Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын гүн бишрэлт хайрхан Бурхан Халдун

Хайрхан руу нэг гарсан бол гурван жил гардаг ёстой. Бар жилийн, бар сарын, бар өдөр анхны гаралтаа хийлээ. Шинийн зургааны билэгт сайн өдрийг сонгон энэхүү түүхээр баян хайрхандаа очлоо. Бурхан Халдун хайрхан руу явах хамгийн тохиромжтой цаг үе бол 12-оос гуравдугаар сар юм. Хавар, зун, намар явах тохиромжгүй, зам, бартаа ч ихтэй. Бараг автомашин явах боломжгүй гэж хэлж болно. Бартаа саад туулах чадвар сайтай автомашин дээрх тохиромжтой үед явсан ч зам тийм ч дардан биш. Бурхан халдун хайрхан хотоос 280 гаруй километр зайтай. Багануур хүртэл засмал замаар яваад зүүн хойшоо Төв аймгийн Мөнгөнморьт сум руу салж, шороон замаар 80 гаруй километр явна. Цааш Мөнгөнморьт сумаасаа зүүн хойд чигтэй хайрхан руу 80 гаруй километр яваад очих юм. Бурхан Халдун хайрхан нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байрлах арвин их түүх агуулсан, төрийн тусгай хамгаалалттай тахилгат хайрхан ажээ. Мөнгөнморьтоос цааш явахад хайрхан руу гараад буцаж байгаа болон гарах гээд явж буй автомашины цуваа тасрахгүй нааш, цааш тоос татуулсаар. Ил хөдөлгөөн шинийн найман, 15-нд улам нэмэгддэг нь монголчууд бидний тэр тусмаа монгол эрсийн гүн бишрэлт хайрхан гэдэг нь тодорхой харагдах аж.

Замын бартаа хайрханы өврөөс 50 орчим километрийн наана байрлах төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн бүс буюу хяналтын байрнаас эхэлнэ. Үүгээр нэвтрэхдээ хэдэн хүнтэй явж байгаагаа мөн тусгай хамгаалалттай газар нутагт хориглох санамжуудтай танилцаад 10 мянган төгрөгийн хураамж төлөөд гардаг байна. Үүнээс цааш хоёр талаараа өндөр модтой уулсаар хүрээлэгдсэн бартаа ихтэй хөндийгөөр явсаар Босго тэнгэрийн даваан дээр гарлаа. Босго тэнгэрийн даваанаас нааш харийн хүн, хатан хүний мөр үл гарга гэсэн Их хааны зарлигтай уг даваан дээр овоо байх аж. Гэхдээ байгалийн чулуу биш, жижиг цагаан тоосгоор цэвэрхэн өрсөн овоо юм. Энэ даваанаас Бурхан Халдун хайрханы орой аав шиг л дүнхийж харагдана. Харсан хүн бүр л “…сайхан, сайхан байна…” гэсэн үгийг хэлэх юм. Уужуу амьсгаа авч алсыг харан, сэвшээ салхинд үсээ хийсгэн зогсох үнэхээр л сайхан ажээ.

Идээ будаагаа өргөөд цааш явлаа. Анх удаагаа явж байгаа болохоор замынхаа хаагуур явдгаа мэдсэнгүй. Шууд чигээрээ буусан замаар уруудтал айхавтар мөстэй, гулгаатай зам байж. Зогсож, ухрах нэгэнт өнгөрч, тэр чигтээ 200 метр орчим мөстсөн даваа руу эрчээрээ л гулгаж орхилоо. Азаар янз бүрийн юм болсонгүй, автомашинтайгаа хоёр бүтэн “вальс” эргээд л буулаа. Уг нь энэхүү замаар биш, баруун талаа бариад ташиж буудаг ажээ. Хайрханыг зорих эрчүүд маань бас санаад авчихад илүүдэхгүй биз ээ. Автомашинтай “вальс” эргэсэн залуучууд замын бартаа саад их байгааг ярьж гэлдэрсээр хайрханы өвөрт очлоо. Ээ ёстой сайхан шүү. Олон арван аавын хөвгүүд. Дандаа монгол сайхан эрчүүд том том төмөр хүлгүүдтэйгээ иржээ. Зарим нь майхан барьчихсан, гал түлээд дээр нь тогоо тавьж, цайгаа чанаж байх. Зарим нь гэр барьчихсан дотор нь гал түлээд хөзөр тоглож суух. Ёстой эр хүний жаргал эзгүй хээр гэдэг дээ. Ганц хоёр зуу татаастай, бас…Бид өглөө 10 цагийн үед хотоос гараад ирэхэд 18 цаг өнгөрч байв. Яарч тэвдэхгүй явахад зургаан цаг л явах газар гэж бодлоо. Бид ч мод түүж, бусдынхаа адил жаргалаа эдэлж, хайрханы талаарх түүх домог хоорондоо ярьж суулаа. Бурхан халдун хайрханыг өмнө Хадун хайрхан гэж нэрийддэг байж. Улмаар Монголд шарын шашин орж ирээд монголчууд бурхан гэдэг үгийг хэрэглэдэг болсноос хойш уг хайрханыг Бурхан Халдун гэж нэрийдэх болжээ. Их хааны онгон энд байдаг гэж хүмүүс ярьдаг. Үнэн ч бай, худлаа ч бай тэртээ XIII зуунд ч, өдгөө Бурхан Халдун хайрхан яг л энэ янзаараа. Олон зууны түүхийг өөртөө шингээн оршиж л байна, цаашид мөнхөд оршино. “Хэдүүлээ санаандгүй явж байгаад Чингисийн булшийг олчихвол яах вэ…, Чингис хаан чинь энэ хайрхан дээр гараад бууж ирэлгүй гурав хоносон юм гээ биз дээ…, нөгөө Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг чинь энд явж байгаад төөрсөн юм гэдэг шүү…” иймэрхүү яриа бидний дунд тасралтгүй үргэлжилсээр үүрийн дөрвөн цаг боллоо. Гадаа хасах 35 хэмийн хүйтэн гэж автомашины заагч дээр гарч. Гэхдээ дулаан хувцастай учир түүдгийн галд даарахгүй л юм билээ. Бурхан Халдун хайрхан далайн түвшнээс дээш 2361 метр. Гэхдээ бэлээс нь орой хүртэл алхахад гурваас дөрвөн цаг явж хүрдэг байна. Бид үүрийн дөрвөн цагт алхаж эхэллээ. Хайрхан дээр дөрвөн овоо байдаг аж. Эхнийх нь Сүүн овоо. Тэгээд Дунд овоо. Улмаар Бага, Их овоо гэж байх юм. Дунд овоо хүртлээ огцом өгсүүр, битүү модон дунд алхах юм. Дунд овооноос дээш хэдхэн метр алхаад модгүй нүцгэн уулсын орой угтана. Модноосоо гараад огцом өгсүүр байхгүй болох ч ширүүн хүйтэн салхи хувцас нэвт шуурдаг нь хэцүү юм билээ. Тиймээс алхахдаа хөлсөө айхавтар гаргаж алхахгүй байх нь зүгээр санагдсан юм. Түүнчлэн модноос гарахаас өмнө хөлсөө сайн хатааж, амарч байгаад дээш яваарай. Ихэнх эрчүүд явган алхах болов ч зарим нь морьтой явна. Хайрханы бэлд хэд хэдэн газар морь түрээслүүлдэг хүмүүс байна лээ. Нэг морь унаад дээшээ гараад бууж ирье гэвэл 50 мянган төгрөг. Гэхдээ ханш хүмүүс хэр олон байгаагаас хамаарч дээш доош болдог гэнэ. Шинийн нэгэн, гурван, найманд олон хүн ирдэг. Найманд бүр 300-400 хүн ирэх нь бий. Тэр үед нэг морь гурав дахин үнэтэй болдог гэнэ.

Бид ч морь унасангүй, нийтийнхээ жишгээр алхлаа. Гэхдээ морь унаж гарч ирсэн эрчүүдэд бусад нь тийм ч таатай хандахгүй байгаа нь анзаарагдсан шүү. Хүн гэдэг хаана ч явсан газраа бусдад атаархах юм даа. Бид энэ муухай зангаа болих хэрэгтэй мэт санагдсан. Хотын утаан дунд уушги нь тамхи татдаг хүнийхээс ялгаагүй болсон бид энэ өөдөө гарах гэж хэцүүхэн л юм боллоо. Бага овоон дээр гарч ирэхтээ зэрэгцэн алтан шаргал наран мандлаа. Цугларсан эрчүүд уухай хадаан алтан шаргал нарыг угтан авч, сүү, идээ будаагаа өргөн сүсэглэлээ. Нийтлэгээрээ нэг ах дүүс шиг сайхан санагдах. Гарч ирсэн хүн болгон нэгэндээ ямар нэгэн хэмжээгээр тус болчих санаатай, эвтэй сайхан байх юм. Танихгүй ч гэлээ нэгэнтэйгээ эвтэй, нөхөрсөг, тусархуу хандаж байгаа нь монгол эрийн зан биз ээ. Идээ будаагаа өргөн мөргөж залбирчихаад буцлаа. Буцах зам өгсөхөөс хэцүү аж. Амьдрал ч ялгаагүй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *