Олон улсын Армийн тоглолтын “Танкийн биатлон 2021”-нд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өнгөрсөн даваа гаригт танкийн өнгө болон оролцох танкуудыг сонгох сугалаагаа сугаллаа.
Манай багийн хувьд энэ жил шар өнгийг сугалснаар Вьетнам, Сири, Венесуэл Улсын багуудтай нэг гараанд уралдахаар болсон аж. Энэ удаагийн “Танкийн биатлон 2021” тэмцээнд 19 улсын баг тамирчид оролцох бөгөөд нийт багуудыг чансаагаар нэг болон хоёрдугаар дивизионд хуваан уралдуулах юм.
Тодруулбал, эхний 11 орон нэгдүгээр дивизионд, үлдсэн 8 орон хоёрдугаар дивизионд хуваагджээ. Нэгдүгээр дивизионд ОХУ, БНХАУ, Беларусь, Азербайжан, Казахстан, Монгол болон Серби, Сири, Узбекистан Вьетнам, Венесуэл зэрэг улс багтсан байна. Манай баг тамирчид өнгөрсөн 2019 онд 5 дугаар байр эзэлсэн чансаагаараа энэ жил 6 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.
“Цэргийн наадам” болон “Танкийн биатлон 2021” тэмцээний нээлт энэ сарын 23-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд урьдчилсан төлөвлөгөөгөөр манай баг тамирчид 23 болон 26, 29-ний өдрүүдэд тус тус уралдах тов гарчээ.
“Танкийн биатлон 2021” тэмцээний олон улсын шүүгчээр ҮБХИС-ийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, бригадын генерал Н.Наран-Очир ажиллах юм.
Ташрамд дурдахад тус тэмцээнд Зэвсэгт хүчний 12 анги, байгууллагын 21 цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд ЗХЖШ-ын Материал техникийн газрын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Х.Санчирдорж ахалж яваа. Манай баг тамирчид тэмцээний газар орон буюу Алабино полигоны ойролцоо цэргийн ангийн казармд шилжин байрлуулаад байгаа юм.