Монголчуудын ганц чадах зүйл монгол хүнээ экспортлох. Гэхдээ ямар хүнээ экспортлох вэ гэдэг дээр цензур тавигдана. Ялангуяа чөлөөт болон жүдо бөх, боксын тамирчдаа дэлхийн зах зээлд гаргаж мөнгө болгох боломж бий. Мөн сүмо, самбо, дүрэмгүй тулаан, цэрэг арми гэх мэтээр тэмцэх чадвар шаардсан аль болох хүчний салбарын хүмүүсийг экспортлох, хөрөнгөтөн орнуудад хөлслүүлэх ажлыг монголчууд ганц сайн хийж чадна.
Нэгэнтээ эх орныхоо төлөө тангараг өргөсөн эр цэргээ, эргэлт буцалтгүйгээр их спортод хөл тавсан эрхмүүдээ ингэж л сайн сайхан амьдралтай нь залгуулах хэрэгтэй санагдана. Аль ч оронд очсон манай спортынхныг булаацалдаад авах учраас зах зээл бэлэн. Эргээд энд үлдсэн хэддээ олсон хэдээсээ илүүчлэх байдлаар нэгийн ард нэлээд хэдэн хүний амьдрал тэгшрээд ирэх болов уу. Вальютын дотогшлох урсгал нэмэгдэнэ гэдэг улс эх орны эдийн засагт ч тустай. Ингэж шинэ жишиг, шинэ имиж тогтоох хэрэгтэй байна. Мөнгөгүйн гачланд байсан тэд юм юмны захад хүрч тэмцээн уралдаанд оролцоод ирэхээрээ тив дэлхийг донсолгосон амьд домог ч болох юм бил үү. Тамирчны амжилт түмний нүдэн дээр ил байдаг учраас өөр улсын нэр дээрээс боссон ч ард нь Монгол гэдэг нэр л цуурайтдагийг бид олонтаа харж байгаа.
Хүн хүчээ экспортлох жишгийн зах зухаас дурдвал, цэрэг армийн талбарт Коморын арал Франц хоорондын жишээ байна. Анх 1831 онд Луи хаан улсаа хамгаалахын тулд хөлсний цэргүүдээс бүрдсэн легионы анги байгуулсан нь одоо ч олон улсад зэвсэгт мөргөлдөөнийг дарах, энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэж дэлхийд Францын эрх ашгийг хамгаалж байгаа. Коморын аралд хөвгүүн төрөхөд Францын легионд ажлын байр нь бэлэн байдаг гэх хэлц яриа хүртэл тэр хавьд тархсан. Өнөө цагт францчууд 130 гаруй орны шилдэг эрчүүдээр улсынхаа эрх ашгийг хамгаалуулж байна. Монголын 50 гаруй цэрэг эр ч Францын төлөө амиа үл хайрлан тэмцэхээр тангараг өргөсөн байдаг. Зургаан мянган ам.долларын цалинтай болохоор бусдын нутгийг, бусдын эхнэр хүүхдийг хамгаалах үүрэг хүлээж байгаа юм. Бас цэрэг армийнхаа хүчийг зарж хөрөнгөжсөн орны тоонд Швейцарь зүй ёсоор орно. Энэ бизнес нь XIV зуунаас эхлэлтэй бөгөөд Швейцарийн ихэнх эрчүүд хөлсний цэрэг, үлдсэн нь дээрэмчид байсан гэдэг. Цаг хугацааны эрхээр бусдын хөрөнгийг хамгаалагч болж өнөөдрийн имижээ бүрдүүлсэн байна.
Энэтхэгийн кинонд гардаг, кино од сайхан бүсгүйчүүд нь бүгд л ойролцоохь орнуудаас гэрээгээр ирдгийг хүмүүс гадарлах байх. Ажиллах хүчний импортлогчдын талбарт Өмнөд Солонгосын жишээг монголчууд сайн мэднэ. Дээр нь Кувэйтийн иргэд 1980 он гэхэд хар бор ажил хийхээ больчихсон байсан. Бас Европын улс хооронд хөлбөмбөгийн тамирчид адуу мал шиг зарагдаж байдгийг ч бид ярьдаг. Челсигээс зарагдсан, мөнгө дагасан тамирчдын төлөөлөл Жош Макикран, Тибо Куртуа, Сэм Хатчинсон, Гаэль Какута гээд олон арав бий. Өөр улсын нэр дээр тоглосон гээд тэд буруудаагүй. Уруудаж, доройтсон юм ч байхгүй бүгд л шилдэг мэргэн бууч, оны шилдэг тамирчин болон мандсан байдаг. Олимпийн хошой алтан медальт Усайн Болтоос хойш Ямайкийн иргэдийн гүйлгээ эрс нэмэгдсэн гэх юм билээ. Энэ мэтээр нялуун, нялзрай ард түмэнтэй улс орнууд олон байгаа учраас ийм бизнес дэлхийн зах зээлд баттай хадгалагдаж, тэнхээ, тэсвэр сайтай хүний эрэлт их байгаа.
Хөгжилтэй, хөрөнгөтэй орнуудын хүүхнүүд нь битгий хэл эрчүүд нь хүртэл энхрий зөөлөн, эелдэг булбарай болчихдог учраас ийм зах зээл бий болж. Төрсөн цагаасаа эхлээд хэрүүл зодооноос ангид, ёс суртахууны өндөр хэм хэмжүүр дунд өсч өндийдөг болохоор тэр биз. Тэдэнд цусаа гартал зодолдож тосоо гартал тэврэлдэх тухай ойлголт байдаг эсэхийг бодох ч хэрэггүй. Нударга зөрүүлэх нь бүү хэл хүний өөдөөс ч муухай харж үзэлгүй хүмүүжиж байгаа хүмүүс яаж хатуу ширүүнийг мэдэх билээ. Мэдээж хүн л юм хойно хүчний спортыг сонирхож, амжилт олж алдар нэрд хүрэхийг мөрөөднө. Гэхдээ төрсөн цагаасаа хахир хатуутай нүүр тулж үзээгүй цагаан гартнууд спортын хүнд бэрхийг бүү хэл дасгалжуулагчийнхаа хатуу үгийн пянг даахгүй шантардаг. Тулааны талбар, бөхийн дэвжээнд гараад бидэн шиг хүмүүстэй таарчихвал хоёрхон удаагийн халахыг тэсэж чадалгүй бууж өгдөг. Ийм ард түмэнтэй орон олон байгаа.
Харин монголчууд ямар билээ. Монгол хүний амьдралын өдөр бүр нь тэсвэр хатуужил, тэмцэл шаардаж байдаг. Ядаж л цаг уур нь эрс тэс. Тэгээд ч барилдаж, ноцолдохыг цэнгэл жаргал гэж ойлгож өсдөг улс. Дээр нь төр засаг нь ард түмнээ хөрвийн аргаар хүн болгож байгаа. Хаврын хахир өдрүүдэд хурга, ишгэнд эхийнх нь хоосон дэлэнг нудчуулахаас өөр ямар ч нэмэлт тэжээлгүй бойжуулахыг хөрвийн арга гэдэг. Яг тэрэн шиг хүйтэн сэтгэл гаргаж хувийн өмч дээрэмдэж, татвар чангалсаар байдаг төртэй. Ийм орны иргэд хахир хатуу юуг ч даван туулж чадна. Ялангуяа манай хүүхнүүд. Эхний бэрхшээлтэй нүүр тулахад ажралгүй давчихдаг бол хоёр дахиас нь бүр жавхаажаад ирдэг. Гурав дахь саад бэрхшээлийг бүүр гар хурууныхаа үзүүрээр хөнгөхөн даваад гарчихна. Япончуудын хийсэн судалгаа байна. Монгол эмэгтэйтэй харилцахад хамгийн төвөгтэй гэсэн.
Эндээс дүгнэхэд монгол эмэгтэйчүүд спортын ертөнцөд цахиур хагалах нь тодорхой байгаа юм. Эрчүүдийн хувьд халирч шантраад хүнд бэрхийн өмнө өвдөг нугарч бор дарсанд шунах тал бий. Гэхдээ хасах 10 хэмийн хүйтэнд хатгалгаа тусдаг цагаан гартнуудын дэргэд цасаар цээжээ угаагаад зогсч байдаг жавхаатай улс. Хар нялхаасаа халангар эцгийнхээ оронд унага, даага татахаас эхлээд, эр, эмгүй эмнэг хангалтай ноцолдож, нүүр нүдгүй балбах цасан шуурга, хасах 40 хэмийн хүйтэнтэй тэмцэж байдаг болохоор арга байхгүй тэсвэр хатуужлын туйл болдог. Ийм хол ялгаатай учраас монголчууд бид хатуу ширүүнийг мэдэлгүй яах вэ. Хасах 10 хэмийн хүйтэн гэдэг манайхны наранд биеэ шарах хэмжээний дулаан бол цагаан гартнуудын цамцаа давхарлаж өмсдөг тэсгим хүйтэн юм.
Тамирчдын дутагдалд орчихсон орнууд хамгийн супер, мундгуудыг чинь авъя гэдэггүй. Монголчууд ч хүссэнийг нь өгөхгүй. Ядаж дөрөв, тавдугаар байр бүр адаглаад улс орных нь нэрийг гаргачих тамирчин, байгаа хэдэд нь зааж чиглүүлээд өгөх дасгалжуулагч л гуйдаг юм билээ. Тэр дундаа чөлөөт, жүдо, боксын эмэгтэй тамирчид эрэлт ихтэй дуулддаг.
Манайхаас гадагшлах урсгал ч эхэлсэн нь сүүлийн жилүүдэд хангалттай харагдаж байгаа. Риогийн олимпод Казахстаны далбааг өргөж хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэг хамгийн сүүлийн жишээ нь. Г.Отгонцэцэг энэ нүүдлийг хийснээрээ алдаагүй гэдэг нь Казахстаны Засгийн газраас хүрэл медальтнууддаа 75 мянган ам.доллар, нэг өрөө байр өгнө гэж зарлаж байснаас харж болно. Д.Мөнхбаяр 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэн нь Германы спорт гар бууны төрлийн анхны медаль болж байв. Монголд буудлагын талбай, буу, сум олдохгүйн зовлонг гэтэлж Германд очсон түүхтэй нь энэ. Түүнээс гадна гавьяат Д.Баттулга дасгалжуулагчдаас хамгийн түрүүнд гадны оронд хүрч Малайзын жүдочдын бэлтгэлийг хангаж байв. Түүний араас 1992 оны Барселонагийн олимпод оролцож явсан Д.Маралгэрэл мөн явсан. Чөлөөтийн Гансүх, гавьяат тамирчин Х.Болдбаатар нар Өмнөд Монголд мөн дасгалжуулж байгаа сурагтай байна. Ази, Европын орнууд Канадад хүртэл манай тамирчдаас оччихсон цагаан гартнуудад хатуу ширүүн, хүнд бэрхийг даван туулах арга замыг зааж сургаж эхэлсэн гэсэн. Гаднынхан монголчуудын туйлбартай, үнэнч занд хамгийн их дуртай байдаг. Очсон газраа эрчүүд охид хүүхнүүд рүү нь хараа бэлчээхээс илүү асуудал тарьдаггүйтэй холбоотой юм байна.
Хар ажлын талбарт хэдийнэ монголчууд гарчихсан ажил нугалах чадвар, арга барилаараа Солонгосын хойгт гайхуулж яваа. Африк, Арабын орнуудаас Монголын энхийг сахиулагчдын тэсвэр хатуужлын талаар онц сайн мэдээ тасралтгүй ирж байна. Энэ жимийг таслалгүй имиж болгож чадвал их юм дагуулна. Явж сайхан амьдар гэж байгаа болохоос эргэж битгий ирээрэй гэж байгаа юм биш.
Л.МӨнхтӨр