Өчигдөр өглөө Москвагийн баруун хойд хэсгийн “Октябрское Поле” метроны өртөөн дээр хар хувцастай нэгэн эмэгтэй хүүхдийн тасалсан толгой барин явж, олныг цочирдуулсан хэрэг гарчээ.
Тэрээр гудамжаар явж, “Би ардчиллыг үзэн яддаг, би бол террорист, би амиа золиослогч, удахгүй үхэх болно, дэлхийн төгсгөл ирлээ” гэх зэргээр орилж байсан аж. Мөн өөрийгөө дэлбэлнэ хэмээн сүрдүүлжээ.
Гэмт этгээд 39 настай Узбекстанаас ирсэн Гулчехра Бобокулова гэгч бөгөөд ажиллах зөвшөөрөлгүй ч Москвагийн нэгэн айлд хүүхэд асрагч хийж байжээ. Өчигдөр “Октябрское Поле” метроны ойролцоох орон сууцанд гал гарч, гал сөнөөгчид галыг унтраах үед 3-4 настай хүүхдийн толгойгүй цогцос олдсон гэнэ. Хохирогч нь Настя нэртэй охин байжээ. Түүнийг асарч байсан Гулчехра Бобокулова охины амийг бүрэлгэснийхээ дараа гэрт нь гал тавьсан байна.
Гэрийг шатаахдаа тэсрэх бодис ашигласан ул мөр олдсон ч цагдаа нар метроны ойролцоогоос тэсрэх бодис хайгаад олоогүй байна. Асрагч эмэгтэйн хэрэг үйлдэх болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.