Categories
мэдээ нийгэм

​Монголын бизнес эрхлэгчдийг гадаадын түншүүдтэй холбох “Expo Mongolia-2017” болно

Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч, Монголын эдийн засаг 17 хувиар огцом дээшилж байсан үе саяхан. Харин өнөөдөр манай улс төр, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа нь бизнесийн салбарынхны үйл ажиллагаанд яалт ч үгүй нөлөөлж байна. Ийм нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголдоо татах, дотоодын бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлж, тэлэх том боломжийг “Expo Mongolia” олон улсын бага хурал, үзэсгэлэн олгох юм байна. Өнөө жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Мишээл экспо”-д болох ажээ. “Expo Mongolia” нь компаниудыг түншээ олох, гэрээ хэлэлцээр байгуулахад нь холбосон гүүр болдог учраас бизнесийнхний дунд нэлээд хүлээлт үүсгэсэн арга хэмжээ болж чаджээ. Дээрээс нь бүх салбарыг багтаасан өргөн цар хүрээг хамардаг нь бусад үзэсгэлэн яармагуудаас онцлог давуу талтай.

Энэ удаагийн чуулга уулзалтад гадаад дотоодын 40 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлжээ. Тухайлбал, ХБНГУ, БНХАУ, Итали, Беларусь, Солонгос, Монголын аж ахуйн нэгж, компаниуд сүүлийн үеийн технологийн шийдлүүдийн талаар танилцуулах юм. Мөн “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэнгийн үеэр хөрөнгө оруулалтын сэдэвтэй бага хурал болох ажээ.

Өнгөрсөн жилүүдийн статистик мэдээллээс сонирхуулахад, эдийн засаг өсөлттэй байсан 2012, 2013 онд “Expo Mongolia”-д 20 орчим орны 100 хол давсан компани оролцож, үзэсгэлэнг зорьж ирсэн зочдын тоо дөрвөн мянгад хүрч байжээ. Тэр хэрээр манай худалдаа, үйлчилгээний салбар дахь худалдан авалт нэмэгдэж, зочид буудлуудын ашиг орлого сайжирч, онгоцны тийзийн борлуулалт ихэссэн гээд эдийн засгийн үзүүлэлтүүдэд бодитой үр дүн өгөөжтэй байв. Харин өнгөрсөн 2016 оны тухайд дэлхийн эдийн засаг таатай байгаагүйтэй холбоотой оролцогч орнуудын тоо хоёр дахин буурсан ч гурван мянга орчим гадаад, дотоодын зочид төлөөлөгчид үзэсгэлэнг сонирхохоор ирсэн юм. Энэ бол “Expo Mongolia” арга хэмжээ олон улсад танигдаж, ач холбогдол өндөртэй болсныг илэрхийлж байна. Жил бүр “Экспо Монголиа” үзэсгэлэнд ХБНГУ, Австри, Чех, Итали, Канад, Орос, Солонгос, Япон зэрэг дэлхийн олон орны шилдэг техник технологи үйлдвэрлэгчид оролцсоор ирсэн уламжлалтай. Үзэсгэлэн яармагийн үр дүнгийн тухайд ХБНГУ-ын Siemens,Thyssenkrupp, Aquatherm зэрэг шилдэг компаниуд Монгол Улсад өөрийн төлөөлөгч компанийг байгуулж, манай улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байгаа гэнэ.

Үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд татахын тулд бүтэн жилийн өмнөөс бэлтгэл ажилдаа оржээ. Тиймээс “Expo Mongolia-2017” олон улсын үзэсгэлэн бага хурлын хүрээнд дэвшүүлсэн хэд хэдэн зорилтуудыг хэрэгжүүлэх болсноо хэвлэлийн бага хурлын үеэрээ дуулгалаа. Тухайлбал, зах зээлийн боломж, хөрөнгө оруулалт, ирэх оноос хэрэгжүүлэх төслүүдийн талаар танилцуулга хийх ажээ. Мөн гадаад дотоодын мэргэжилтнүүд техник технологи, инновациа дэлгэж, илтгэл, дугуй ширээний зөвлөгөөн, workshop, семинар зохион байгуулах юм байна. Зөвхөн үзэсгэлэнд оролцогчдод зориулан урьдчилан сонгосон хэрэглэгчидтэй уулзах боломжийг бүрдүүлж өгөх менежментийн үйлчилгээг зохион байгуулна гэлээ.

“Expo Mongolia” олон улсын бага хурал, үзэсгэлэнг зохион байгуулагч Германы хөрөнгө оруулалттай “ЁОТ ФАУ КОНСАЛТ” компанийн тухай товчхон сонирхуулъя. Тус компани 2012 оноос Монгол Улсын Засгийн Газар болон Улаанбаатар хотын нөхөрсөг дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын Хамтын ажиллагаа, Эрчим хүчний яам, Германы Машин механизм Үйлдвэрлэлийн байгууламжийн холбоо (VDMA)-той хамтран олон улсын энэхүү үзэсгэлэн, бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. Тэд бизнесийн төлөөлөгчид, оролцогч талуудыг VIP уулзалтад холбож өгөхөөс гадна зөвлөх үйлчилгээнүүдийг үзүүлдэг юм байна. Үзэсгэлэнгийн тохижилт, талбайн орчинг олон улсад мэргэшсэн баг хамт олон, Европын стандартын дагуу, орчин үеийн техник технологийг ашиглан чанарын өндөр түвшинд угсарч тохижуулдаг уламжлалтай аж.

“ЁОТ ФАУ КОНСАЛТ” компанийн толгой болох “Expo Mongolia 21 GmbH” нь олон улсын үзэсгэлэн яармагийн барилга байгууламж, менежментийн чиглэлээр Германы болоод дэлхийн олон улс орнуудтай хамтран ажиллаж ирсэн 30 гаруй жилийн туршлагатай гэнэ. Үүнээс гадна, европын өндөр стандартын дагуу жил бүр 26 үзэсгэлэнг зохион байгуулдаг, олон улсад нэр хүндтэ компани юм.

“ЁОТ ФАУ КОНСАЛТ” ХХК нь Монгол Улсад “Expo Mongolia” үзэсгэлэн, хурлыг зохион байгуулахаас гадна ХБНГУ-ын Мюнхен, Дюсселдорф хотуудын олон улсын үзэсгэлэнгийн танхимуудын Монгол Улс дах албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэд тус үзэсгэлэнгийн танхимуудаас ХБНГУ-д болон олон улсад зохион байгуулагддаг үзэсгэлэнүүдэд Монголын компаниудыг зуучилж ажилладаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *