Categories
мэдээ нийгэм

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлээс УИХ-д мэдэгдэл хүргүүллээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2020 оны төсөв хэлэлцэхтэй холбогдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр эрүүл мэндийн төсөвт зайлшгүй тусгах асуудлаар УИХ болон Засгийн газарт мэдэгдэл хүргүүллээ.

Хуралд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Анхболд, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн Чих, хамар хоолойн их эмч Сарантуяа, Эмгэг судлалын үндэсний төвийн Үйлдвэрчний хорооны дарга Энхжаргал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Үйлдвэрчний хорооны дарга Энхсайхан, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Үйлдвэрчний хорооны дарга, мэс заслын эмч, Монгол улсын элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн гишүүн Цэнджав, Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн Үйлдвэрчний хорооны дарга их эмч Өнөрсайхан,Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний хорооны дарга их эмч Ариунаа, Баянгол дүүргийн Үйлдвэрчний хорооны дарга Оюунбилэг, Сонгонохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Үйлдвэрчний хорооны дарга сувилагч нарын төлөөлөл Энхцэцэг, салбарын хорооны дэд дарга Нарантуяа нар оролцлоо.

Тус хурлаар 2018-2019 онд Төрийн албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүлэх ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалин орлогыг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 72.1 дэх заалтын дагуу 22 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд ажилласан эмч, сувилагч,ажилтанд “Шөнийн цагийн нэмэгдэл” олгож байхыг хүссэн юм. Ингэхдээ нэг цаг тутамд 2000 төгрөгөөс доошгүй тооцож олгоход шаардагдах төсвийг цалингийнтөсвийн ангилалд шинээр тусгах замаар хэрэгжүүлэх хэрэгтэй гээд унаа, хоолны хөлсийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын тухайн жилд батлагдсан төсвийн 0.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулахаар 2020 оны төсөвт тусгах, тэр дундаа хөдөлмөр хамгаалал, нормын хувцасны зардлыг 2 дахин нэмэгдүүлэх нь зүйтэй гэж байв. Мөн эмч сувилагч бэлтгэж буй тогтолцоог шинэчлэх, төрөөс үнэ төлбөргүй сувилагчийг бэлтгэх асуудлыг 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна хэмээн мэдэгдлээ.

Дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор дараахь зүйлсийг тодруулсан юм.


-Эмнэлгийн байгууллагуудын яг аль салбарт нь сувилагчийн хүрэлцээ муу байдаг вэ?

-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Үйлдвэрчний хорооны дарга Л.Энхсайхан “Сувилагчийн хүрэлцээ дэлхий дахинд муу байдаг. Гадны улс оронд нэг эмчид хоёр сувилагч оногддог бол манай улсад нэг эмчид 1 сувилагч оногддог. Сувилагч олон өвчтөний өдөр тутмын эмчилгээг хянаж, эмчилгээг нь хийдэг. Тийм учраас зохистой хэмжээний орон тоогүй бол эмчлүүлэгчдээтавих хяналт муудна. Сувилагчийн ажлын байр бүх эмнэлэгт байгаа ч ажиллах хүн хүчээр дутмаг байна. Яагаад улсын эмнэлгүүдэд ирж ажиллахгүй байна гэхээр хувийн эмнэлгээс цалин бага өгдөг. Тийм болохоор манай үйлдвэрчний эвлэлийнхэн ядаж сувилагчаа үнэгүй бэлтгээд өг эсвэл эмчийн төлбөрийгнэм гэсэн санал тавьж байна. Цэрэг цагдаа шиг үнэгүй болгоод өгвөл сурах хүн нь олон болно. Төгсөгчдөд бэлэн ажлын байр байна. Тэгвэл хүмүүст үзүүлж байгаа тусламж нь чанартай болно. Нэг хүн таван хүнд тариа хийх өөр, хоёр хүн таван хүнд тариа хийх өөр” гэлээ.

Гадны улс орнуудад сувилагчийн илүү цагийн ажлыг, тэр дундаа шөнийн ээлжний нэмэгдлийг хэрхэн тооцдог юм бол?

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ө.Анхболд: Олонулсад шөнийн нэмэгдэл нь тухайн хүний цалингийн 30% байдаг бол бид улс эх орныхоо нөөц бололцоонд тохируулж нэг цагийн ядаж 2000 төгрөгөөр тооцдог болгооч ээ гэсэн саналыг тавиад байгаа юм. Үүнийгээ бид хамгийн боломжит хувилбар гэж үзэж байгаа. Монгол улсад шөнийн ээлжинд ажилладаг 2500 сувилагчид ойролцоогоор хоёр тэрбум төгрөгийг эхний ээлжинд төсөвлөхөд болно. Тэгвэл ард иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар нэмэгдэнэ.

Дээрх асуудлаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ий холбооноос төсөв өргөн барихаас өмнө Эрүүл мэндийн яам, хөдөлмөр нийгмийн намгааллын яам, Сангийн яаманд санал, мэдэгдэл, зөвлөмж хэлбэрээр удаа дараа хандаж байсан ба эрүүл мэндийн салбарын хэлэлцээрт ч туссан хэдий ч төсөв тусгагдаагүй гэх үндэслэлээр өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа тул ийнхүү дэмжлэг хүсчээ.

М.Болор-Оюун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *