Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газар тодорхой гэмт хэргүүдэд ялын бодлогыг чангатгахаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэдхэн хоногт боловсруулан 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаараа яаран хэлэлцэж, төслийг дэмжээд байгаагийн дотор “албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялын хасаж, 6 сараас 3 жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлэх” өөрчлөлт багтсан нь төрийн хүчний байгууллагын бүх мэдээллийг иргэдээс нуух, тухайн алба хаагч, ажилтны хувьд шударга бусын эсрэг шүгэл үлээх иргэнийх нь үүрэг, эр зоригийг мохоох, ингэснээрээ хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хумьж, улмаар Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд ноцтой аюулыг учруулж болзошгүй байгаа тул үүнийг МСНЭ эрс эсэргүүцэж байна.
Монголын төр, тэр дундаа цагдаа, прокурор, шүүх зэрэг хууль сахиулах байгууллагын шударга үнэн байдалд иргэдийн итгэл үлэмж буурсан энэ цаг үед мөрдөн шалгах ажиллагааны бүх мэдээллийг төр өөрөө хатуу хянаж, энэ явцад хүний эрхийн зөрчил, алдаа завхрал, хэлмэгдүүлэл ч үүсэж болох нөхцөлийг хаацайлах, нуух боломжийг хуулиар бий болгож буй нь төрийг улам бүр дарангуйлагч шинжтэй болгоод зогсохгүй иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд айдас төрүүлж байгааг Засгийн газарт хатуу сануулж байна.
Аливаа эрх, эрх чөлөөг төрийн зүгээс хязгаарлах алхмыг хэрэгжүүлэхдээ олон нийтийг цочроосон гэмт хэргийн дуулиан, түүнд хандах олон нийтийн сэтгэл хөдлөл, эс бөгөөс цар тахал, халдвар, байгалийн гамшиг зэрэг цөөн давтамжтай үзэгдэл, үйл явдлаар халхавчилдаг бөгөөд Засгийн газрууд сүүлийн жилүүдэд уг технологийг чадамгай ашиглан иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг илтэд хумих хууль, дүрэм, журмыг удаа дараа батлан гаргахыг санаархсаар ирсэн.
Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд оноох ялыг чангалах гэж байгаа бодлогоо УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тайлбарлахдаа энэ нь “иргэн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хүлээх хариуцлагыг хөндөхгүй” хэмээн мэдэгдсэн байх хэдий ч юун түрүүнд сэтгүүлчийг хэвлэн нийтэлсэн мэдээ, мэдээллийнх нь улмаас цагдаад шалган “эх сурвалжаа илчлэхийг” шаардах замаар нууц задруулсан ажилтныг олж тогтоох мөрдлөгийг эхлүүлдэг өнөөдрийн нөхцөл байдал улам бүр хүндрэх нь тодорхой байна. Ийм замаар сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашиг хөндөгдөн улмаар хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө хязгаарлагдаж, энэхүү үндсэн эрх, эрх чөлөөгөө алдсан иргэн хэн боловч бусад зөрчигдсөн эрхээ хамгаалах боломжгүйд хүрэх аюул заналхийлж байгаа тул МСНЭ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайн заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
2023-10-14

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *