Буудал дээр унаа хүлээж зогстол мулзан шар толгойтой гадаад залуу, царайлаг ялдамхан монгол бүсгүйтэй хөтлөлцөн ирлээ. Анзаарвал тэнд байгсад бүгд л өнөө хос залууг хүйтэн харцаар ширвэн ширтэцгээх ажээ. Бүсгүй гадаад залуудаа их л сайн бололтой гарыг нь дотноор барьсан харагдана.
Буудал дээр ирж зогсох автобусны зорчигчид хүртэл цонхоор зөвхөн тэр хоёрыг цоргин харна. Дунд сургуулийн ангид маань оросын эрлийз нэг хөвүүн байсан юм. Түүнийг хүн бүхэн том багагүй эрлийз хурлийзаар нь дуудаж ялгаварлан гадуурхдаг байсан. Хэдийгээр тэр жинхэнэ орос жаал шиг торомгор цэнхэр нүдтэй хөөрхөн хүүхэд байсан ч шинжилгээний ангийн орос эрд энгэр хуваасан ээжээс нь өөр хүн түүнийг огтхон ч өхөөрдөж энхрийлдэггүй, харин ч үзэн ядах маягтай байдаг байсныг би сайн мэднэ.
Найзынхаа гадуурхагдсан тавилангаас нэг бодол санаа сэтгэлд хадагдан үлдсэн нь “Монголчууд хэдий цөөхөн хүн амтай ч гэсэн өдий хүртэл харьд уусаагүйн гол дархлаа нь бусад улс үндэстний хүнтэй гэр бүл болдоггүй бичигдээгүй хуультай юм байна” гэсэн үнэмшил байсан.
Энэ цагт ч ялгаагүй монголчууд бид шар толгойтнуудтай хөтлөлцсөн охидооцэрвэнгүй харсан хэвээрээ. Намайг багад оросууд их, тэр хэрээр оросын эрлийз хүүхдүүд олон байсан. Өнөө цагт Улаанбаатарт барууныхан олширсон. Тэглээ гээд шар толгойтой, цэнхэр нүдтэй эрлийз жаалуудыг илүү үзэж монгол цусны дархлаа энэ тэр гэцгээх нь дэмий санагдана. Дэлхийд лав “Энэ англи бүсгүй тэр муу хар арьстантай суучихлаа” гэж нэгнээ адалж байгаа юм алга.
Л.БАТЦЭНГЭЛ