Categories
мэдээ спорт

Монгол Улсын аварга Ч.Санжаадамба түрүүллээ

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах Монгол Улсыг тунхагласны 93 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд 256 бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, “Бөх билэгт” дэвжээ, “Ажнай” корпарацийн бөх, Монгол Улсын 22 дахь аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба найм даван түрүүллээ.

Тус барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харъяат, БХИС, “Увс нуур” дэвжээний бөх, Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших үзүүрлэв. Харин Увс аймгийн Давст сумын харьяат “Увснуур” дэвжээ “ДЦС-4” ТӨХК-ий бөх, улсын арслан П.Бүрэнтөгс, Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” бөхийн дэвжээ, “ТЭЦ- 3”, “Химон” констракшн” ХХК-ийн бөх, улсын арслан Н.Батсуурь нар шөвгийн дөрөвт үлдсэн юм.

Улс тунхагласны ойн уламжлалт барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орох өндөр чансаатай барилдаан юм. Анх 1984 энэ барилдааныг зохион байгуулж Д.Хадбаатар аварга түрүүлж байжээ. 1990 оноос хойш Улс тунхагласны ойн барилдааныг тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд тэр жилийн барилдаанд Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн юм.

Монгол Улсын 22 дахь аварга Ч.Санжаадамбын хувьд Улс тунхагласны ойн баярын хүчит бөхийн барилдаанд тав дахь удаагаа түрүүлж байгаа билээ. Архангай аймгийн Хашаат сумын уугуул тэрбээр Ч.Санжаадамба нь цэргийн хурц арслан цолноос шууд улсын заан хэмээх эрхэм цолны эзэн болж байсан, 2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн, мөн “Гиннесийн ном”-д зориулсан 6002 хүчит бөхийн барилдаанд түрүүлж, “Гиннесийн ном”-д нэрээ мөнхөлсөн. Тэрээр Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн түүхэн амжилтуудын эзэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *