Categories
мэдээ цаг-үе

Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая

Монголын зүүн хязгаарт газрын тос олборлосоор 20 гаруй жил боллоо. Очиж үзсэн хүн нүдээрээ харна. Мэнэнгийн тал дахь Хятадын Дачин Тамсагийн газрын тос нэрж буй, манай малчдын хэрэглэдэг тогоруу худаг шиг төхөөрөмжүүд нь Монголын хилийн зогооноос хэдхэн метрийн зайд байдаг юм. Залгуулаад Монголын цаахна бас Хятадын газрын тосны үйлдвэрлэл явагддаг. Дундуур нь хоёр улсын хил л зааглаж буйгаас биш, хэдхэн метрийн наана цаана харагддаг юм. Яг голд нь зогсоод хоёр тийш гараа сунгавал бараг хүрчихмээр гэж хэтрүүлмээр. Хайлаарын ай сав хэмээх нэг бассейнд хоёр улсын хил дамнасан газрын тосны их нөөц байдаг нь энэ. Үндсэндээ хятадууд хоёр талаас нь газрын тос олборлоод олон жил болж байгаа үйл явц. Харин хэдэн өдрийн өмнөөс “Босоо хөх Монгол”-ынхон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хилийн дагуу газрын тосны цооног байгааг, тэр нь үндэсний компани болохыг мэдэж авчээ. Тэгээд нийгэмд үүнийгээ түгээж эхлэв. Тэр нэг “Макс Ойл” гэдэг комани нь улсынхаа торгон хилийн торыг тасдаж хаяад л газрын тос олборлоод байгаа юм байх. Ажилчид нь бүгд хятадууд гэнэ. Миний бие бараг хориод жилийн өмнөөс зүүн хязгаарт явж, газрын тосон дээр очиж, олонтой сурвалжлага бэлдэж, нийтлэл бичиж байлаа. Хорин жилийн өмнөх асуудлыг хоёр өдрийн өмнө гэнэт мэдэж нийгэмд шуугиан тариад эхлэхээр нь “Босоо хөх Монгол”-ынхныг шантаажилж, захиалгаар ажилладаг гэх ярианд итгэх шинжтэй болж эхэллээ. Газрын тосны хайгуул, олборлолт нь маш бага орон зайд явагддагийг хүмүүс мэднэ. Уул ус, ургамал амьтдыг нь сүйтгээд, газар шороог нь эргүүлээд, уул овоолго босгоод байдаггүйгээрээ онцлогтой харагддаг . Газрын тосны баялагтай гадаадын улс орнуудад явж байхад анзаарагддаг нэг зүйл бол сургуулийн хашаанд ч, хотын төвд ч морин толгой нь газрын тосоо сороод, нэрээд ажиллаж байдгийг манайхан мэднэ шүү дээ. Газрын тосны өрөмдлөг хийхэд хааш хаашаа 100 метр газар л хангалттай. “Макс Ойл” компаний өрөмдлөг хайгуул нь өнгөрсөн жил эхэлсэн ч өрөмнөөс нь тос илрээгүй талаар уншсан юм байна. Энэ жил мөн л эрсдэлээ үүрээд үргэлжлүүлж байгаа юм байна. Миний уншсан тэр мэдээнд “Тус компани нь өрөмдлөг хийсэн талбайгаа нөхөн сэргээлтийг хариуцлагатайгаар хийж хүлээлгэж өгсөн тухай сум орон нутгийхан ярьж байна” гэсэн өгүүлбэр бас байсан санагдана.

Монголын үе үеийн бүх л Засгийн газрын хүсэл мөрөөдөл байсан газрын тосны дотоодын эх үүсвэртэй болох ажил уг нь ийнхүү үндэсний нэгэн компаниар эхэлсэн юм шиг байна. Гэтэл зөвхөн Монголд л байдаг тамын тогооны үлгэрийг эхлүүлж, ийм нэг хилийн тор тасдсан гэх гүтгэлэгтэй тулгарч эхэлж байгаа бололтой. Энэ кино хэр олон ангитай үргэлжлэхийг жижигхэн эрх ашиг нь хөндөгдсөн нөхдүүдийн хөрөнгө мөнгөнөөс л шалтгаалах байх даа гэж харж байна. Харин ард түмэн бол аливааг ойлгодог болсоон. Эрсдэл ихтэй энэ салбарт зоригтой алхам хийсэн “Макс Ойл” компанийг аз түшээд тэрхүү ганц хоёр цооногоос нь газрын тос гараад эхлэвэл Монгол Улс л хожно, монголчууд бид л хожно, өөр хэн хожих юм гэдгийг. Гадагшаа жилд нефть бүтээгдэхүүний импортод урсгаж буй нэг тэрбум шахуу ам.долларын урсгал татарна шүү дээ. Эдийн засгийн энэ мэт наад захын үр өгөөж гарч эхэлнэ. Эх оронч үзэл санаа гэдэг бол эдийн засгийн энэ мэт үр дүнг олж хардаг хүмүүст байдаг юм. Гэтэл газрын тосны салбарт 100 хувийн хөрөнгө оруулаад эхэлсэн үндэсний ганц гэж хэлж болох компаниа Хятадынх гээд ажлыг нь хийлгэхгүй байх нь эрүүл үйл явц мөн үү. Монголоос бусад улс оронд бол үндэсний компаниудаа л шүтэж, биднийг тэжээж байгаа, улс орноо авч яваа хэмээн эрхэмлэн дээдэлдэг. Үндэсний компаниа дэмжих дээр нийгмээрээ санаа сэтгэл нэг байдаг. Харин манайхан болохоор ажил хийе, баялаг бүтээе гэсэн үндэсний хэдэн аж ахуйн нэгжээ үргэлж элдвээр гүтгэж, доош нь хийж, гадны гар хөл хэмээн хардаж, үйл ажиллагаанд нь ямар нэгэн муу аргаар саад тотгор хийж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн эмгэнэл юм. Тийм өөдгүй санаатай, жижигхэн эрх ашигтай, буруу гараар хялбархан хөрөнгөжсөн хүмүүсийн гар хөл нь элдэв нэр хаягтай, үндсэрхэг үзэл, эх орон ярьсан хөдөлгөөнүүд болсон гэж судлаачид одоо ил цагаан бичих болжээ. Ийм иргэний хөдөлгөөний, бодлогогүй, боловсролгүй залуусыг өнөөх жижигхэн нөхдүүд гар хөлөө болгож, шантааж хийлгэн мөнгө авдаг талаар хэвлэл мэдээллийн сувгууд их бичиж байна. Тэр нэр нь гараад байгаа “Макс Ойл” компани нь ганц өрөм зоох эрхээ авах гэж Монголын энэ их хүнд суртал дундуур хичнээн жил махаа зулгааж, дарамт зовлон туулсан бол, хөөрхий. Тэгээд нэг юм арайхийн эрхээ аваад ажлаа эхлэх гэтэл … ийм нэг шантаажны, жижиг эрх ашигтай нөхдийн гар хөлүүд хэл ам хийгээд байдаг. Бодоход харамсмаар байгаа юм. Өнөөдрийн Монгол Улсыг энэ хэдэн татвар төлөгч үндэсний компани чинь л авч яваа. Тэрнээс иргэний хөдөлгөөнийхөн, улстөрчид энэ улсыг авч яваа юм биш.

Олон улсад хэрэгждэг, дагаж мөрддөг улсын хил хоорондын Олон улсын конвенц гэж бий. Яг ийм асуудал дээр бол хил дамнасан баялгийн нөөцийг хөрш орнууд эрх тэгш олборлоно гэсэн заалттай. Өнөөдөр тэгвэл Дорнод, Сүхбаатартай хил залгаа байгаа Хайлаарын ай сав дахь газрын тосыг урд хөршүүд өндөр түвшний технологиор, маш хурдтай сорон авч байна. Манай улсын газар нутагт байгаа газрын тосыг доогуур нь сорж байгаа ч юм бил үү, хэн мэдлээ. Урд хөршийнхөн маань бүх нөөцийг шавхчихаас нь өмнө амжиж Монголын ганц ч болтугай аж ахуйн нэгж хайгуулаа хурдан хийгээд, ганц өрөм зоогоод балга тос олборловол Монгол Улсад л ашигтай юм даа. Аз байгаад жаахан ч болтугай газрын тос гарахыг хэн байг гэх юм.

“Босоо хөх Монгол”-ынхноос асууя. Мэнэнгийн тал, Эрдэнэцагааныг дамнасан бассейн болох газрын тосыг зөвхөн гадныхан өмчилчихсөн, тэд л эзэмших эрхтэй юм уу. Монголчууд өөрсдөө гадна дотноос хөрөнгө мөнгө босгоод газрын тосны хайгуул хийж, нөөцийг тогтоож, олборлох эрхгүй юм уу.

Өнгөрсөн ням гаригаас эхлэн өнөөдрийг хүртэл “Босоо хөх Монгол” ТББ-аас “Өр өвтгөсөн өмнөд хил” нэртэй мэдээллийг зориуд тарааж буй нь сэтгүүлчдэд мэдрэгдсэн. Уг мэдээлэлд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй “Макс Ойл” ХХК-д хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг Хилийн цэргийн штабаас болон хилийн 0146 дугаар ангиас хууль зөрчин олгосон, “Макс Ойл” ХХК, БНХАУ-ын компанитай нийлж хилийн торыг сэтлэн ухаж эхэлсэн зэргийг дурдсан. Гэтэл эдгээр мэдээлэл худал болохыг Хил хамгаалах газрын албан тушаалтнууд албан ёсоор мэдэгдэхийг бас харлаа. Тэгвэл сүүлийн найман жил Монголын хууль хяналтын байгууллагыг толгойлон ажилласан, өнөөдөр ч удирдаж байгаа зарим хүмүүс энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Үнэндээ тэднийг илүү бодитой, илүү хариуцлагатай мэдээлэл өгч байгаа гэдэгт итгэж байна. ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин, өнөөдөр дэд сайдаар ажиллаж байгаа Б.Энхбаяр нар ингэж жиргэжээ.

С.БАТХУЯГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *