Categories
мэдээ нийгэм

Монгол орны гайхамшигт ойгоор аялаарай

Өнөөдөр “Гайхамшигт ой” номын нээлт Туушин зочид буудалд болсон юм. Уг ном нь Байгаль орчин аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хамтын дэмжлэгээр бүтжээ. Номны зохиогч нь М.Тунгалаг, редактороор нь Ц.Цэвээнхэрлэн ажилласан байна. Тухайн ном нь хөшиг нээхүйд, дэлхийн үнэлэмж, баялаг дагасан бизнес, ойн савдгууд гэх мэт есөн бүлгээс бүтжээ.Цэнхэр гарагийн гуравны нэгийг эзэлдэг ойд чухам ямар гайхамшиг, агуу ертөнцийн нууц оршин байна вэ?, Ойгоос эгшиглэдэг уран хөг аялгуу, чамин тансаг үнэр өнгө будгийн төгс хослол чухам хаанаас, хэрхэн бий болоод байна вэ? Гэх асуултуудын хариултыг “Гайхамшигт ой” номноос унших боломжтой ажээ. Номны удиртгалыг Олимпийн анхны аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Чингис хаан” одонт Н.Түвшинбаяр бичжээ. Удиртгалыг товч дурьдвал “Тэр бүр үзэгдэж харагдаад байдаггүй ховор амьтдыг бид зөвхөн ой модонд л олж хардаг шүү дээ. Энэ ч утгаараа байгаль дэлхий хэчнээн баялаг болохыг ойд явахдаа л биширч, гайхах, бахдах сэтгэл эрхгүй төрдөг. Ойгоо хайрлаж хамгаалах нь өнөөдөр нийгмийн хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Орчин үеийн хүүхдүүдэд ой модыг хамгаалж хайрлах, мод тарихын ач тусыг сайтар ойлгуулах хэрэгтэй. Модыг зөвхөн суулгаад орхих бус, арчилж тордож, хамгаалж ургуулна гэдэг их хөдөлмөр, сэтгэл шаардсан ажил юм билээ. Суулгасан модоо газрын гүнтэй холбогдож, тэжээл авч, үүргээ биелүүлдэг болох хүртэл нь хэдэн жил тасралтгүй услах ёстойг ойлгох нь чухал юм” гэжээ.

“Балдорж” шагналт, байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн хэлэхдээ: “Ойтой холбоотой бүхий л эрдэмтэн, шинжээч, судлаачдын баримт судалгаануудыг нэгтгэж базаад багцлаад бүх насны уншигчид зориулсан ном гаргах санал анх ирсэн юм. Тэгээд өнгөрсөн жилээс энэ номыг бүтээх ажлаа эхэлсэн. Номыг бичих ажил жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Энэ ном нь иргэд экологийн боловсрол олгоход зориулагдсан билээ.Ойн талаарх судалгааны боть номууд байдаг. Тэр бүгдийг уншиж хамгийн сонирхолтой хэсгийн түүж авах. Тэрийг багцалж хүнд ойлгомжтой хэлбэрээр бичих зэрэгт цаг хугацаагаа их алдсан. Гэвч өнөөдөр номныхоо нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Хүүхэд залуус маань илүү их ойлгож уншаасай гэсэн зорилго тавьж бичсэн. Тийм ч учраас маш энгийн үг хэллэгтэй бүтээгдсэн. Цаашдаа сонсдог ном болгох талаар ярилцаж байгаа” гэсэн юм.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалагтай “Гайхамшигт ой” номны талаар зарим зүйлийг тодрууллаа.

-“Гайхамшигт ой” номонд юу өгүүлэгдэж буй талаар уншигчиддаа товч танилцуулвал?

-Энэ ном нь хамгийн гол нь ойн талаарх бүх насныханд зориулсан танин мэдэхүйн тухай ном юм. Уг ном нь үлгэрийн ном шиг уншихад сонирхолтой. Шинжлэх ухааны баримт тулгуурласан. Хамгийн гол нь монгол орны ойн нөхцөл байдал, тэнд амьдардаг амьтад, биологын бүх л төрөл зүйл дээр тулгуурлаж бичсэн.

-Байгаль орчин дахь гол асуудлуудын нэг нь яахын аргагүй ой хамгаалах тухай юм. Тиймээс ойг хамгаалах талаар бидний хойч үе болсон хүүхдүүдэд хэрхэн таниулан сурталчилж байна вэ?

-2010 онд БСШУЯ-ны сайдад “Хүүхдүүд ойн боловсрол олгох хэрэгтэй байна. Хойч ирээдүй маань үүний талаар боловсролтой болох ёстой гээд хөтөлбөр хийе” гэсэн санал хүргүүлсэн. Харамсалтай нь процесс нь удаж таарсан. Энэ хооронд ойн агентлаг татан буугдсан юм. Мөн бид 52 сургууль дээр очиж хүүхдүүд ойн тухай хичээл заасан. Тэгэхэд хүүхдүүд маш богинохон хугацаанд ойлгож байсан. Жишээлбэл “Дөрвөн зуун жил насалсан мод номын сан шиг ямар их мэдээлэл хадгалж байна. Гэтэл тэр модыг цахилгаан хөрөөгөөр дөрөвхөн минутад унагачихдаг. Алтан өндөг гаргадаг галуугаа алж байгаатай адилхан унагаагаад түлдэг байна” гэж хүүхдүүд зөвөөр ойлгуулж заахад их сонирхдог юм билээ. Энэ номыг бичнэ гэж зургаан жил мөрөөдөж Ц.Цэвээнхэрлэнгийн мэргэжлийн туслалцааг авч байж гаргалаа.

-Дараа дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө дурьдвал?

-Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсэн байгуулагдсанаас хойш чиглэж ажилласан цөөхөн эмэгтэйчүүдийн нэгэн би юм. Тодруулбал ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны анхны даргаар ажиллаж байлаа. Өөрийнхөө амьдралаараа төлөөлүүлж монгол эмэгтэйн аж амьдралыг бусад орны эмэгтэйчүүд болон улстөрчид жишиг болохуйц бүтээл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Залуучууддаа юуг захиж зөвлөмөөр байна вэ?

-Ойг юу ч хэлдэггүй, явдаггүй юм байна гэж бодож болохгүй. Бид маш нөхөрсөг амьдрах ёстой. Сүүлийн үед ойг хавтгайруулан огтлох явдал их байна. Огтолсоныхоо дараа эргээд бид өөрсдөө ойгоо санагалздаг. Тиймээс анхнаасаа ойг хамгаалах ухаанд суралцмаар байна. Үүний талаар залуучууд маань ойлгож ухаарах хэрэгтэй байна.

-“Гайхамшигт ой” ном хаана худалдаалагдаж байгаа вэ?

-НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллага нь манай ойн асуудалд хариуцдаг гол байгууллага юм. Энэ номын талаар тухайн байгууллагатай маш сайн ярилцаж , уг номны ач холбогдлыг ойлгуулж чадсан. Тийм ч учраас тухайн байгууллага 2000 ширхэг номыг хэвлүүлж бүх зарлагыг хариуцсан юм. Тэгэхээр энэ ном нь үнэгүй тараагдан гэсэн үг. Тэгэхдээ үнэгүй зүйл үнэгүй болдог учраас бид сургалт хийж , сонирхлын татаж, унших хэмжээнд аваачиж байж тараана.

Б.ҮРЖИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *