Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Төсөлд хэвлэл мэдээллээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хумьсан заалтууд оруулж ирэв. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийн сонин, хэвлэлд байршуулах сурталчилгааг 30 хувиар багасгажээ. Нарийндаа сонгуулийг хямд зардлаар явуулахын тулд л ингэж танахаас өөр аргагүй гэж тайлбарлаад байдаг. Хууль батлагдвал сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардал нийт дүнгээрээ 48 хувь хэмнэгдэх юм гэсэн.
Сонгуулийн зардлыг бууруулж байгаа нэрийдлээр хамгийн түрүүнд сонин, сэтгүүлийг сурталчилгаанаас хасах гэж үзэж буй бололтой. Монголын хэвлэл мэдээллээр нэр дэвшигчдийн талаар юу ч гаргахгүй юм байх. Үүнийгээ мөнгөгүй, ядуу хүн нэр дэвшиж, парламентын гишүүн болох боломж гээд олон нийтийн тархийг угааж байна. Үнэндээ амьдрал дээрээ үүн шиг худлаа юм байхгүй. Тэгж л их зардлаа хэмнэх гэсэн юм бол нийтийн сүлжээгээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хорих ёстой байсан юм. Харин ч эсрэгээрээ хуулийн төсөлд сошиалаар сонгуулийн сурталчилгаа явуулахыг зөвшөөрчихсөн байна билээ. Сонгуульд зарцуулах нийт зардлын 15 хүртэлх хувийг нь сошиалд зориулна гэсэн заалт оруулжээ. Тэрхүү сошиал болох фэйсбүүк, твиттер, инстаграм нь гадаадын олон нийтийн сүлжээ. Өөрөөр хэлбэл, мэдээллийн нэг төрлийн хэрэгсэл. Харамсалтай нь эдгээр гадны мэдээллийн сувгаар монгол төрийн сонгууль явдаг боллоо. Сонгуулийн сурталчилгаа явдаг болно гэдэг тэнд мөнгө төлдөг болж байна л гэсэн үг юм. УИХ, орон нутаг, дахин, нөхөн гээд бүх шатны сонгууль фэйсбүүк, твиттерээр явж байна. Нөгөө нэр дэвшсэн “баячуудын” мөнгө Монголдоо ч үлдэхээ байлаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Монголын хэвлэл мэдээлэлд юу ч олдохоо байлаа.
Ардчилсан орны тод өнгө бол чөлөөт хэвлэл, мэдээллийн хэрэгсэл юм. Энэ салбар үндэсний тусгаар тогтнолын хамгийн том баталгаа байдаг. Тэр утгаараа өнгөрсөн хугацаанд Монголын төрийг эмхлэн байгуулахад хэвлэл мэдээллийн салбарын үүрэг, нөлөө асар их байсаар ирсэн. Парламентад хэдэнтээ улиран сонгогдсон төрийн түшээдийн улс төрийн замыг засч, чиглүүлж, дэвшиж, томроход нь өнөө л хэдэн муу хэлүүлдэг хэвлэлийн салбарынхан асаалттай танк шиг байсаар ирсэн дээ. Гэтэл өнөөдөр сонгуулийн зардлыг хасч, танахын тулд сонин, хэвлэлээр сурталчилгаа явуулахгүй гэж тайлбарлаж байгаа чинь шударга ёсонд нийцэхгүй байна. Энэ бол хэмнэлт биш. Харин ч сошиалд зориулах мөнгөө ахиу гаргаж авахын тулд ийм увайгүй санал оруулж иржээ гэж харагдаж байна. Учир нь гадаад, дотоодын улстөрчдийн сошиалд зориулсан их хэмжээний мөнгөн дүнтэй баримтууд өчнөөн л явах юм билээ. Тэр ч нийтийн сүлжээнд тэдэн зуун саяыг, энэ ч сошиалд төдөн тэрбумыг өгчээ гэсэн мөнгөний баримт бишгүй л цацагддаг. Өнөө сошиалууд нь ч аль оронд, хэзээ төрийн сонгууль болохыг анаж байгаад мөнгө аваад бүр сурчихсан. Угаасаа энэ нь ч тэдний үндсэн зорилго болохоор буруутгах аргагүй. Ямар сайндаа фэйсбүүк, инстаграм Монгол Улсад сурталчилгааныхаа гүйлгээг төгрөгөөр хийж болно гээд зөвшөөрчихсөн байх вэ. Монголын сонгуулийг угтаж байгаа нь энэ. Гэтэл манай төрийн сайд нь хөл алдаж, хөөрч баярлаад сүйд болж байсан нь саяхан.
Монгол төрөө ядахдаа Монголынхоо хэвлэл мэдээллээр байгуулах юм сан. Аргаа барахдаа ингэж л бодож сууна. Гадаадын хэвлэл мэдээлэл бол биднээс мөнгийг нь л салгаж авах л зорилготой. Монголчууд мандах уу, унах уу гээд яах ийх нь тэдэнд огтхон ч падгүй. Харин Монголынхоо хэвлэл мэдээллээр төрийнхөө сонгуулийн сурталчилгааг явуулбал адаглаад л буух эзэнтэй. Ямар нэг асуудал үүсвэл хариуцах хүн нь тодорхой. Ядаж энэ өнцгөөс нь харвал монгол төрөө монгол хэвлэлээрээ байгуулах юм сан даа. Сошиал бол сонин шиг өнө мөнхөд түүх болж үлдэж чадахгүй. Хакеруудын ганц халдлагад өртөхөд л ийм хүн ингэж сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулжээ гэх таны талаарх бүх мэдээлэл оргүй замхарна шүү дээ.
Ер нь твиттер, фэйсбүүкээр сонгууль явуулдаг байдлыг бүр мөсөн хуулиараа хоригломоор байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ үзэл санаан дээр нэгдмээр байна. Яагаад гэвэл Монголын хэвлэл мэдээлэл түүхэндээ байхгүй доод хэмжээнд уналаа. Нэр хүнд нь ч унагаж байна.
Нэр хүндээ дагаад эдийн засгаараа ч сөхөрч гүйцлээ. Энэ бол жамаараа явж байгаа асуудал биш. Зориудаар хэвлэлийн салбарыг сул дорой болгож буй хэрэг. Манайхан өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийн үүднээс сошиалыг бий
болоход маш их ашиглуулсан. Эрх баргчид өөрсдөө сошиал хаягтай, веб сайттай болоод тэрийгээ давуу тал болгосон. Үүнийгээ бага, багаар ахиулж явсаар Монголд хэвлэл мэдээллийн салбар оршин тогтнох боломжийг боомилж байна. Дээр хэлсэнчлэн тусгаар улс гэж байдаг бол өөрийн гэсэн үндэсний хараат бус хэвлэл мэдээлэлтэй байх ёстой. Чөлөөт хэвлэл мэдээлэл устаж үгүй болбол ард түмэн, улс орны эрх чөлөө үгүй болно. Тэгэхээр шийдвэр гаргагчид үндэсний хэвлэл мэдээллээ төрийн бодлогоор дэмжмээр байна.
Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбар хүчгүй байгаад хамгийн их баярладаг улс бол эрх баригчид. Тэд ядуу сэтгүүлчдийг хараад инээдээ нууж ядан баярлаж байгаа нь илт мэдэгддэг. Яагаад гэвэл өөрсдийг нь шүүмжилж чадахгүй болохоор хэвлэл мэдээллийнхнийг хараад жинхэнэ бах таваа хангаж байх шиг. Хэрэв тэднийг шүүмжилбэл гэрээгээ шууд зогсоочихно, гэрээ зогсвол нөгөө хэдэн сэтгүүлч нөгөө хэвлэлийн газар хаалгаа барих нь дэндүү тодорхой учраас тэд ийнхүү бардамнаж байна. Одоо хэвлэлүүдэд олдож байгаа ганц гэрээ нь Засгийн газрынх л байна. Л.Оюун-Эрдэнийн танхим сайн, муу хэлүүлээд л хийсэн ажил, мөрийн хөтөлбөрөө хэвлэл мэдээллээр дамжуулж олон нийтэд хүргэж байгаа нь үнэн. Сэтгүүлчдийн ядуу хоосныг нь гайхан баярлаж байгаа эрх баригчдад хэлэхэд цаг эргэдэг юм шүү. Та нар дараагийн сонгуульд ялалт байгуулж чадахгүй унавал олон дайсантай болно. Тэр цагт энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслийг ядуу болгосон та нарыг сэтгүүлчид нэг нүдээрээ ч тоож харахгүй. Одоо энэ сөрөг хүчин болсон АН-ыг гөлөг ч гэж тоож хардаггүйтэй яг адилхан хувь тавилан та нарыг хүлээж байх вий. Тэд мэдээж мөнгө өгсөн хүний л захиалгыг биелүүлнэ. Хэвлэл мэдээллийн салбар бол бүгд хувийн хэвшил. Тэр утгаараа хүчтэй байх хамгийн том үзүүлэлт нь эдийн засгийн чадамж байдаг. Бусад нь бол хоёрдугаар асуудал. Эдийн засгаар ядуу дорой бол шууд л мөнгөтөй хүний эрхшээлд ордог. Юун нөгөө шударга, үнэний дуу хоолой. Хэвлэл мэдээллийнхэн эдийн засгийн чадамжгүй, ядуу байгаа цагт ийм шалгуур хамгийн сүүлд л тавигдана. Хэдэн сэтгүүлчдээ тогтоон барихын тулд цалингаа таслахгүй тавих нь энэ хүнд үед хамгийн түрүүний асуудал. Ингээд яриад байвал өнөөдөр Монголын хэвлэлийн салбарын зовлон ердөө л мөнгө байхгүйн л зовлон байна. Тиймээс ядахдаа монголчууд төрөө байгуулахдаа гадаадын хэвлэл мэдээлэлд төлбөр төлж сурталчилгааг нь тавихаа больё оо. Дотоодын хэвлэл мэдээллээр сурталчилгаагаа хийдэг болъё. Бүүр хуулиараа сонгуулийн сурталчилгааг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглох заалт тусгаж өгье.Хууль тогтоогчид энэ асуудлыг анхаарч, бодлого гаргаж чөлөөт хэвлэлийг дэмжих хэрэгтэй байна.