Categories
мэдээ цаг-үе

Монголын дундаж давхаргыг манай 200-гаадхан олигархи хувааж идсэн

Монголын эдийн засаг арван тэрбум ам.доллараар хэмжигддэг. Гуравхан сая хүн амтай Монгол Улс дэндүү ядуу байна. Цөөхөн хүн хэт баяжиж, дундаж давхарга бий болохгүй байна. Нийгмийн дундаж давхарга үүсэх тэр боломжуудыг гарын арван хуруунд багтах хэдхэн том компани хаагаад байгаа юм. Тэд бүх салбар руу хүч түрэн орчихоод шинэ бизнес эрхлэгчдэд ямар ч орон зай олгодоггүй. Хүнсний бүтээгдэхүүний худалдаагаар олонд танигдсан хэрнээ цаанаа арав гаруй охин компани байгуулж, үйл ажиллагаагаа тэлсэн байх жишээтэй. Том хөрөнгө зоорьтой эрхмүүд барилга, боловсрол, үйлдвэр, үйлчилгээ, банк санхүү, хэвлэл мэдээлэл, уул уурхай, эрүүл мэнд зэрэг бүхий л салбар руу шургалан дайрч ороод ноёрхлоо тогтоочихдог. Тийшээ шинэ бизнес эрхлэгчид хөл тавих нь эрсдэлтэй. Хэрэв олигархиудын босгосон ханыг цөмлөн орж чадлаа гэхэд цаашид өсөн дэвжиж чадахгүй. Тэр бүх эдийн засгийг нь өнөөх “мангас”-ууд аль хэдийнэ эзэрхийлчихсэн учраас Монголд дундаж давхарга үүсэх нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа юм.

Монголчуудыг ядуу нэрнээс салгах цорын ганц гарц нь дундаж давхаргыг бий болгох. Жижиг дунд үйлдвэрлэл бий болох бүхий л бололцоог эдгээр томчуул тасалж байна. Ард түмэн цалингаас цалингийн хооронд зүдрүүхэн амьдарч байхад баячуудын мөнгө нийгэмд өгөөжөө өгөхгүй байна. Монголд ердөө 200-хан айл баян тансаг амьдралтай гэдэг. Тэд хамаг мөнгөө оффошорт л зузаатгадаг. Энэ нь татвараа төлдөггүй гэсэн үг. Тэрүүгээрээ дотооддоо ядаж нэг томоохон үйлдвэр байгуулчихгүй байж хаа нэгтээ халуун оронд арал худалдан авдаг гэсэн. Дүн өвлийн хүйтэнд утаатай улсаасаа зугтаж, тэндээ жаргалтай амьдарч байна.

Ер нь нийгэм баян хоосноороо ялгарах нөхцөлийг бүрдүүлж байгаа бизнесийн талбар дахь түрэмгийллийг зохицуулах хуультай болмоор байна. Боловсрол бол боловсролоороо, хэвлэл мэдээлэл бол хэвлэлээрээ, уул уурхай бол уул уурхайн салбараараа дагнан үйл ажиллагаа явуулж, бусдадаа боломж олгох хэрэгтэй. Аминчхан үзлээсээ татгалзаж, аль нэг салбартаа манлайлал нь байж яагаад болохгүй гэж.

Монголын эдийн засагт ноёрхлоо тогтоосон арван том компанийг цувралаар танилцуулъя. Хэн, хэн хичнээн салбарт эзэн суусан нь эндээс тод харагдана. Энэ удаад “Номин холдинг” болон “АПУ” группийг тодотгоё.

“НОМИН”-ГИЙН ХЭДИЙГ “НОМИН” ДЭЛГҮҮР НЬ ТЭЖЭЭЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БОЛОВ УУ

А.Шагдарсүрэн эзэнтэй “Номин Холдинг” ХХК-ийн үйл ажиллагаа 1992 оноос эхлэлтэй. Анх “Номин-5” хувиараа эрхлэх аж ахуй нэртэйгээр байгуулагдаж байсан тус компани арван жилийн дараа гэхэд “Номин Холдинг” ХХК болж өргөжсөн юм билээ. Өнөөдөр тус компани худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын салбаруудад хүч түрэн орж ирсэн. Одоо 12 охин компанитай. Улаанбаатарт төдийгүй орон нутгуудад салбаруудаа нээн ажиллуулж байгаа. “Номин” гэхээр хүмүүс супермаркетаар нь сайн мэддэг. Тэгвэл эднийх Улаанбаатар хотод Улсын их дэлгүүрээс гадна хоёр ч их дэлгүүр, долоон супермаркет, найман хайпермаркет, арван бөөний худалдааны төвтэй. Мөн Дархан, Эрдэнэт, Дорнод, Ховд, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь зэрэг аймгуудад салбар, худалдааны төвүүдээ нээсэн. “Номин” хүрсэн эдгээр аймгуудад хэн дэлгүүр нээж зориглох юм бэ. Учир нь ашиг олохгүй.

“Номин холдинг” санхүү, даатгалын салбарт нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Бүх аймагт салбартайгаас гадна явуулын худалдаагаар сумдад хүрдэг, даатгуулагчдын тоогоор тэргүүлдэг байна. Мөн энэ салбарт “Номин юнион” хадгаламж зээлийн хоршоотой. Хоёр жилийн өмнө нийт хөрөнгө 31.06 тэрбум төгрөгт хүрч, 24.19 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 24.13 тэрбум төгрөгийн зээлийн багцтай болж өргөжсөн дүнтэй байсан. Дээрээс нь нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөтэй “Номин карт” банк бус санхүүгийн байгууллагатай юм билээ.

Харин “Номин Констракшн Девелопмент Групп” нь барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт тэргүүлэгчдийн нэг. Үйл ажиллагаа нь 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилттай явагдаж байгаа. Сүүлийн таван жилийн хугацаанд өөрийн бүтээн байгуулж буй хотхон хорооллуудын орчны тохижилтыг хийсэн. “Номин”-гийнх энэ салбарт бас “Эрдэнэт хивс”, “Экобус”, “Эко пластик” гэсэн гурван том үйлдвэртэй. 30 гаруй жилийн түүхтэй “Эрдэнэт хивс” компанийг “Номин Холдинг” хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр 2014 онд өөрийн болгосон байдаг. “Эко пластик” үйлдвэрийнх нь тухайд төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүн, гялгар уут үйлдвэрлэхээс гадна хоёрдогч түүхий эд буюу дахиврыг дахин боловсруулдаг гэнэ. “Экобус”-ыг монгол инженерүүдийн ур ухаанаар үйлдвэрлэдэг байгальд ээлтэй нийтийн тээвэр гэдгээр нь монголчууд хэдийнэ мэдэх болсон. Тэгвэл энэ үйлдвэр мөн л “Номин”-гийн мэдлийнх юм байна.

Худалдаа, үйлчилгээний салбарт “Номин Холдинг” 18 жилийн туршлагатай болжээ. Монголд хамгийн анх супермаркетын өөртөө үйлчлэх системийг нэвтрүүлж байсан “Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүдээр сард давхардсан тоогоор нэг сая гаруй хүн үйлчлүүлдэг байна. Энэ салбарт ийм өргөн зах зээлийг эзэлчихсэн “Номин”-той зэрэгцээд тэднээс илүү ашиг олно гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил биз ээ. Бас болоогүй гадаад худалдааны салбартаа манлайлагч. “Номин”-гийн гадаад худалдаа нь цахилгаан барааны “Электроникс”, хүнсний “Фүүдс”, гэр ахуйн тавилгын “Хоум стайл”, бэлэн хувцасны “Фэйшн”, гоо сайхны “Косметикс”, барилгын материалын “Стандарт”, автомашин, засвар үйлчилгээний “Моторс”, эрчим хүчний “Энержи” гэсэн чиглэлээр тэлж, байр сууриа аль хэдийнэ бэхжүүлсэн байна.

Үйлчилгээний чиглэлээр “Номин”-гийнх нийгмийн эрэлттэй бүхий л салбарт хүч түрэн орсон байгаа юм. “Номин Кидс” гэдэг цэцэрлэгтэй. “Соёмбо” харуул хамгаалалтын албатай. Мөн айл гэр, албан тасалгааны цэвэрлэгээний үйлчилгээ, ногоон байгууламжийн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг явуулдаг албатай. “Номин”-гийн үйлчилгээ нь аялал жуулчлалын салбарт “Хөвсгөл усан зам” компанитай. Энэ нь Хөвсгөл нууран дээгүүр “Сүхбаатар” хөлөг онгоцоор аялал зохион байгуулдаг байна. Эдгээрээс гадна “Номин”-гийнх “EMPIRE FIT­NESS”, химийн лаборатори, хөргөлттэй агуулах, ачаа тээвэр, механизмын үйлчилгээ эрхэлдэг. Дээрээс нь олон улсын тээврийн үйлчилгээний “Номин ложистик” компани бий. Бас “Номин”-гийнх мах, махан бүтээгдэхүүний салбар руу ханцуй шамлах болсон. Гахай, тахиа, хонь, үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг ангилан савлаж бүх салбар дэлгүүрээрээ нийлүүлдэг байна.

“Номин холдинг”-ийн охин компаниудын нэг болох “Номин Реалтор” обьектын ашиглалт, засвар үйлчилгээ, түрээс зэргийг хариуцан ажилладаг аж. Хуучин болон шинэ орон сууцны худалдаа зуучлал, орон сууцны, оффисын талбайн түрээсийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Ийнхүү “Номин”-гийнх уул уурхайгаас бусад салбарт оршин тогтнож чаджээ. “Номин” хэмээх вант улсыг илэрхийлэх “Өнөр-1” хороололд тус компанийн дэлгүүр, худалдаа, цэцэрлэг гээд бүх үйлчилгээ байдаг. Тухайн хотхонд үйл ажиллагаа явуулж, бизнесээ эхлүүлэх хүсэлтэй хэн ч орох боломжгүй гэсэн үг.

“АПУ”-ГИЙН ЭЗДЭД “АПУ” КОМПАНИ НЬ ХАНГАЛТТАЙ БАЙМААР ЮМ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг “АПУ”-гаар овоглохоор хүн бүр танина. Архи, пиво, ундаа үйлдвэрлэдэг “АПУ” компани нь 1924 онд байгуулагдсан түүхтэй. Сүүлд эдний үйлдвэр сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, жүүсний зах зээлд хүч түрэн орж ирсэн. “АПУ” компани Г.Батхүүгийн мэдэлд очсоноор группийн хэмжээнд өргөжин тэлж, 13 охин компанитай болсон байна. Одоо энэ компанийг түүний дүү Г.Батсайханаар овоглох болсон. Харин Г.Батхүү нь хөдөө аж ахуй, эрчим хүч, эрүүл мэнд, гадаад, дотоод худалдаа, уул уурхай, барилга, авто сервис, тээвэр гадаад худалдааны салбарт бизнес эрхэлдэг. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт “Шунхлай агро”, эрчим хүчний “Пауэр юнит”, эрүүл мэндийн салбарт “Интернэншнл медикал сентер” компани, Авто сервесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол хюндай киа”, “Хюндай моторс монголиа”, барилгын “Грийн эйр гарден”, “Монголиан роуд констракшн”, “Колбекер эм эн жи”, уул уурхайд “Жи Эс Би Ресурс”, “Шунхлай майнинг”, газрын тосны “Шунхлай групп”, “Шунхлай говь”, “Шунхлай”, “Шунхлай петролиум”, гадаад дотоод харилцааны “Импортант сольюшн”, “АПУ трейдинг” компаниудыг тэднийх гэх юм билээ. Г.Батхүү нийт 24 групп, компанийн 50-100 хувиудыг эзэмшдэг гэж байна. Үүнээс гадна Скаймедиа интернэт, IPTV, Wimax утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлдэг “Скайтел” ХХК-ийн “СКАЙМЕДИА КОРПОРАЦИ” ХХК-ийн томоохон хувьцаа түүний гарт бий. Мөн Г.Батхүүгийн мэдэлд аялал жуулчлал, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлдэг “Ван Трейд”, зоогийн газар, үйлчилгээ явуулдаг, “Их Монгол” ресторануудыг багтаасан “Грийт Эмпайр” ХХК, “АПУ”-гийн шил, лааз, баглаа боодол хариуцсан “Депод” ХХК, ноолууран бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч “Блю Скай Кашемир ХХК, ачаа тээврийн “SUN TRANS” ХХК зэрэг багтдаг байна. Хэдэн жилийн өмнө “АПУ”-гийнхан Богд хааны музейн газрыг хүч түрэн авч, өөрийн бизнесээ өргөжүүлэхэд зориулж байгаа. Тухайн үедээ уг үйл явдал нэлээд хэл ам дагуулж, салбарын яам нь хүртэл анхааралдаа авч, хориг арга хэмжээ авсан боловч мөнгөнд хүчин мөхөстсөн юм.

Улстөрчид, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс хэвлэл мэдээллийн салбарыг өөрийн болгох явдал хэвийн үзэгдэл болсон. “АПУ”-гийн Г.Батхүү нь бүхэл бүтэн медиа групптэй. Тус групп нь “NTV” телевиз, “FM 107” радио, “Гоодаль” сэтгүүл, “Гоодаль” фото студи, “NTV” продакшн, “Нийслэл guide” сэтгүүл, “Time.mn” мэдээллийн сайт, “ONTV” телевиз, “Оранж энтертаймент” гэсэн бүрэлдэхүүнтэй. Медиа группийн 50 хувийг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, 50 хувийг түүний дүү П.Батсайхан эзэмшдэг байна.

Ийм том хөрөнгө бэлтэй хүмүүс хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэх байх гэж горьдмоор. Гэвч хэвлэл мэдээллийг зөвхөн зэвсгээ болгон ашигладаг болохоор цаашдын хөгжил ирээдүйд нь огтхон ч санаа зовдоггүй. Тэд чөлөөт хэвлэл мэдээллийн хөгжилд садаа болохоос хэтрэхгүй байна. Монголд чөлөөт хэвлэл хөгжихгүй байгаа гол шалтгааны нэг бол эзэд нь өөрсдөө хэвлэл мэдээллийг эрхэлдэггүй, түүнийг аливаа бизнес болон улс төрд нэр нөлөөгөө дээшлүүлэх, хамгаалах хэрэгсэл мэтээр ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, дагавар бизнес маягтайгаар байлгадагт байгаа юм. Тэдгээр том олигархиудын хажуугаар салбарын жинхэнэ мэргэжлийнхэн зүтгэн орж, хэвлэл мэдээллийн алба байгуулъя гэсэн ч орон зай байхгүй байна.

Монголын бүх салбарыг хэдхэн компани эзлээд байхаар ямар ч дундаж давхарга бий болох нөхцөлгүй. Хөлд орж байгаа хүүхдийг гүйлтийн тамирчин Усайн Болттой уралдуулж байгаа мэт ялгаатай байхад ямар тэнэг нь бизнес оролдох билээ. Зүгээр хөлсний ажилчдыг л бий болгохоос өөр замгүй харагдаж байна. Том компаниуд хөрөнгө чинээ, улс төрийн нөлөөгөө ашиглаж эдийн засгийг таг барьчихсан ийм жижиг оронд ядуурлаас өөр зам харагдаж байна уу. Ядуурлаас ажил хийж, жижиг бизнесээ хөгжүүлж, томруулж байж гардаг. Гэтэл тэр бүх боломжийг монополио тогтоосон энэ хэдэн том компани тас хориглоод удаж байна.

Үргэлжлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *