Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын залуучуудын холбооны байрыг хүүхдийн эмнэлэг болгохыг иргэд уриалж байна DNN.mn

Монголд хүүхдийн эмнэлэг ачааллаа даахгүй хэрээс хэтэрснийг монголчууд бид ясандаа тултал мэдэрч, сөхөрч байна. Тэгвэл Монголын залуучуудын холбоо хэмээх улс орны хөгжилд тоймтой үүрэг гүйцэтгэдэггүй хөндий хоосон байшинг хүүхдийн эмнэлэг болговол яасан юм бэ гэсэн санаачилга иргэдээс гараад байгаа юм. Энэ тухай иргэдийн санал бодлыг хүргэж байна.


ХанУул дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Б.Энэрэл “Монголд эмнэлгийн ачаалал их, тэр дундаа хүүхдийн эмнэлэг. Би хоёр настай охинтой, саяхан хүүхдээ үзүүлэх гээд эмнэлэг ороход шал, коридороор нэг хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд байсан. Хүүхдүүд ор байхгүй, хүйтэн шалан дээр эмчилгээгээ хийлгэж байна. Эргэн тойронд хүүхдүүдийн уйлах чимээ, эцэг эхчүүдийн бухимдал гээд бараг эмчилгээ нь стресс болдог байх. Хөндий хоосон, тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй Монголын залуучуудын холбооны байрыг хүүхдийн эмнэлэг болговол яадаг юм. Эмнэлгийн ачааллыг бага ч гэсэн нимгэлэх байх даа” хэмээв.

БГДийн ахмад настан С.Саруул “Монголын залуучуудын холбоо” гэсэн хаягтай байшин ямар ч үйл ажиллагаагүй хоосон байж байхаар эмнэлэг болсон нь дээр. Өөр аргагүй шүү дээ, ядаж хотын төвд юм даа. Ингэж бодтол нь иргэдээ туйлдуулж байна, Монголын төр. Нэгэнт л үйл ажиллагаагаа явуулдаггүй юм чинь эмнэлэг болгоод шалан дээр хэвтэж байгаа хүүхдүүдээ оруулж, өрөөнд нь эмч нараа суулгаж болдоггүй юм уу” гэж ярив.

Хан-Уул дүүргийн ахмад настан, редактор Х. Батсайхан “Би бол шинээр эмнэлэг барихыг таашаадаггүй хүн. Яагаад гэвэл ямар нэг эмнэлэг шинээр барихад дулаанаас авахуулаад бүх хүчин зүйлүүд эмнэлгийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Шинээр эмнэлэг барих нь үйлчилгээнд саад болно уу гэхээс нэмэр болохгүй гэж үздэг. Улстөрчид дандаа шинэ эмнэлэг барина гэж дундаас нь мөнгө завших гэж орилдог. Гол нь урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг эрт хийж, 14-21 хоног эмнэлэгт хэвтдэг биш, 7-10 хоногт эрчимт эмчилгээ хийлгээд гаргадаг байх нь зөв. Хувийн эмнэлгүүд хувийн хөрөнгөөрөө эрсдэлээ даагаад хаана ч эмнэлгээ барьж байгуулж болно. Түүнийг хориглож болохгүй. Харин улсын төсвийн хөрөнгөөр эмнэлэг барих нь жил болгон дулаан цахилгаанаас авахуулаад урсгал зардал маш их хэмжээгээр гарч байдаг. Энэ нь манай улс орны хувьд завшаа хийх таатай нөхцөлийг л зөвхөн бүрдүүлнэ. Эмнэлэг гэдэг чинь тусгай үйлчилгээ шүү дээ. Зүгээр нэг оффисын барилгад хэдэн ор тавиад болох л байх. Гэхдээ зориулалтын биш зүйл зориулалтынх биш л байдаг. Миний бодлоор аль нэг эмнэлгээ хүүхдийнх болгоод явбал зүгээр байх. Байгаа байшин саваа зохицуулах нь эрүүл мэндийн яам, даатгалын газрын хийх ёстой ажил шүү дээ” гэв.

Хүний их эмчийн IV дамжааны оюутан Б.Нэмэхбаяр “Монголын ирээдүй болсон бяцхан үрс улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд хүүхдийн сэтгэл санаа болон асран хамгаалагчдын тав тух алдагдаж байна. Иймээс иргэн миний хувьд хүүхдийн эмнэлэг шинээр барих, эсвэл Монголын залуучуудын холбооны байрыг эмнэлэг болгох саналтай байна. Монголын ирээдүй хүйтэн шалан дээр хэвтэж байна шүү дээ, арай дэндүү байна” хэмээв.

Сэтгүүлч О.Эрдэнэтунгалаг “Жил болгон л эмнэлгийн хүрэлцээнээс болж коридорт хэвтлээ, эмнэлэгт хэвтсэнгүй, оочер ихтэй байлаа гэдэг асуудалтай. Угаасаа л зай завсаргүй барьсан хэрэгтэй, хэрэггүй барилга байхад тэндээс аль боломжтойг нь эмнэлэг болгох хэрэгтэй. Ингэвэл иргэдэд эмнэлэг хүрэлцээтэй мөн олон эмч, ажилтны ажлын орон тоо ч гарна” гэсэн юм.

Химийн багш Ц.Маам “Бүтээн байгуулалтын уурхай болсон бяцхан үрсийн чадвар, хандлага, төлөвшил эмнэлгийн шалан дээр бүрэлдэхгүй. Өвдөх эрхгүй, өвдсөн ч тухтай орчинд эмчлүүлэх хувьгүй хүүхдүүдийнхээ төлөө ганцхан зүйл хийгээч. Хэрэгцээ нь тулсан биш тэр “Монголын залуучууд холбоо”-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгоод өгчихөж болдоггүй юм уу. Эмнэлгийн байрны шаардлага хангаагүй л гэх байх. Гэхдээ энэ улсад чинь өөр арга, гарц байхгүй байна” гэлээ.

АШУҮИС-ийн V дамжааны оюутан С.Одмаа “Монголын залуучуудын холбооны байранд шалан дээр байгаа хүүхдүүдээ оруулчихвал яадаг юм бэ. Монголын залуусыг харь орон руу дүрвэж байна л гэцгээдэг. Яг үнэндээ хэн нялх хүүхдээ үзүүлэх эмнэлэг ч үгүй, хүйтэн шалан дээр үйлчилгээ авдаг газар амьдрахыг хүсэх юм бэ. Эмнэлгийн орны хүртээмжид анхаарах зайлшгүй шаардлагатай гэж олон л жил ярилаа. Нэг ч гэсэн эмнэлэг нэмэгдвэл эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмж, ажлын ачаалал, иргэдийн сэтгэл зүй, эмчилгээний үр дүн сайжирна гэж бодож байна. Залуучуудын холбоо хэмээх байгууллага нь улстөржсөн залуучуудаар дүүрэн байдаг гэсэн. Улс орны хөгжилд олигтой гавьяа байгуулаагүй зүгээр амбицтай залуучуудын орогнох газар байснаас ачааллаа дийлэхээ байж сөхөрсөн ард түмний хүүхдүүдийн эмнэлэг байсан нь дээр байх аа” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *