Санхүүгийн зайлшгүй нөхцөл байдлаас шалтгаалан Монголын хөрөнгийн бирж ТӨХК нь өнгөрсөн наймдугаар 4-ний өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд шилжсэн. Үүний хүрээнд байгууллагын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, зэрэг орон тооны цомхтгол хийжээ.. Мөн бусад орон тоог хэмнэх, томоохон худалдан авалтыг зогсоох, бүх төвшинд зардал хэмнэх зэрэг чиглэлээр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд нийт зардлын гүйцэтгэлийг 23 хувиар бууруулжээ. Ингэснээр Монголын хөрөнгийн бирж нь ирэх сарын 1-ний өдрөөс санхүүгийн хэвийн горимд шилжих нөхцөл бүрдэж байгаа талаар Монголын хөрөнгийн бирж мэдээлэв. Өнөөдрийн байдлаар дотоодын болон гадаадын аливаа аж ахуйн нэгжид хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байгаа аж. Хэмнэлтийн горим амжилттай хэрэгжих гол үндэс суурь нь тус биржийн нийт ажилтан өөрсдийн санаачилгаар цалингаа 30 хувиар бууруулах шийдвэрийг гаргасан явдал байлаа. Бараа үйлчилгээний үнийн өсөлттэй үед дээрх шийдвэрийг гаргаж байгууллагын санхүүг хэвийн байдалд хүргэхэд чухал нөлөө үзүүлсэн нийт хамт олондоо байгууллагын зүгээс талархал илэрхийлж буй гэнэ. Хэдийгээр санхүүгийн хувьд хэмнэлтийн горимд байсан ч дээрх хугацаанд Монголд нэн ашигтай нөхцөлөөр Лондоны хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаагаа дахин гурван жилээр сунгасан, Засгийн газрын үнэт цаасны арилжааг гурван жилийн дараагаар Хөрөнгийн биржид дахин сэргээсэн, хяналт, бүртгэл болон гишүүнчлэлийн цогц журмуудыг шинэчлэн Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулсан зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Categories