Өнөөдөр Шинжлэх ухааны академи дэлхийн оюуны өмчийн өдөр, дэлхийн номын өдрийг тохиолдуулан “Номын цахим дэлгүүр”-ээ нээлээ. Тус дэлгүүр нь Монголын бүх эрдэмтэн судлаачдын бүтээл туурвилуудаас гадна онолын болон танин мэдэхүй, хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүнийг олон нийтийн хүртээл болгож буйгаараа онцлогтой аж.
Нээлтийн ёслолд ШУА-ын Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Чулуунбаатар, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Авид, БСШУСЯ-ны соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн нарын хүмүүс оролцлоо. Шинжлэх ухааны академи нь салбарын мэдээллийн менежментийг хөгжүүлэх, байгууллагын дотоод мэдээллийн системийг шинэчлэх ажлын хүрээнд зохион байгуулсан ажлыг нэг болж байгаа гэв. Цахим номын худалдааны сайтад эрдэмтдийн бүтээлийг нийгмийн ухаан, байгалийн ухаан, анагаах ухаан, хөдөө аж ахуй, техник технологи гэсэн салбарт бүрээр ангилан байршуулжээ. Дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан долоо хоногийн турш бүх ном 20 хүртэлх хувийн хямдралтай худалдаалагдах юм байна.