Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын шүүх таван удаа гуйхад л ямар ч хэргийг хэрэгсэхгүй болгоно. Хэдүүлээ аятайхан гуйцгаая DNN.mn

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван этгээд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн байна гэдэг нь Монголын бүх шатны шүүхээр эцэслэн тогтоогдож, хууль ёсны дагуу шүүхээс 24-25 жилийн ял оногдуулсан хэргийг саяхан прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосноо олон нийтэд зарлалаа.

Энэ тухай Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа “Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөрдөх байгууллагын зүгээс 2022 оны тавдугаар сараас эхлэн нэр бүхий гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг хүчингүй болгох саналыг прокурорын байгууллагад нийт таван удаа гаргасан.Прокуророос дөрвөн удаа хянаад мөрдөн шалгах ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулах шаардлагатай гэдэг үндсэн дээр Нийслэлийн прокурорын газраас буцаасан. Харин энэ оны гуравдугаар сард мөрдөх байгууллагаас дахин энэ асуудлыг тавьсан. Өөрөөр хэлбэл хүчингүй болгох саналыг тав дахь удаагаа тавьсан. Прокурорын байгууллагаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван хүн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гэм буруутай нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй, тиймээс гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байхгүй гэж үзсэн учир яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон” гэв.

Дээрх мэдээллээс харахад цагдаагийн газрын мөрдөх албанаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хүн амины онц аюултай хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж прокуророос гуйжээ. Гурав, дөрвөн удаа гуйсан юм байна. Дөрвөн удаа гуйхад нь, цааш үргэлжлүүлэн шалгах шаардлагатай буюу “үгүй ээ” гээд зөвшөөрөөгүй юм байна. Ингээд сая тав дахь удаагаа гуйхад нь одоо яахав дээ гээд аргагүйн эрхэнд зөвшөөрч, Монголын цагдаа, шүүх, прокурор, тагнуул гээд хууль хүчний бүх байгууллага мэргэжлийн дагуу ажиллаж, бүх шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хэргийг хэрэгсэхгүй болгочихлоо. Ингэж болдог юм уу. Монголын прокурор гэдэг чинь ямар хаашаа газар, хаашаа хүмүүс байдаг юм бэ. Хөндлөнгийн бид бодох нь ээ, жинхэнэ хууль ёсыг сахиулагч, алхам тутам бүртээ хууль цаазын дор байж, хууль цаазын өмнөөс шийдвэр гаргадаг хүмүүс байдаг гэж ойлгодог. Тэгтэл цагдаагийн мөрдөх албанаас энэхүү онц аюултай хэргийн яллагдагч нарт оногдуулсан ялыг хүчингүй болгохоор таван удаа гуйхаар нь цагаатгалаа гэдэг нь яг ямар учиртай юм бэ. Хууль номынхоо дагуу шийддэггүй юм уу.

Энэ талаар хуульч Б.Мэргэнээс тодруулахад дараах байр суурийг илэрхийлсэн. “Цагдаагийн мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулаад прокурорт ямар ч санал тавьж болно. Эхлээд дөрвөн удаа санал тавьсан гэдэг нь хэрэгсэхгүй болгох санал тавьсныг хэлээд байх шиг байна лээ. Яг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгох гэж байгаа юм, тэр нь ямар үндэслэлтэй юм гэдгийг прокурорын байгууллага хянаж шалгах ёстой. Өмнөх дөрвөн удаагийн үндэслэлд прокурор зүгээр нэг татгалзаад өнгөрөх биш даалгавар бичиж болно. Ийм ийм мөрдөн шалгах ажиллагаа дутуу, энэ бүхнийгээ дахин шалга гэдэг ч юм уу. Тэгээд болохгүй бол прокурор өөрөө мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж болно. Гэрчээс мэдүүлэг авдаг ч юм уу. Мөрдөн шалгах ажиллагааг заавал мөрдөгч хийнэ, прокурор хяналт тавина гэсэн зүйл байхгүй. Мөн тухайн мөрдөгчдийг солих эрх нь прокурорт байгаа. Яагаад нэг үндэслэлээр байн байн санал гаргаад байна, ямар нэгэн нөлөөнд автав уу гээд мөрдөх ажиллагааг өөрсдөө явуулж болно. Ингээд тав дахь удаагаа ирүүлсэн санал нь үнэхээр үндэслэлтэй гэж үзвэл прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгож болно. Гэтэл таван удаа хүсэлт гаргахдаа яг адилхан үндэслэлээр гаргаад, прокурор түүнийг нь “Мөрдөгч байн байн санал тавиад байгаа юм чинь хэрэгсэхгүй болгохоос” гэж үзээд хэрэгсэхгүй болгосон бол утгагүй. Таван удаа нэг л үндэслэлээр хүсэлт гаргахад нь хүлээн зөвшөөрч хэрэгсэхгүй болгосон бол прокурор нөлөөнд автсан, эсвэл ажил үүргээ мэдэхгүй, мэдлэг чадвар дутсан ийм л зүйл. Олон удаа санал тавьсан учир хэрэгсэхгүй болголоо гэж хэлж байгаа нь утгагүй” гэв.

Монгол төрийн түшээ, сайд байсан хүнийг бүлэглэн онц хэрцгийгээр хөнөөсөн, үйлдэгдсэнээсээ хойш 25 жилийн нүүр үзсэн, хүн бүхний анхаарлын төвд байж ирсэн уг хэргийг ийнхүү прокуророос таван удаа гуйхад нь хэрэгсэхгүй болгочихож байгаа юм чинь хүн бүхэн одоо үйлдсэн хэргээ хэрэгсэхгүй болгохын төлөө явах ёстой. Тав гуйхад цагаатгадаг Монголын прокурор адилхан аавын хүүг алаг үзэхгүй байлгүй. Тав байтугай тавин удаа гуйсан ч яадаг юм. Хамгийн гол нь арга эвийг нь олж аятайхан гуйгаад бүгдээрээ хэрэг төвөгөөсөө эртхэн салцгаавал яасан юм бэ. С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн өрнөж буй үйл явцаас анзаарахад Монголын шүүх, прокурор ийм байж боломгүй үйлдлийг нийгэмд бий болголоо. Одоо хүн бүхэн хийсэн хэргээсээ мултарч, хэрэгсэхгүй болгохын төлөө прокурорт өдөр бүр, цаг тутамд санал хүргүүлээд байх ёстой.

Прокурор, хууль хүчнийхэн ийм нэг инээдтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр марзан юм яриад нийгмийн элэг доог болж, олон түмний гайхашралыг төрүүлж байна.

Үнэндээ зах замбараагаа алджээ гэж харахаар. Бодоход УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байгаа учир хуучин шигээ бас дахиад С.Зоригийн хэрэг гэдэг юмыг нийгэмд гаргаж ирж байгаа ядарсан арга нь юм уу даа. Улс төрийн захиалгаа

эрх баригчдын үгээр ийм нэг шоу хийж, түүндээ ард түмэн биднийгээ одоо яаж байгаа юм бэ дээ, амихандаа ингэхээр дургүй нь хүрч нийтээрээ дуулиан шуугиан болно гэж бодож байгаа юм болов уу даа, хөөрхий. Ер нь багцаа бодоход энэхүү дуулиант хэргийн захиалагчийг ил гаргачихвал МАН талд байгаа болов уу гэсэн таамаг нийт ард түмний дунд байна. Хэрвээ энэ захиалагч ил гараад ирвэл юун цагаан сар, юун наадам гэгчээр юун сонгууль, юун эрх баригч нам бэ гэх нийгмийн айхтар шуурга дэгдэнэ. Бараг л МАН татан буугдахаас аргагүй нөхцөлд хүрч мэднэ. Бас дээр нь хойд хөршийн одоогийн энэ дэглэмд ч ноцтой нөлөөлж магадгүй байна.

Ийм ийм ноцтой бодлогын үүднээс захиалагчийг нь зарлахаас өмнө Ц.Нямдорж нарын хүмүүс энэ хэргийг зогсоож байх шиг байна. Прокурор мэдэгдэл хийсний дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүс эрхээ хамгаалуулах, учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэлтэй” гэж мэдэгдсэн бол түүний араас залгуулаад Ц.Нямдорж “Содномдаржаа, Чимгээ нар шоронд үхэх байсан” гээд Б.Хурцын хэлдгээр ээлжит шоугаа тавьсан. Ингэж С.Зоригийн хэрэг хэрэгсэхгүй боллоо. Гол нь захиалагч нь МАН талдаа байгаа гэх нийт ард түмний таамаглалаас эрх баригчид айн хулчийж сонгуулийн өмнө дахиад эхнээс нь эхлүүлж, шалгаж байна, мөрдөж байна гэж явсаар сонгууль өнгөрөөх ийм л нөхцөл бий боллоо. Сонгуулийн дараа алуурчдынх нь хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй байлаа гэхэд захиалсан улсууд, унаа тэргээр, мэдээллээр хангасан гэдэг ч юм уу, уг хэрэгт холбоотой улсуудын хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, хэрэг нь хэрэгсэхгүй болох ийм нөхцөл байдал үүсч байна.

Олон удаа гуйхаар зөвшөөрсөн шийдвэр гаргадаг хууль гэж төрийн албанд ямар ч заалт байхгүй. Төрийн албаны ажил хуулийн дагуу л явах ёстой. Хуулиас гадна өөрөөр юу ч хийх эрхгүй. Тиймээс прокурорын байгууллага, цагдаагийн мөрдөх албанаас таван удаа санал ирүүлсний дагуу хүлээн зөвшөөрлөө гэж ярихын оронд хууль эрх зүйн үндэслэлээ ярьж, ийм ийм учраас ингэсэн гэдгээ тодорхой хэлэх ёстой байлаа. 25 жилийн нүүр үзсэн, гадна дотныхны хараа хяналт дор байгаа энэ хэргийг цагдаагийн нэг мөрдөгч гуйгаад, түүнийг нь прокурор зөвшөөрөөд шийдчихнэ гэдэг бол арай хэтэрсэн асуудал. Тэгээд түүнийгээ олон нийтэд зарлаж даажигнана гэдэг нь хууль зүйн үүднээс байж боломгүй доромжлол. Үүнд орооцолдсон нэр бүхий мөрдөгч, прокурорыг юуны түрүүнд төрийн албанаас нь холдуулах байлгүй дээ. Тусгаар улсын хууль хүчний байгууллага шүүх, прокурор, цагдаа ийм дампуу байж болохгүй.

С.Зоригийн хэргийн учир удахгүй тайлагдана. Монголчууд бүгдээрээ харна. Орчин цагт аливаа юм хурдан шийдэгддэг, бүх асуудал нээлттэй болсон. Урьд бол хойд урд насандаа харна үзнэ гэж итгэдэг байсан бол одоо бүх юмны учир амархан тайлагдаж гурван сар, гурван жилийн өмнөх асуудал байтугай 30 жилийн өмнөх зүйл үг үсэг, үйлдэлтэйгээ, нэр ус, зураг хөрөгтэйгөө цахим санд хадгалагдаж байгаа. Эцэст нь хэлэхэд, Зоригийн хэргийн жишгээр Монголын шүүх тав гуйхад л та нарын ямар ч хэргийг хэрэгсэхгүй болгоно. Хамгийн гол нь хэдүүлээ аятайхан гуйцгаах нь л чухал.

Д.Батболд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *