Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн ихэнх улс орнуудтай харьцуулахад Монгол Улс дахь жендэрийн тэгш бус байдал харьцангуй бага байдаг. Гэсэн хэдий ч жендэрийн тэгш бус байдал байсаар байна. Тухайлбал, эдийн засгийн боломжын хүртээмж, цалин хөлс, бүтээмжийн ялгаатай байдал байгааг зарим судалгаануудаар баримтжуулсан байдаг.Монгол Улс жендэрийн тэгш бус байдлаар дэлхийд 159 орноос 53-т жагсаж байгаа ч олон эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх, ажилд орох боломж нөхцөлүүдийг хязгаарласан саад бэрхшээлтэй тулгарсаар байна хэмээн Дэлхийн банкны шинэ судалгаанд тэмдэглэжээ. Хөдөлмөрийн зах зээлд оршиж буй жендэрийн тэгш бус байдал нь ажиллах хүчний оролцооны түвшин янз бүр, тэгш бус цалин хөлс, эмэгтэйчүүдэд баталгаагүй албан бус ажил хөдөлмөр эрхлэх хандлага өндөр байгаа зэргээр илэрч байна. Манай улсад эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд боловсролын түвшин илүү байгаа ч эмэгтэйчүүд боловсролоо ашиглаж хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцох боломжоор харьцангуй дутмаг байна хэмээн уг тайланд онцолжээ.
Уг судалгааны талаар Монгол Улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсоноос тодрууллаа:
Өнөөдөр бид Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд хийсэн жендэрийн тэгш бус байдлын чанарын судалгааны үр дүнг танилцуулж байна. Хөдөлмөрийн зах зээл дээрх жендэрийн тэгш бус байдлыг арилган эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр, нийгэмд олон төрлийн эерэг үзүүлэлтүүд гарч эхэлдэг. Чанарын судалгаа гэдэг нь тоон үзүүлүүлэлт дээр нэмэлт мэдээлэл болгож суурь шалтгаанууд нь юу байгааг, арилгахад ямар арга хэмжээг авах хэрэгтэйг авч үзэн нэгтгэх юм. Суурь шалтгааныг судлахад хүүхэд болон ахмад настэнуудыг харах үйлчилгээ дутмаг байдгаас эмэгтэйчүүдийн ихэнх нь хөдөлмөр эрхлэх боломжгүй байна. Эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлээгүйн улмаас санхүүгийн болон сэтгэл зүйн дарамттай байдаг гэсэн судалгаа гарсан. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх, ялангуяа хамгийн хүртээмж муу байдаг эмзэг бүлэг, хөдөө орон нутаг, алслагдмал газруудад эдгээр үйлчилгээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эдгээр нь амьдрал дээр хэрэгжихгүй байна. Судалгааны үзүүлэлтүүдийг хянаж, түүгээр тодорхой бодлого явуулахад үр дүнтэй. Монголд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажиллах хүчний зөрөө их байна. Хөдөлмөрийн зах зээл дээрх дутагдлыг арилгах нь өөрийн хүмүүсээ үнэ цэнэтэй баялаг болгох, Монгол Улсын хувьд ач тустай юм гэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С. Мөнгөнчимэг ярихдаа:
Өнөөдрийн судалгаа олон асуудлыг хөндөж байна. Салбарынхаа суурь хуулиудад шинэчилсэн найруулга хийх гэж байгаа. Эмэгтэйчүүдийг нийгэмд ажил хөдөлмөр эрхлэх бодлого шийдвэр гаргах хэрэгтэй. Монголд эмэгтэйчүүд боловсрол өндөр хэрнээ хөдөлмөрийн зах зээл дээрх идэвхтэй байдал нь эрэгтэйчүүдээс бага байна. Эмэгтэй хүнийг ажилд авахад гадаад үзэмжээр нь ялгаваран гадуурхах зүйл байгаа гэх судалгаа гарсан. Хөдөлмөрийн нөхцөл, ажлын цаг уян хатан байх, цалин хөлс зөрөөтэй байх гэх мэтчилэн асуудлууд байна. Цаашид шинэ бодлого гаргахад суурь болсон судалгаа гэж харж байна.
Хуулинд өөрчлөлт оруулна гэлээ. Үүнийг бодит болгохын тулд ямар ажилууд хийж эхлэх вэ?
Хуулинд жендэрийн талаар тодорхой заалтууд байдаг. Хэрэгжилт дээрээ алдаа оноотой зүйл бий. Энэ судалгаа биднийг ямар түвшинд байна, юун дээр алдаад байгааг тодорхой гаргасан болохоор цаашид шинэлэг арга хэлбэрүүдийг оруулж ирэх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Эмэгтэйчүүдийн асуудал гэхээр гэр бүлийн асуудал, хүүхдийн асуудал, эцэг эхээ харж хандах гэх мэт асуудлууд гарч ирдэг. Бид цэцэрлэг, сургуулийн хүртээмж дээр боловсролын яамтай хамтарч ажиллаж байна. Гурван ээлжийн сургуулийг хоёр ээлжийн болгох зорилтуудыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээрээ олон асуудлыг шийдэх бололцоо бүрдэнэ. Олон улсын хувьд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн оролцоог жигд дэмжсэнээрээ хөгжлийг хурдасгаж болно гэж үздэг. Эмэгтэйчүүдийг ажилтай орлоготой байхыг дэмжсэнээрээ гэр бүлийн хүчирхийллийг шийдэх талтай. Манай улсад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ 15 хувийн бага цалин авч байгаа гэсэн судалгаа байдаг. Төрийн байгууллагад ажил эрхлэж буй хүмүүс дунд ялгаа байхгүй. Хувийн салбарт их байдаг. Эрэгтэйчүүд цалин өндөртэй, эмэгтэйчүүд цалин багатай ажил хийж байна. Бид эмэгтэйчүүдийг ажлаа хийх бололцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн дундаж цалин ажил эрхэлж буй эрэгтэйчүүдийнхээс доогуур байна. 2015 онд эрэгтэйчүүд дунджаар сард 856,000 төгрөгийн цалин авч байсан бол эмэгтэйчүүд 760,700 төгрөг авч байсан байна. Эмэгтэйчүүдийн олонх нь, ялангуяа хөдөө орон нутагт, баталгаагүй албан бус салбарт болон цалин хөлсгүй гэрийн ажил эрхэлдэг ба бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдийнхээс хавьгүй доогуур байна. Олон ажиллагсад ажлын байрны тогтвортой бус байдал, цалин хөлс нь баталгаатай биш, эрүүл мэндийн даатгал, тэтгэвэрийн тогтолцоонд хамрагдаж чаддаггүй. Мөн хүүхэд асрах үйлчилгээ үзүүлэгч ажилтнуудын боловсрол, сургалтыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Б.НОМИН-ЭРДЭНЭ