Categories
мэдээ улс-төр

“Монгол-Солонгосын бизнес форум”-д оролцогчдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь, Б.Ундармаа нар өнөөдөр (2017.06.02) “Монгол-Солонгосын бизнес форум”-ыг зохион байгуулагч Ум Ён тэргүүтэй бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Монгол-Солонгосын бизнес форум”-ыг зохион байгуулж байгаа БНСУ-ын Шадар сайд асан ноён Ум Ён, “Кореа саммит” байгууллагын захирал Пак Бон Кью нарт талархал илэрхийлээд форум амжилттай болж, хоёр орны бизнес эрхлэгчид шинээр хамтран ажиллах эхлэлээ тавьж чадна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Тэрбээр манай хоёр орны харилцаа өргөжин тэлж, бидний хувьд БНСУ-ыг стратегийн түншээ гэж үздэг гээд улс төрийн харилцаанаас гадна хүн хоорондын харилцааг хөгжүүлэхэд “Кореа саммит” байгууллага сүүлийн 10 жилийн хугацаанд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.

Ноён Ум Ён УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Ундармаа нарт талархаад, энэ удаагийн форумд БНСУ-аас өргөн бүрэлдэхүүнтэй бизнесийн төлөөлөл оролцож байна гэж хэллээ.

Тэрбээр “Миний хувьд Шадар сайдаас гадна Шинжлэх ухааны сайдын албыг хашиж байсан. Тэр үед Монголд тулгарч буй асуудлуудыг судалж үзээд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд төсөл боловсруулсан байгаа. Энэ төслөө бизнес форумын үеэр танилцуулна. Хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн тогтвортой харилцааг бий болгоход Монгол-Солонгосын бизнес форум хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гэв.

Төгсгөлд нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *