Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн
тамирчид “Рио-2016” зуны 31 дүгээр олимпийн наадамд одоогоор 13 тамирчин
оролцох боломжтой болоод байна. Энэ үзүүлэлтээрээ Монголын жүдо дэлхийд
дөрөвдүгээрт эрэмблэгдэж байгаа бөгөөд эрэгтэй 7, эмэгтэй 6 жинд
төлөөллөө оролцуулах боломжтой байна. Манай жүдо бөхийн шигшээ баг
Лондонгийн олимпод 9 эрх авч байсан бол Рио де Жанейрогийн олимпийн
циклд амжилт арвин байж 13 эрхийг өөрийн болгоод байна. Энэ нь жүдо
бөхийн өлгий нутаг Япон, олимпийн наадмыг зохион байгуулагч Бразил,Франц
улсын багийн араас бичигдэж байна. Манай улстай хамт Германы баг 13
эрхтэй дөрөвдүгээрт бичигдэж байгаа бол БНСУ, ОХУ, БНХАУ гэх мэт их
гүрнүүд Монгол Улсын ард бичигдэж байна.
Олимпийн эрхийн сүүлийн Гран При Казахстаны Алматыд болоход эмэгтэй
70 кг-ын жинд зодоглосон ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал мөнгөн медаль
хүртэж чансаагаа 180 оноогоор ахиулснаар дэлхийн чансаа 17 руу дэвшснээр
албан ёсоор олимпийн эрхийн онооны бүст багтсан юм. Улмаар түүний
энэхүү онооны ачаар ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд тивийн куотаар олимпод
оролцох боломжтой боллоо.
Өмнө нь тивийн олимпийн эрхийн куотаар Лондонд гавьяат тамирчин
Доржсүрэнгийн Сумъяа оролцож байсан бол энэ удаад П.Лхамдэгд энэхүү
эрхийг эдлэх боломжтой юм. Гэхдээ энэхүү эрхийн байраа манай тамирчид
олимпийн эрхийн сүүлчийн “World Masters” тэмцээнд хадгалж чадвал Риог 13
тамирчин зорино.