Categories
мэдээ улс-төр

Монгол, Туркын ГХЯ-дын консулын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын ГХЯ-дын консулын II зөвлөлдөх уулзалт 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.

Тус уулзалтыг монголын талаас ГХЯ-ны консулын газрын захирал Ш.Сүхбаатар, туркийн талаас Турк Улсын ГХЯ-ны консулын газрын захирал М.Самсар нар тус тус тэргүүлж, хоёр талын иргэдийн харилцан зорчих нөхцлийг сайжруулах, хууль ёсны эрх ашгийг хамгаалах болон консулын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцов. Консулын зөвлөлдөх уулзалтад Монгол Улсаас БНТурк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцов.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2013 онд БНТурк Улсад хийсэн айлчлалын үеэр “Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр орны иргэд хоорондын харилцааг улам бэхжүүлэхэд чухал түлхэц болсныг талууд онцлоод, цаашид хоёр талд хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн даатгалд хамруулах чиглэлээр хэлэлцээр байгууллахаар тохиролцож, Турк Улсад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгуулах, туркийн авиакомпаний тээвэрлэх зорчигчийн хязгаарыг нэмэгдүүлэх, жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх,   Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй, урт хугацааны визтэй турк иргэдийг визийн хүчинтэй хугацаанд гарах-орох визээс чөлөөлөх талаар хамтран ажиллахаар болов.  

Мөн хоёр талын иргэний бүртгэлийн байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах болон Турк Улсын хаягийн бүртгэлийн систем, нийгмийн хамгаалал, цахим визийн талаар туршлага судлахаар монголын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид Турк Улсад ажлын айлчлал хийхээр тохиролцов.

Энэ өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Турк Улсын Гадаад харилцааны яамны консулын газрын ерөнхий захирал М.Самсар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол, Туркийн “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид энэхүү харилцааны түвшинг ахиулах, хоёр талын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон болно. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *