Categories
мэдээ нийгэм

Монголын Үндэсний музей: Ходоодон гүр

Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж буй XX зууны эхэн үед холбогдох Хэнтий аймгийн Батширээт сумаас олдсон бургас, модоор хийсэн ходоодон гүрийг толилуулж байна.


Оросын алдарт зураач Илья Репины “Ижил мөрний барлагууд” хэмээх зургийг мэдэхгүй хүн үгүй. Элчилгүй төөнөх наранд шарагдаж, ачааны хүндэд түүртсэн ноорхой хэдэн барлаг их мөрний эрэг даган арайхийн урагшилна. Тэдний наахан талд, голын эргийн элсэнд хавтгай чулуунд уяатай, андуу харахад араг гэмээр арзайж сэрзийсэн юм үзэгдэнэ.

Монголчууд ан гөрөө, тэр дундаа загас агнуурын баялаг уламжлалтайг археологийн олдворууд төдийгүй эзэн Чингис хааны түүх гэрчилнэ. Нэгэн өдөр Тэмүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүтэй дөрвүүл хамт сууж, загас гөхидөхөд нэг гэгээн согос загас гөхид торсныг Бэгтэр Бэлгүтэй хоёр булааж авав гэдэг.

Морин туураар дэлхийг бөмбөрдсөн монголчуудын амин зуулгын нэгэн салаа мөчир нь тийнхүү загасчлахуй болж байв. Хожим, монгол газар бурхны шашин дэлгэрснээр загасыг “лусын амьтан” хэмээгээд хороох, идэх нь цээртэй болсон ч агнах, гохдох явдал баларч мартагдсангүй.

Үүний баримт нь 1974 онд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн н.Буджаваас тус музейд өгсөн ходоодон гүр хэмээх урхи торны нэн ховор зүйл болно. Нарийн бургасаар сүлжсэн дөрвөлжин ам, цүдгэр гэдэс, шувтан сүүлтэй энэ хэрэгслийг гол, нуурын загас ихтэй усанд тавьдаг байна.

Загас, уснаа шүтэж амьдардаг газар газрын хүн зоны загасчлахуйн соёлд монголын ходоодон гүртэй адил төслөг нь нэлээд юм. И.Репины зурсан Ижил мөрний эрэг дээрх араг шээзгий мэт зүйл ч ийм учиртай ажгуу.

И.Репины зураг дээрх араг шиг зүйл нь Орос загасчны морда хэмээх урхи аж.

Африк загасчдын загасны урхи занга

Индонезийн загасны урхи тор

Сибирийн Хант хэмээх ард түмний хэрэглэж байсан загасны тор урхи

Папуа Шинэ Гвинейчүүдийн загасны урхи

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *