намуудын дороос өндийж чадахгүй, зарим нь хэвлийдээ өтөлчихсөн учир ажиллах, нөлөөлөх, нам, эрх мэдэлтний хүчирхийллийг сөрж дийлэхгүй байгаа юм.

-Таны хэлж байгаа зөв шүү, уг нь. Холбоод хүчтэй бол салбар эрүүлжих боломж гэж та ярьж байна, тийм үү?

-Ирэх сонгуулиар ардчиллыг хөгжүүлэх бэхжүүлэх зорилтын тулгуур нь намаас ангид хүчирхэг мэргэжлийн холбоодыг бий болгох зорилт байх болов уу. Иргэний нийгмийн байгууллагууд болох нутгийн зөвлөл, бизнесийн болоод спортын холбоод ч үүнд хамаарна. Эс бөгөөс бодит амьдралаас тасарсан хийрхэж намчирхсан хүмүүний бөөгнөрөл л болох нь. Үүнийг хэрүүлийн далай уруулын уранхай гэж судар номонд бичсэн байдаг. АН, МАН хоёр сателит намын сэтгэхүйгээс салж байж энэ хөгжинө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *