Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын эдийн засагт итгэх иргэдийн итгэл буурсаар байна

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс хоёр  улирал  дараалан буурсан дүнтэй гарсныг Нээлттэй нийгэм форум, Монголын санхүүгийн зах зээлийн холбооны нэгдсэн судалгааны дүн өгүүлэв.  Оны эцэс гэхэд 174 байсан Хэрэглэгчийн хүлээлтийн индекс   2014 оны нэгдүгээр  улиралд 167,58  болж  буурсан бол хоёрдугаар улиралд 145 болж буураад байна. ХХИндексийн дэд  индикаторууд болох өнөөгийн нөхцөл  байдлын индикатор 55.85 болж өмнөх улирлаас өссөн боловч ирээдүйн нөхцөл байдлын индикатор 52.88 болж өмнөх  улирлаас буусан  юм.

Өнөөгийн нөхцөл байдлын индикатор –55.85 байгаа  бол  ирээдүйн нөхцөл байдлын индикатор –52.88   байна.

Энэхүү  уналтын байдал нь Монголын эдийн засагт итгэх иргэдийн итгэл буурсаар байгааг харуулж байгаа юм.

Үүнээс дүгнэхэд иргэдийн амьдрал огцом дордоогүй ч  ирээдүйд муудах вий гэсэн айдас өндөр байна. 

Энэхүү  ирээдүйгээ харах сөрөг хандлагыг  бий болгосон үйл явдлуудад  улс төрийн тогтворгүй байдал, ам.долларын ханшийн өсөлт,  уул уурхайн салбарын зогсонги байдал, хөдөлмөрийн зах  зээлд  өрнөж буй томоохон цомхотголууд зэргийг дурдаж болно. Харин өнөөгийн нөхцөл байдлын  индикатор тогтвортой хадгалагдсаар байгаа нь орон сууцны  үнэ, ипотекийн зээл зэрэг буюу өдөр тутмын амьдралд  нөлөөлөх хүчин зүйлс нь эерэг үзүүлэлттэй байгаатай холбоотой.

 Дараагийн онцлох үр бол инфляцийн хүлээлт юм. 

Инфляцийн  хүлээлт өмнөх улирлаас сөрөг үр дүнг үзүүллээ. Судалгаанд  оролцсон нийт иргэдийн 54 хувь нь ирэх  нэг жилийн хугацаанд  инфляци өснө гэсэн хүлээлттэй байхад 18 хувь нь буурна хэмээн хүлээж байгаа ажээ. Харин үлдсэн 30 хувь нь өөрчлөлт гарахгүй болов уу хэмээн таамаглаж байна. 

Өнөөдрийн  байдлаар улсын хэмжээнд инфляци 14.6 хувьтай байгаа юм. 

Гурван  ажилтан бүрийн нэг нь  ажлын байраа тогтворгүй хэмээн  дүгнэжээ

Энэ улирлын хувьд онцлох үзүүлэлт нь ажлын байрны тогтворгүйбайдал байлаа. Нийт судалгаанд оролцогчдын 1/3 нь буюу 33 хувь нь ажлын байраа тогтворгүй гэж үзэж байна.

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс нь дэлхийн олонхи хөгжингүй орнуудад тухайн улс өөрийн  иргэдийн хэрэглээндээ зарцуулж байгаа зардлын ирээдүйн хандлагыг тодорхойлох зорилгоор тооцдог өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн индикатор юм. 

Аливаа нэгэн улсын эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлохын тулд тэргүүлэгч буюу эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг харуулдаг индикатор болон улс орны эдийн засгийн тухайн үеийн төлөвийг харуулдаг индикаторыг тооцож үзэх шаардлагатай болдог. ХХИ нь эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг урьдчилан харуулдаг тэргүүлэгч  индикатор бөгөөд зах зээлийн эдийн засагтай орнуудын хувьд тухайн улсын эдийн засгийн ирээдүйн хандлага нь эдийн засаг дахь хэрэглэгчдийн үйл хөдлөл, эдийн засгийн ирээдүйн төлөв байдлын талаархи хүлээлт, тэдгээрийн хэрэглээндээ зарцуулж байгаа зардлын хэмжээ зэргээс голчлон хамаардаг болсон учраас дэлхийн олон улс орон хэрэглэгчдийнхээ үйл хөдлөл, хүлээлт дээр тулгуурласан энэ индексийг 

тооцож, шийдвэр гаргалтандаа чухал үзүүлэлт болгон ашигласаар ирсэн байна. 

ХХИ нь зөвхөн бодлого боловсруулагчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хувьд бус бизнес эрхлэгчдийн хувьд ч ирээдүйн төлөвлөлт, шийдвэр гаргалтандаа ашиглаж болох мэдээллийн чухал эх үүсвэр болдогоороо ихээхэн ач холбогдолтой юм. 

Ийм учраас дэлхийн хөгжингүй орнуудад энэ индекст ихээхэн ач холбогдол өгч, тогтмол тооцсоор ирсэн. Тухайлбал, Америкийн Conference Board, Германы ZEW зэрэг байгууллагууд энэ индексийг  тогтмол тооцдог бөгөөд индекс нь эдийн засгийн ирээдүйн чиг хандлагыг гайхалтай зөв харуулж чаддаг нь батлагдсан 

байна. Манай улсын хувьд  Санхүүгийн Зах Зээлийн Холбоо болон Нээлттэй Нийгэм Форум 2010 оны нэгдүгээр улирлаас хамтран энэхүү индексийг тооцож байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *