Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандартыг хангасан дэлхийн хоёрдох орон боллоо

Эрдсийн баялаг ихтэй дэлхийн 51 улс нэгдэн орсон ОҮИТБС-ын стандартын шаардлагыг хангасан анхны орноор 2017 оны 10 дугаар сард Филиппин улс хүлээн зөвшөөрөгдсөн бол манай улс 2018 оны 2 дугаар сард хоёрдох орон боллоо. Мөн Тимор Лесте улс стандартыг хангасан гуравдахь орноор хүлээн зөвшөөрөгдсөн нь Ази, Номхон далайн бүс нутаг ОҮИТБС-ын тэргүүлэх орнууд болж, эрдсийн баялгийн салбараа хариуцлагатай, нээлттэй болгохын төлөө амжилт олж байгаагийн илэрхийлэл гэж Ерөнхий сайдын ажлын албаны дарга, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан хэллээ.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) нь эрдсийн баялгийн удирдлага, засаглалыг сайжруулахын тулд татварын төлбөр, орлого, тусгай зөвшөөрлийн олголт, хайгуул, олборлолт, борлуулалт, эрх зүйн орчин, төсвийн зарцуулалт, төрийн өмчийн оролцоо, орон нутгийн төлбөр, хандив, дэмжлэг, үр нөлөө, гэрээ, ашиг хүртэгч эцсийн эзэд гээд 20 гаруй багц мэдээллийг стандартын дагуу ил тод болгохын төлөө төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн эрх тэгш хамтран ажиллагааны түншлэл юм.

Монгол улс эрдсийн баялгийн нөөцөө зөв удирдан засаглах, хариуцлагатай байхын ач холбогдлыг ухамсарлан 2006 онд ОҮИТБС-д нэгдэж, одоо Дэлхийн 50 гаруй орнуудыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллагын гишүүн болсон байна.

ОҮИТБС-ын стандартын гол шаардлага бол 3-5 жил тутам хэрэгжүүлэгч орнууддаа “Баталгаажуулалт” хэмээх чанарын хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулдаг явдал юм.

Монгол Улсын ОҮИТБС-ын “Баталгаажуулалт”- ыг 2016-2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаан дээр зохион байгуулж, засч сайжруулах хэд хэдэн үйл ажиллагаанд үнэлгээ өгсний үндсэн дээр 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр болсон хуралдаан дээрээ ОҮИТБС-ын Удирдах хороо Монгол улсыг ОҮИТБС-ын стандарт, шаардлагуудыг хангасан орноор хүлээн зөвшөөрсөн байна. ОҮИТБС-ын дарга ноён Фрэдрик Рэйнфилд:

“Монгол улс 18 сарын өмнө хийгдсэн анхны баталгаажуулалтаас хойш олборлох салбарт ил тод байдлыг хангах чиглэлээр, түүний дотор уг салбар дахь төрийн оролцоог олон нийтэд ил тод болгох асуудлаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан байна. Бүх шаардлагуудыг хангана гэдэг бол онцгой үйл явдал, нэр хүнд бөгөөд стандартын дагуу ил тод байдлын өндөр түвшинд хүрсэн нь бүх оролцогч талууд чухал хувь нэмрээ оруулсныг илтгэж байна. Монгол улс энэ ололт, амжилтаа цаашид бататган, эрдэс баялгийн салбарт иргэний хяналтыг идэвхжүүлэхэд төр, компанийн системд нь ил тод үйл ажиллагааг эргэлт буцалтгүй нэвтрүүлж өгөхийг уриалж байна” гэжээ.

Хэвлэлийн бага хуралд Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа, “Төлсөн авснаа нийтэл” ТББ-ын эвслийн зохицуулагч Д.Эрдэнэчимэг, КейПиЭмЖи ХХК- ийн аудит, зөвлөх үйлчилгээний захирал М.Эберст, ерөнхий захирал Г.Соёлмаа, Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон нар уг хуралд оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *