Categories
мэдээ нийгэм

Монгол, японы эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын бүлгийн зөвлөх Ясухиса Шиозаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа 1990-ээд оноос хойш өрнөж, энэ хугацаанд олон төсөл хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж ирснийг онцлоод Япон Улсаас үзүүлж буй тусламж дэмжлэг, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шилдэг тэргүүн туршлагаас суралцахад дорвитой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэлэв.

Түүнчлэн энэ оны 4 дүгээр сард хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан нь хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулсан үйл явдал болсны зэрэгцээ энэ оны эцэст ашиглалтад орох Япон Улсын Засгийн газрын 170 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр байгуулагдаж буй АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлэг нь хоёр улсын найрамдлын бэлэг тэмдэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Үүний дараагаар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Я.Шиозаки Монгол Улсад хийж буй айлчлалын үеэрээ хийж гүйцэтгэж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, өнгөрсөн 4 дүгээр сард гаргасан хүсэлтийн дагуу ашиглаж байсан түргэн тусламжийн 10 ширхэг машиныг хүлээлгэн өгөхөд бэлэн болсныг албан ёсоор мэдэгдэв.

Уулзалтын явцад талууд хоёр улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд, авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны талаар харилцан танилцуулж, дэлгэрэнгүй харилцан ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хоёр улсын эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлснийг ноён Я.Шиозаки найрсгаар хүлээн авч, сайд Д.Сарангэрэлд ажлын амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *