Үндэсний Статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Монгол улсын 2018 оны ядуурлын түвшинг танилцууллаа. Монгол Улсын ядуурлын түвшин 2016 онд 29,6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж 1.2 хувиар буурчээ.
Хүн амын хэрэглээ ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг ядуурлын гүнзгийрэлт 2018 онд 7.2 хувь болж 2016 оноос 0.5 пунктээр, ядуучуудын тэгш бус байдлын зэргийг хэмждэг ядуурлын мэдрэмж 2.7 хувь болж 0.2 пунктээр буурсан үзүүлэлт гарчээ. Ядуурлын гүнзгийрэлтийн индекс нь ядуу бус хүн амын ядуурлын шугамаас 0 хувийн зөрүүтэй гэж үзвэл хүн тус бүрийн хэрэглээний дундаж түвшин ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг байна. Харин ядуурлын мэдрэмжийн индекс нь ядуу хүн амын дундах тэгш бусбайдлыг хэмждэг үзүүлэлт юм. Монгол улсын нийт хүн амын гуравны хоёр нь Улаанбаатартамьдарч байгаа учраас хотын ядуурлын түвшин нэмэгдэж байна гэв. Хөдөө орон нутагт 2016 оноос 2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгджээ. 2018 оны байдлаар Монгол улсын нийт ядуусын 41.8 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн дүгнэлт гарсан байна.
Ядуурлын түвшинг бүс нутгаар авч үзвэл зүүн бүсэд 6.6, баруун бүсэд 4.3, Хангайг бүсэд 2.7 пүнктээр тус тус буурсан бол төвийн бүсэд 1.1 пүнктээр нэмэгджээ. Говьсүмбэр аймгийн ядуурлын түвшин хамгийн өндөр гарсан бөгөөд нийт хүн амын 51.9 хувь нь ядуу амьдарч байна. Өмнөговь аймгийн ядуурлдын түвшин хамгийн бага буюу 11.8 хувь байгаа юм байна. Аймгуудад нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээний мөнгө 2018 онд 279,912 төгрөг болсон нь 2016 онтой харьцуулахад 3.9 хувиар өссөн үзүүлэлт юм.
Дээрх тооцоог гаргахдаа 2018 онд хийсэн Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнд үндэслэн хийсэн тул тухайн хугацаанд гарсан амжиргааны түвшний өөрчлөлтийг харуулж байгаа бөгөөд 2019 оны эхэн үеэр гарсан өөрчлөлтийг тусгаагүй болохыг ҮСХ-оос онцолж байв.
Б.ОЮУНГЭРЭЛ