Монгол Улсын ДБЭТ-ын шилдэг найман гоцлол дуучин “Монголын алтан хоолойтнууд” Москвагийн Их Театрт тоглох болсон тухай зар ОХУ, Монгол Улсын хил даван чимээлэв. Их театрт айлчлан тоглох багийн бүрэлдхүүнд нэгэн хүндтэй эрхэм уригдсан нь СУИС-ийн багш, Монгол Улсын гавьяат багш Цэрэнпилийн Ерөө юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны ирүүлсэн урилгыг СУИС-ийн захирал Э.Сонинтогос Ц.Ерөө багшид албан ёсоор гардуулж, амжилт хүсэн баяр хүргэжээ.
П.Цагаан дарга урилгадаа “Дуурийн урлагийн олон арван алдартныг төрүүлж, Монгол Улсдаа сонгодог урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тань гүнээ хүндэтгэж явдгаа илэрхийлэхийн ялдамд Дэлхийн урлагийн алдарт тайзнаа зохиогдох энэхүү түүхэн тоглолтод Таныг хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан авьяас билэгт шавь нартайгаа нэгэн гайхамшигтай үдшийг хамт өнгөрүүлнэ гэдэгт итгэж байна” гэжээ. Мөн энэхүү нэр хүндтэй айлчлан тоглолтын хүндэт зочдын бүрэлдэхүүнд СУИС-ийн багш, Ардын жүжигчин А.Долгор уригдсан байна.
Их театрт дуулах МУГЖ Э.Амартүвшин, Ө.Уянга, гоцлооч Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Б.Батжаргал нар бүгдээрээ СУИС-ийн төгсөгчид, МУГЖ Э.Амартүвшин Ц.Ерөө багшийн гарын шавь нь юм. Э.Амартүвшин сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцож, дэд байрын шагналыг эх орондоо авч ирсэн, манайхан энэ тэмцээнээс шагнал авахыг хагас зуун жил хүлээсэн билээ. Дараа нь БНХАУ-ын Бээжин хотноо болсон Плачидо Домингогийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Олон улсын уралдаанд Плачидо Домингогийн удирдсан симфони найрал хөгжимтэй дуулж, тэргүүн байр эзлэн дэлхийн дуурийн шилдэг дуулаачаар хүлээн зөвшөөрөгдсөн, СУИС-ийн нэр нүүр болсон төгсөгчийн нэгэн билээ. Ц.Ерөө багш “Би өөрөө ОХУ-д энэ чиглэлээр бэлтгэгдсэн хүн, гэтэл шавь нар маань Орост биш эх орондоо бэлтгэгдсэн, Монгол Улсад сонгодог урлаг хэрхэн хөгжиж байгааг дэлхий нийтээрээ мэддэг болсон, СУИС болоод Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж байгаа нь юутай сайхан” гэсэн юм.
Манай дуучид энэ удаа П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”, Ж.Вердийн “Трубадур”, “Травиата”, “Риголетто”, А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн ари, дуэтыг “Их театр”ын тайзнаа эгшиглүүлнэ. Энэхүү тайзнаа ая дуугаа өргөсөн Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, Зууны манлай дуурийн дуучин, Ардын жүжигчин Х.Уртнасан гуайн үргэлжлэл болж 30 жилийн дараа ийнхүү “Их театр”-ын тайзнаа Монголчууд дууллаа.
Монголын алтан хоолойтнуудын тоглолт 11 дүгээр сарын 20-ндболжээ.