Categories
мэдээ улс-төр

Москва дахь Монголын ЭСЯ-ны байранд хууль бусаар мөрийтэй тоглодог нь илэрчээ

Москва дахь Монголын ЭСЯ-ны байранд хууль бусаар мөрийтэй тоглодог нь илэрч, эрүүгийн хэрэг үүсгэжээМосквагийн цагдаагийн газраас тус улс дахь Монголын ЭСЯ-ны байранд хууль бус мөрийтэй тоглоом, казино ажиллуулж байсныг илрүүлж эрүү үүсгэсэн тухай Asiarussia.ru мэдээллээ.

Цагдаагийн газрынхан гэрчийн мэдүүлгээр йога хичээллүүлдэг гэх газрыг хараандаа авчээ. Гэрч тус газрын хонгилын өрөөнд мөрийтэй тоглоом, казино бий хэмээсэн байна. Ингээд цагдаа нар мэдээллийг шалгахаар нэрийн хуудсан дээрх хаягийн дагуу очсон байна. Түүнд, “Хүндэт Александр танаа, завтай үедээ манай йогаар үйлчлүүлээрэй” гэж бичсэн байжээ. Хачирхалтай нь тус газар Монгол Улсын консулын газрын байрладаг барилга болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл дээрх йога хичээлийн байр болон Монголын ЭСЯ нь нэг хаяг дээр байршиж байна.

Москва дахь Монголын ЭСЯ-ны байранд хууль бусаар мөрийтэй тоглодог нь илэрч, эрүүгийн хэрэг үүсгэжээЦагдаа нарыг ажиглалт хийхэд оройн цагаар эрэгтэйчүүд үнэтэй машинаас орж байгаа нь харагдсан байна. Гэвч тэдний нэг нь ч йога хийхэд шаардлагатай бэлтгэлийн цүнх, гудас бариагүй нь сэжигтэй байжээ. Цагдаа нар үйлчлүүлэгчдийн дүрээр барилга руу нэвтэрч, гуравдугаар давхар руу гартал автомат цоож бүхий төмөр бариултай хаалган дээ “ Його сургалт” хэмээн бичсэн байж.

Мөрдөгчдийг дотогш нэвтэртэл өрөөнд таван рулет, 17 мөрийтэй тоглоомын машин, покерын ширээ, зугаацах өрөө зэрэг байсан бөгөөд цагдаа нар 20 сая рубль олсон байна. Албаныхны мэдээлснээр тус казино нэг сая ам.долларын үнэ хүрэхээр байгаа аж. Цагдаа нарыг казинод нэвтрэхэд кассчин, хянагч, хамгаалагч зэрэг 10 хүн ажиллаж байжээ. Тэдний нэг нь тус газар бусад газартай харьцуулахад хоёр дахин их гар цайлгах мөнгө өгдөг тухай цагдаа нарт ярьсан байна.

Уг явдалтай холбогдуулан Москвагийн цагдаагийн газраас хууль бус мөрийтэй тоглоомын бизнес явуулсан байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэж, тус казино Монголын ЭСЯ-ны байранд байршиж буй шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгаж байгаа аж. ОХУ-ын Улсын бүртгэлийн газрын мэдэгдсэнээр тус барилга нь Монгол Улсын Засгийн газрын өмчид хамаарагддаг байна.

Одоогоор ЭСЯ-ны байранд яагаад хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явагдаж байсан нь хараахан тодорхой болоогүй байна. “Хэрвээ ЭСЯ-ны байрны тодорхой өрөө зай, талбайг хэн нэгэнд түрээслүүлсэн бол гар бичмэл бүхий гэрээ хэлэлцээрийг бидэнд үзүүлэх ёстой” хэмээн хуульч Руслан Коблев мэдээлсэн байна.

Уг хэрэг ОХУ-ын хуулийн хүрээнээс давж, Дипломат харилцааны тухай Венийн конвенцээр шийдвэрлэгдэж магадгүй тухай эх сурвалж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *