Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат тамирчин Гансүхийн Доржийнд өнжлөө

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнагдсан бодибилдингийн багш, дасгалжуулагч Гансүхийн доржийнхоос энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Г.дорж нь “арнольд классик” тэмцээний алт, Бүх Хятадын аварга шалгаруулах олон улсын тэмцээний хүрэл медальт, Зүүн болон Төв Азийн үнэмлэхүй аварга, аварга, Улсын найман удаагийн аварга, “Монголын мистер”-ээр хоёр удаа шалгарсан бахдам амжилттай нэгэн билээ. Түүний гэргий Б.Оюунгэрэл ч мөн адил фитнессийн бикини төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин бүсгүй юм. Б.Оюунгэрэлийн хувьд баяр наадмынхаа өдөр Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан билээ.

Бид эхлээд тэдний бэлтгэлээ хийхийн сацуу, ахлах дасгалжуулагчаар ажилладаг “Golds” жим дээр уулзахаар тохиролцсон юм. Биднийг очиход хэдий өдрийн цаг боловч бэлтгэл хийх хүн цөөнгүй байлаа. Эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөнийг эрэлхийлэгч эрч хүчтэй залуус энд цугларчээ. Гавьяат маань ч залууст туршлагаасаа харамгүй хуваалцан зогсоно. Зааж зөвлөхийн хажуугаар бэлтгэл сургуулилтаа ч хийж амжуулах аж. Тэрээр гэргийн хамт амьдралынхаа ихэнх цагийг энэ танхимд эрүүл мэнд, бие бялдартаа анхаарч өөрийгөө өөрчлөх гэсэн хэн бүхэнд зориулдаг. Гавьяат тамирчин доржийн хувьд бодибилдингийн спортоор хичээллээд 18 жилийг ардаа орхижээ. Мэдээж чамлахааргүй хугацаа. Түүнтэй хамт бодибилдингийн спорт ч өсөн, дэвжсээр өнөөдрийг хүрсэн. Басхүү тэрээр энэ урт хугацаанд өмнөө тулгарах даваа, нугачаа бүхнийг сөрөн туулсаар өдийг хүрсэн нь дамжиггүй.

Тэдний өнөөдрийн бэлтгэл дуусч, бид спортын тухай яриа дэлгэсэн юм. Зуны дэлгэр цагт амралт зугаалга гэхээс илүү бэлтгэл сургуулилтаа таслахгүй, тогтмол хийж, формоо алдахгүй байхыг үздэг хэмээн хэлж байлаа. Тэрээр энэ жил амжилт бүтээл, олз омгоор дүүрэн буй. Шинэхэн гавьяатын хувьд энэ онд бодибилдинг, фитнессийн хамгийн том тэмцээн болох “классик” олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Мөн Бүх аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж түүхэн амжилтыг үзүүлээд буй юм. Тиймдээ ч бодибилдингийн спортын нэгэн шинэ хуудсыг нээсэн түүний энэхүү амжилтыг төр үнэлж Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолыг олгосон юм. Г.дорж “Хорь шахам жил энэ спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь төр ийнхүү үнэлсэнд үнэхээр их баярласан. Баяр наадмынхаа босгон дээр ханьтайгаа хамт энгэрээ цоолсон сайхан үйл явдал боллоо. аав ээж, ахан дүүс нутаг усныхан, манай гэр бүлийг өнөөдрийг хүртэл дэмжиж, тусалж ирсэн бүх хүмүүстээ маш их баярлаж байна.

Мөн тэднийхээ ачийг бага ч гэсэн хариулсан болов уу хэмээн найдаж байна даа. Ер нь энэ жил миний хувьд одтой сайхан жил байлаа. “арнольд классик” тэмцээнд оролцож түрүүлэн Шварцнеггерийн гараас шагналаа авлаа. Бодибилдингийн спортыг сонирхож эхэлсэн тэр үеэс хойш арнольдийн тоглосон кино, сэтгүүл дээрх зураг зэргийг шимтэн үзэж, түүн шиг болохыг мөрөөддөг байлаа. Энэхүү тэмцээнд түрүүлснээрээ улс орныхоо нэрийг гаргаад зогсохгүй багынхаа мөрөөдлийг биелүүлсэн шүү” гэв. Г.Доржийн хувьд багын л спортод дур, сонирхолтой нэгэн байж. Түүний хувьд самбо, чөлөөт бөхөөр барилддаг. Аймгийн аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлж ч байсан удаатай аж. Гэсэн хэдий ч бөхийн спортоо орхин бодибилдингээр тууштай хичээллэж эхэлжээ. Энэ тухай тэрээр “Би анх самбо, чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан юм. Хүч тэнхээ нэмэхийн тулд штанг өргөх гэх зэрэг дасгалуудыг тогтмол хийдэг байлаа. Ингээд л нэг мэдэхэд бөхийн төрөл гэхээсээ илүү бодибилдингийн спортод дур сонирхолтой болж эхэлсэн. Дунд сургуулиа ч төгслөө. 2000 онд “Аварга” биеийн тамирын сургууль нээгдэж, анхны элсэгч нь болсон юм. Өнөөх хүсэл сонирхлыг минь булаасан бодибилдингийн багш, дасгалжуулагч гэх мэргэжлээрээ шүү дээ” гэлээ.

Оюутан болсноосоо хойш тасралтгүй бэлтгэл хийсэн хэдий ч бодибилдингийн төрлөөр хүссэн амжилтаа гаргаж чадахгүй байсаар л байж. Тухайн үед улсын аварга шалгаруулах тэмцээн, “Ирээдүйн мистер” зэрэг томоохон тэмцээнүүд болно. Харин “Ирээдүйн мистер” тэмцээндээ шилдэг зургаад шалгарсан тохиолдолд улсын аварга шалгаруулах тэмцээнд орох эрх нь нээгддэг байсан аж. Гэсэн ч тэрээр “Ирээдүйн мистер” тэмцээнийхээ шилдэгт шалгарч чадалгүй гурван ч жилийг ардаа орхижээ. Энэ тухай тэрээр ярихдаа “Шантраад орхичиж болохоор хугацаа өнгөрсөн л дөө. Гэхдээ эр хүн учраас эцсийг нь үзнэ дээ гэсэн хор шар байсан. Тиймээс шантарч, цуцалгүй бэлтгэлээ үргэлжлүүлсээр л байлаа. Тэр үеэс өнөөдрийг хүртэл нэг ч удаа бэлтгэлээ тасалж байсангүй” хэмээн итгэл төгс хариулсан юм.
Ингээд 2003 оны “Ирээдүйн мистер” тэмцээнд оролцон хүрэл медаль хүртэн, улмаар Улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцож түрүүлж байжээ. Олон жилийн хүч хөдөлмөрийнхөө үр дүнг үзсэн тэрээр ёстой л магнайгаа хагартал баярласан хэмээн дурссан. Түүний хувьд урам зориг өгсөн энэ тэмцээнээсээ хойш эргэлт буцалтгүй бодибилдингээр хичээллэж, улам туршлагажин, томоохон тэмцээн уралдаануудад амжилт үзүүлсээр ирсэн нь энэ юм.
Тэрээр их сургуулиа төгсөөд тухайн үеийн бодибилдингийн хамгийн том клуб болох “Тайхар” клубт багшилж эхэлжээ. Түүнийг “Аварга” дээд сургуулийн багш, Монголын анхны мистер Батсуурь өөрийн “Тайхар” клубдээ авснаар ийнхүү ажлын гараагаа эхэлсэн байна. Түүний анхны шавь нар нь одоогийн Улаанбаатар хотын дарга Су.Батболд, “Номин талст” хамтлагийн Батсүх, Хаянхярваа, мөн улсын цолтой бөхчүүд гээд салбар салбарын алдартнууд аж. Мөн түүний одоогийн багшилж буй тус клубт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй олон алдартнууд ирдэг байна.
Бид ийн спорт, амжилт бүтээлийн тухай ярилцсаар тэдний “Их Монгол” хороолол дахь гэрт ирлээ. Тэднийг тив, дэлхийн тэмцээнүүдэд манлайлсныг илчлэх, цом, өргөмжлөл, медалиуд ярайж байх юм. Жил гаруйн өмнө Г.Доржийнх бүл нэмж удам залгах хүүтэй болжээ. “Бид хоёр үргэлж завгүй байдаг учир хүүг минь миний ээж хардаг юм. Хэдий амжилт бүтээл дүүрэн явах сайхан ч үр хүүхэд, гэр бүлдээ цаг зав гаргах чухал ч ажил маань ард үлддэг. Ямартай ч энэ бүхэнд аав, ээж, хань минь л хамгийн их ойлгож, тусалж дэмждэг дээ” хэмээн гэрийн эзэгтэй Б.Оюунгэрэл хүүгээ өхөөрдөн эрхлүүлэх нь жаргалтай харагдана.

2000-аад оны эхэн үед бодибилдинг, фитнесс төдийлөн хөгжөөгүй байсан үе. Цөөн тооны эрчүүд л сонгон хичээллэж тэмцээн уралдаанд оролцоно. Эмэгтэйчүүд хичээллэх нь бүр ч бага байжээ. Харин сүүлийн хэдэн жил бодибилдинг, фитнессийн спорт эрчимтэй хөгжиж, түүнийг даган эрүүл мэнд, бие бялдартаа анхаарах залуусын тоо ч нэмэгдсээр байгаа гэнэ. Мөн тэмцээн уралдааны төрөл ч нэмэгдсээр байгаа аж. Тэр дундаа шинээр нэмэгдсэн фитнессийн бикини төрлийг сонгон хичээллэгчид олширчээ. Зөвхөн Монголд төдийгүй, дэлхийд ч тэр энэ төрлөөр хичээллэдэг охид, бүсгүйчүүд маш их байдаг гэнэ. Бикини төрөл нь хэт булчинлаг болгох гэхээсээ илүү эмэгтэй хүний гоо сайхан, спортлог биеийг харуулдаг гэдгээрээ онцлог аж. Монголд энэ төрлөөр сонирхон хичээллэдэг бүсгүйчүүд цөөнгүйгээс гадна дэлхийд данслагдах амжилттай тамирчид ч байдаг билээ. Түүний нэг нь Б.Оюунгэрэл юм. Тэрээр амаржчихаад зургаан сарын дараа эргэн бэлтгэлдээ орж Улсын аваргаас алт, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн дайчин эмэгтэй билээ. Тэрээр “Би анх жирэмсэн болоод л илүүдэл жинтэй нүүр тулгарч байлаа. Хүн таргалахаараа өөртөө итгэлгүй болж, жижиг зүйлд ч уурлаж, унтууцдаг юм билээ. Харин эргээд бэлтгэлдээ орж, илүүдэл жингээ хаясан. Илүүдэл жингээ хаяхыг хүсэж байгаа хүний хамгийн чухал зэвсэг нь сэтгэл зүй байдаг. Унаган махтай, эсвэл маш их илүүдэл жинтэй байлаа ч хүний бие өөрчлөгддөг. Гэхдээ тууштай хичээллэж чадвал” хэмээсэн.
Сонирхуулахад, эмэгтэй бодибилдингийн төрөл олон улсын чанартай томоохон тэмцээнүүдээс хасагдаж байгаа аж. Бүсгүй хүний эмэгтэйлэг байдал, гоо сайхан чанарыг алдагдуулж, хэт эрэгтэйлэг болгож байна гэсэн шүүмжлэл багагүй дагуулах болсон тул ийм шийдвэр гарчээ. Г.Доржийн хувьд ч энэ төрлийг төдийлөн таашаадаггүй, эмэгтэй хүний гоо үзэмжийг хэт эвдсэн төрөл хэмээн үздэг талаараа хэлж байлаа. Монголд ч энэ төрлөөр хичээллэдэг эмэгтэйчүүд байдаггүй, харин бусад төрлүүд нь эрчимтэй хөгжиж байгаа юм байна.
Бид цай унд уунгаа шинэхэн гавьяатын нутаг усны тухай яриа өрнүүллээ. Тэрээр дуу хуурын өлгий Дундговь аймгийнн Мандалговь хотынх бол гэргий Б.Оюунгэрэл Архангай аймгийнх юм байна. Дундговь аймгаас урлаг, соёлын зүтгэлтэн, дуучид олонтаа. Харин тамирчид тун ч цөөхөн гэсэн. Доржийн хувьд ч гэр бүлээсээ ганцаараа спортын хүн аж. Аав Т.Гансүх нь төрийн албанд ажилладаг бол ээж Д.Шура нь холбооны инженер хийдэг байжээ. Тэрээр эхээс наймуулаа. Ах, эгч нь бүгд эрдэм номын мөр хөөж, дэлхийн шилдэг эрдэмтэн болсон нь ч бий гэсэн.
Харин тэднийг хэрхэн танилцсан талаар сонирхоход Б.Оюунгэрэл “Би 2008 онд “Тайхар клуб”-т фитнессээр хичээллэж эхэлсэн юм. Тухайн үед миний хань багшилдаг байсан юм. Анх багш, шавь байж байгаад л сүүлдээ нэг нэгэндээ дассан л даа. Манай хүн намайг анх найзууддаа, өөрийнхөө дүү гээд хэлчихсэн байж билээ. Би түүнийг нь мэдэхгүй, найзууд нь ирээд л “Нээрээ та хоёр адилхан юм байна” гэхээр нь их гайхдаг байсан. Багш нь байж шавьтайгаа үерхлээ гэх болов уу гэж л хүмүүсээс эмээсэн бололтой байгаа юм. Найзууд нь сүүлдээ мэдчихээд манай хүнийг “Муур багш” гээд хочилчихсон байсан шүү” гэсэн юм. Б.Оюунгэрэлийн хувьд анх танилцаж байх үедээ энэ спортын тухай сайн мэддэгүй байсан учир Г.Доржийг буруугаар ойлгох үе ч байсан гэнэ. “Миний хувьд анхандаа бодибилдингийн спортын амин сүнс нь хооллолт гэдгийг сайн мэддэггүй байлаа. Тухайн үед Доржоотой хамт хоолонд орох үед надад хоол авч өгчихөөд, өөрөө цүнхнээсээ бэлдсэн хоолоо гаргаж ирээд иднэ. Эхэндээ их хачирхалтай санагдаад л, сонин хүн бэ ч гэж бодох үе байсан. “Мандах” бүртгэл дээд сургуульд нягтлан бодогч мэргэжлээр сурдаг миний хувьд тамирчны амьдрал тэс өөр орчин байх нь аргагүй байх л даа. Сүүлдээ ханьтайгаа тэмцээн уралдаанд хамт яваад, энэ спортыг ойлгож эхэлсэн л дээ. Эрчимтэй хичээллэж, хичээлийнхээ хажуугаар тэмцээн уралдаанд ч оролцоод явдаг байлаа” хэмээн гэрийн эзэгтэй дурссан. Тэд анх танилцаж байсан үеэ дурсаад, яг л тэр үедээ очсон мэт тун аз жаргалтай харагдсан.
Тэдний хувьд дээр дурдсанчлан зуны дэлгэр цаг хэмээн тайвшралгүй бэлтгэл сургуулилтаа хийсээр л байдаг гэнэ. Учир нь тэд бэлтгэлээ бүтэн жилээр нь төлөвлөдөг байна. Төлөвлөгөөний дагуу бэлтгэл хийхээс гадна тэмцээн уралдаан ойртсон үед өдөрт хоёр удаагийн бэлтгэлтэй байдаг аж. Г.Дорж “Тэмцээний бэлтгэлд орчихсон үедээ өглөө, орой хоёр, хоёр цагийн бэлтгэл хийнэ. Өдөрт нэг удаа заавал унтах ёстой. Мөн гурван цагийн зайтай, маш нарийн дэглэмээр хооллодог. Уураг, нүүрс усаа тооцож, хоолоо граммлаж иднэ. Үүний зэрэгцээ өдөр тутам булчин, авч байгаа ачаалал, хоол унд зэргээ хянадаг. Мөн нэмэлт уураг, витамин хэрэглэдэг. Ингэж байж бэлтгэлийн тэр хүнд ачааллыг даана л даа. Ер нь бодибилдинг, фитнесс нь хүнээс маш их сахилга бат шаарддаг спорт. Түүнээс ямар ч бэлтгэлийн системгүй, хоол, нойр муутай байж өндөр ачаалалтай бэлтгэл хийгээд байж болохгүй.
Мөн уураг бэлдмэлийн тухайд манайхан буруу ойлголттой явах нь бий. Ер нь тамирчин хүнд нэмэлт уураг зайлшгүй шаардлагатай байдаг. Тэр дундаа бодибилдингийн тамирчин хүний уургын хэрэглээ энгийн хүнийхтэй харьцуулахад хоёр дахин их байдаг. Гэхдээ уураг бидэнд хэрэгтэй гээд замбараагүй хэрэглээд байж болохгүй. Бэлтгэлээс хойш 30 минутын дараа булчин уураг шаардаж эхэлдэг юм. Энэ үед нь л уурагаа нөхөж чадвал булчин хөгжих, сэргэх үйл ажиллагаа нь сайн явагдана гэсэн үг. Тэгэхээр бэлэн зарагддаг уурагнууд маань энэ үүргийг сайн гүйцэтгэдэг. Харин хүний элгэнд өөрчлөлт оруулдаг зэрэг нь ташаа ойлголт гэж хэлнэ. Би уургийг бараг 20-иод жил хэрэглэж байна. Миний элгэнд ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Мөн илүүдэл жингээсээ салах, эрүүл амьдрахыг хүсдэг хэн бүхэн фитнесс клубуудыг зорих болжээ. Энэ нь сайшаамаар хэдий ч жингээ зөв хаях нь маш чухал. Турж байна гээд л хоолоо идэхгүй хэдэн цагаар бэлтгэл хийгээд байвал харин ч хүний биед сөрөг нөлөөтэй. Машиндаа бензин хийхгүй зүтгүүлээд байгаатай л агаар нэг. Хэдий жин хаясан байж болох ч булчингаа алдаад ч байж болох шүү дээ. Булчингаа биш өөхөө хасаж байж л турна, эрүүлжинэ гэдгээ сайн ойлгох хэрэгтэй байна. Тиймээс зөв хооллох, дасгал сургуулилт хийх мэдлэгтэй байх шаардлагатай” гэлээ.
Ямартай ч залууст үлгэр жишээ болсон энэ гэр бүлтэй ярилцан суухад аз жаргал, амжилт бүтээл, залуу насны эрч хүч асгарч байлаа. Магадгүй нөр их хөдөлмөрийнх нь үр дүнд цогцлоосон амьдрал утга учиртай, амттай байдаг биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *