Монгол Улс, ОХУ-ын бизнес эрхлэгчдийн дунд “Ази руу гарах хаалга” (“Ворота в Азию”) үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг. Дээрх үйл ажиллагааны хүрээнд өнгөрсөн 11 жилд хоёр орны мянга шахам ААН, үйлдвэр бизнес харилцаа тогтоожээ. Энэ удаагийн үйл ажиллагаа өчигдөр нээгдэж хоёр талын 30 компанийн 40 орчим төлөөлөл оролцож байна. Олон талт үзэсгэлэн гарч, ОХУ-ын хамтын ажиллагааны байгууллага “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь “Русский дом”, Монгол-Оросын ажил хэргийн зөвлөл зохион байгууллаа. ОХУ-аас уг үзэсгэлэнд Өвөр Байгалийн хязгаар, Бүгд найрамдах Буриад улс, Эрхүү муж гэсэн 3 бүсээс оролцож байна. Энэ жилийн үзэсгэлэн, үйл ажиллагаа Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болж байна.
ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев хэлэхдээ, “Оросын бага, дунд бизнесийг Монголын зах зээлд нэвтрүүлэх нь эдийн засгийн анхаарвал зохих салбар юм. “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар хоёр орны бараа эргэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг ямагт дэмжиж ирсэн. Энд жил бүр зохион байгуулдаг “Азийн хаалга” үзэсгэлэнг нэрлэж болно. Энэ нь Орос-Монголын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх сайхан боломж юм. Мөн бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд илүү анхаарал тавих хэрэгтэй” гэлээ.
Ковид-19-ийн цар тахлын улмаас хоёр орны бараа эргэлтийн хувь хэмжээ буурсан. Тиймээс экспорт, импортын хэмжээг өсгөн нэмэгдүүлэх шаардлага нэгэнт тулгарч энэ онд өргөжүүлэх боломж гарч ирж байна. Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Максим Васильев хэлэхдээ, “Энэ жилийн бараа эргэлт түүхэндээ хамгийн их хэмжээнд хүрэх боломжтой боллоо. Тодруулбал, 1.7-1,8 тэрбум долларт хүрч болохоор байна” гэж хэлэв.
Энэ удаагийн “Азийн хаалга” үзэсгэлэн энэ сарын 14 хүртэл үргэлжилж, ЖДҮ эрхлэгчдийн “Орос-Монгол: Хил орчмын хамтын ажиллагаа” бизнес-чуулга уулзалт болж, Улаанбаатар дахь “Русский дом”-ийн гадаад талбайд одон орны дуран байрлуулж од гаригийг харах боломжийг сонирхсон иргэдэд олгож байна. Мөн “Цагийн урсгалаар шалгарсан найрамдал” Монгол, ОХУ-ын залуу зураачдын үзэсгэлэн-уралдаан, “Монгол, ОХУ зураачдын найрамдал, хамтын ажиллагааны тухай хосгүй нэгэн бүтээл “Зуун ба өнө мөнх” номыг танилцуулж байна.