Монголын кино урлаг дахь Үүрийн цолмон буюу Содура киноны дууны шүлгийн тухайд…
Содура киноны дууны үг
Удган нуурын усанд нь үүрийн цолмон тольдлоо
Үүлэн нулимстай хөх тэнгэр үнэгчлэн сэрлээ
Өдөр өдрийн жаргалаа манаж зүүдлээрэй
Өнжөөд хоноглох гунигийг өрцөндөө нимгэлээрэй
Гурван хөлтэй тулга нь голомтоо сахиад үлдлээ
Дөрвөн улирлын салхираа чимээ чагнаарай
Ян Сарьдгийн цаснаас хүслээ гуйгаарай
Наран өөдөө амьдралд насаа даатгаарай
Сарьдаг өндөр хөвчийн ууландаа
Хүслээ дууданхан шивнэж сөгдөнхөн залбирая
Хүслэээ дууланхан сөнгдөнхөн мөргөе дөө.
Бууриа манасан зүр нь шувууд ирэхийг хүлээнэ
Будант амьдралын жимээрээ нүүдлээ сэлгэлээ
Агаар ус нь ханьсаж амьдрал эвлэх жамтай
Амраг хайрын сэтгэлээ аргадаж тойглоорой хэмээн МУГЖ Б.Сарантуяа зүрхэнд хүртэл дуулдаг. Энэ шүлэг бол сайн шлэг, жинхэнэ дууны яруу найраг болж чадах сонгодог шүлэг.
Удган нуурын ус гэж цаатан ард түмнийг хэлж байгаа юм. Үүрийн цолмон тольдлоо гэдэг нь Содура киноны голд дүрийн бүсгүйгээс мэндэлдэг хүүг цаатан аялгаар Эрдаань Салтаас буюу Үүрийн цолмон гэж нэрлэдэг бөгөөд энэ нь цаатан ард түмний амьдрал түүхийн энэ мөчлөгт үүр цайж байна, шинэ үе ирж байгааг бэлгэддэг.
Үүлэн нулимстай хөх тэнгэр үнэгчлэн сэрлээ гэж хөвсгөлийн их тайгын байгаль хурмастыг сүр жавхаатайгаар дүрслэн үзүүлжээ. Тэнгэрийг үнэгчлүүлж, үүл хурмастыг нулимстай зүйрлэдэг овоо том онгодтой найрагч ажээ.
Өдөр өдрийн жаргалаа манаж зүүдлээрэй
Өнжөөд хоноглох гунигийг өрцөндөө нимгэлээрэй гэх нь өөрийн эрхгүй гуниг төрүүлнэ. Өнжөөд л гуниг төрөөд байна гэдэг бол яах аргагүй өнө холд санаа зовоосон асуудал байна гэдгийг хэлж байна.
Гурван хөлтэй тулга нь голомтоо сахиад үлдлээ гэдэг нь орон нутагт залуус тогтохгүй хот суурин газарлуу нүүн одож цаатны голомт л бөглүү хязгаар тайгадаа хоцорч цаагаа маллаж амьдрах залуус ховордож буйг хэлж байна. Энэ хэрээр цаатан ард түмний соёл уламжлал устан үгүй болж, үлдсэн цөөн хэд нь өөр хоорондоо гэрлэж цус ойротох аюул нүүрлэж байгааг утга зохиол, урлагийн хэлээр уран яруу өгүүлжээ.
Дөрвөн улирлын салхиараа чимээ чагнаарай гэдэг нь Содура киноны гол дүр болон цаатан түмэн цаашид тодорхойгүй хувь заяаны замд аж төрөн байдаг. Ингэхдээ жилийн дөрвөн удирлын янз байдал буюу ирээдүйн өнгө аясыг харж байж л болох байх гэсэн хувь тавиландаа найдаж даатгасан хандлага.
Ян Сарьдгийн цаснаас хүслээ гуйгаарай гэдэг нь өөртэйгөө, өөрийнхөө дотор хүнтэй яриарай гэсэн үг. Цаснаас гуйгаад юу олдох вэ дээ, уран дүрслэл.
Наран өөдөө амьдралд насаа даатгаарай гэдэг нь хувь тавилантайгаа эвлэрч амьдраарай гэсэн үг.
Мөн түүнчлэн гуравдугаар бадаг нь:
Бууриа манасан зүр нь шувууд ирэхийг хүлээнэ гэдэг нь хос буюу гур/эрэгчин гөрөөс/-аа анчинд алдаж хагацал үзэж гоонь ганц болж гунигт живж үлдсэн дүрслэлийг үзүүлж байна. Энэ бол байгаль орчин буюу хууль бус хулгайн ан агнуурын тухай хөндсөн санаа. Урлагийн хэлээр хэлж байгаа илрхийлэл.
Будант амьдралын жимээр нүүдлээ сэлгэлээ гэдэг нь цаатан зон олон цаг жамын аясаар өнгө төрхөө өөрчилж сэргэн мандахын уриа зөнг хэлсэн болов уу.
Агаар ус нь ханьсаж амьдрал эвлэх жамтай
Амраг хайрыг сэтгэлээ аргадаж тойглоорой хэмээн дуусгажээ. Энэ дууны шүлэг бол үнэхээр олон зүйлийг өгүүлж чаджээ. Дууны шүлгийг, дууны яруу найргийг ингэж л бичих ёстой. Содура кионы талаарх судлал шүүмжийн бүтээлээ удахгүй толилуулах болно, дууны шүлгийнх нь тайлал зүйн хувьд ийм байна.