Categories
мэдээ цаг-үе

Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор далайд гарц, түүхий эдээ зах зээлд гаргах боломж

Нэгэн цагт монголчуудыг муухан хийцтэй эсгий таавчиг мэтхэнээс өөрийг олигтой хийж чаддаггүй гэх шүүмж хаа сайгүй хөвөрдөг байлаа. Харин энэ бодлыг өөрчлөх, монголчууд ямар ч л байсан хийх зүйлээ асуудалгүй хийдэг болохыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж өнгөрсөн “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо-2017” арга хэмжээ харууллаа. Төрөл бүрийн гар урлал, бэлэг дурсгалын зүйлсээс эхлээд манай үндэсний брэнд болсон “Эрдэнэт хивс”, “Говь”-ийн ноолууран эдлэл, “Дархан нэхий”-гийн нэхий дээлнүүд, мөнгөн хийцүүд гээд бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээр экспод оролцсон. “Говь”, “Дархан нэхий”-гийн хувцаснууд хийц загварын хувьд үнэхээр содон онцгой юм билээ. Өнгө загвар сайтай хувцсыг манай модель охид, залуус өмсөж нийтэд сурталчилсан нь уг экспогийн бас нэгэн чимэг болсон билээ. Монгол-Хятадын хамтарсан экспо гэдэг утгаараа хоёр орны өндөр дээд түвшний удирдлагууд зочилж байсан нь уг арга хэмжээний ач холбогдлыг ихэд өргөсөн. Монголын талаас гэхэд л ХХААХҮЯамны сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав гээд зочид оролцсон юм. 2015 онд анхных нь зохион байгуулагдаж байсан бол энэ жил илүү өргөн цар хүрээтэй, олон аж ахуйн нэгжийг хамруулж чадсан нь яалтгүй зохион байгуулсан ХХААХҮЯ-тай холбоотой. Мөн хамтран ажилласан МҮХАҮТ-ыг дурдах нь зүйтэй. Энэхүү арга хэмжээний гол зохион байгуулагчаар Монгол Улсын ХХААХҮЯ, ӨМӨЗО-ы Ардын засгийн ордон ажилласан бөгөөд зохион байгуулалт маш сайн байсныг дурдахгүй өнгөрч болохгүй.

Гол сэдэв нь ч тэр Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорыг байгуулж, дэлхийд чиглэсэн хамтаар ашигтай байх хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай байв. Ер нь ч энэ коридор бол ялангуяа Монголын хувьд асар их өгөөжтэй нь тодорхой. Монголд өгөх эдийн засгийн өгөөж өндөр байх тухай холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид ч онцолж байсан. Ядаж л далайд гарах гарц, түүхий эдээ дэлхийн зах зээл рүү шуудхан нийлүүлэх өргөн зам нээгдэж байгаа билээ. Хурал, форум, үзэсгэлэн, Монгол-Хятадын соёлын долоо хоног гэсэн үндсэн дөрвөн арга хэмжээ, 23 салбар үйл ажиллагаанаас бүрдсэн нь ихээхэн өргөн хүрээг хамарч чадсаныг харуулна. Экспогийн гол онцлог нь Монголын талаас ихээхэн ач холбогдол өгч аж ахуйн нэгжүүд болон төр засгийн зүгээс өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон явдал юм. Албан мэдээгээр бол уг экспод манай улсаас 1600 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Орос, Тайланд зэрэг арваад улс орны төлөөлөгч оролцож, нийтдээ өөр бусад 30 гаруй орны аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, сурталчилаад авсан. Нийтдээ уг арга хэмжээний үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, томоохон төслүүдийг танилцуулах гээд Монголчуудад тун хэрэгтэй олон форум, хэлэлцүүлэг болсон юм. Монгол Улсад тун чухал зүйл бол мэдээж гадны хөрөнгө оруулалт. Тэгвэл Монгол болон хятадын хөрөнгө оруулалтын орчин болон мега төслүүдийг танилцуулах форум дээр томоохон төслүүдийг Үндэсний хөгжлийн газраас танилцуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татаж байв. Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдад татварын аль болох таатай нөхцөлийг бий болгож байгааг онцлоод 5-18 жилийн хугацаатай НӨАТ, Гаалийн болон ААНОАТ, ашигт малтмалын нөөцийг ашигласны төлбөр зэрэгт татварын хувь хэмжээг тогтворжуулах гэрчилгээ авч болно оо гэдгийг манай албаны хүмүүс тодотгож байлаа. Эдгээр нь хөрөнгө оруулагчдад тун боломжийн нөхцөлийг бий болгох юм байна. Тухайн хөрөнгө оруулагч 500 тэрбум болон түүнээс дээш хэмжээний хөрөнгийг оруулбал Монгол Улсын Засгийн газартай эрхзүйн баталгаа болгон татварын орчныг тогтвортой байлгах болон бусад хөнгөлөлтийг үзүүлэх гэрээ байгуулж болох юм гэдгийг ч онцолж байв.

БНХАУ-аас 1990-2016 оны хооронд 5,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь манай улсад оруулсан нийт хөрөнгө оруулалтын 27,2 хувийг эзэлдэг байна. Мөн Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжийн 50 гаран хувь буюу 6640 нь Хятадын хөрөнгө оруулалттай байдаг аж. Ер нь 1990-2017 оны хугацаанд манайд нийт 17 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Уншигчдад сонирхолтой, бас хэрэг болох учраас Монгол Улсад хэрэгжүүлэх шаардлагатай, эдийн засгийн чухал ач холбогдолтой төслүүдийн талаар хүргэх нь зүйтэй гэж бодлоо.

Уул уурхай болон хүнд үйлдвэрийн салбарт “Цагаан суварга”-ын зэс молебдины уулын баяжуулах үйлдвэрийн төсөл. Нийт төсөвт өртөг нь тэрбум ам.доллар. “Монгол-Чех металл” компанийн “Чулуут цагаан дэл”-ийн уурхайг түшиглэн байгуулах хайлуур жоншны баяжуулах үйлдвэр. Уг төсөл нь Төв аймгийн Баянцагаан суманд хэрэгжих бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ долоон сая ам.доллар. Уг төсөл хэрэгжиж эхэлснээр хөрөнгө оруулалтаа ердөө л хоёр жилийн хугацаанд бүрэн нөхөх тооцоотой. Жилийн борлуулалтын орлого нь 16,6 сая орчим, үүнээс цэвэр ашиг нь таван сая ам.доллар байх тооцоо гарсан нь багагүй өгөөжтэй төсөл болохыг илтгэнэ. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулах зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл бас байна. Уг үйлдвэрийн ТЭЗҮ-г шинээр боловсруулах, хөрөнгө оруулагчийг сонгох, холбогдох гэрээ хэлцлүүдийг хийх бэлтгэл ажлууд хангагдаж байгаа ба хөрөнгө оруулагч нь уг үйлдвэрийн нийт хувьцааны арваас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр түр эзэмшихээр тогтоосон аж. Мөн Багануурын үйлдвэрлэл, технологийн парк, дэд бүтцийн өргөтгөлийн төсөл ч байгаа юм. Нүүрсийг гүн боловсруулан нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл. Таван толгойн ордын нүүрсний давхаргын метан хийг олборлон экспортод гарган эдийн засгийн эргэлтэд оруулах судалгааны ажлыг эхлүүлээд явж байгаа аж. Уг орд газарт батлагдсан 3,7 тэрбум тонн эрчим хүчний нүүрс болон 0,2 тэрбум тонн исэлдсэн нүүрсийг гүн боловсруулж, нийлэг байгалийн хий үйлдвэрлэн эргэлтэд оруулах томоохон төсөл юм.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд маш чухал төслүүд багтжээ. Дан уул уурхайгаас хараат бусаар хөрөнгө оруулалт татах, уг салбарыг ирээдүйд голлох ашиг өгөх салбар юм аа гэдгийг ч яамны сайд П.Сэргэлэн хэд хэдэн удаа дурдаж байсан билээ. Уг салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдийн эхэнд Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл багтаж байгаа. Уг төслийн нийт өртөг нь 322,1 сая ам.доллар бөгөөд яалтгүй энэ салбарт хэрэгжүүлэх мега төсөл гэж болно. Мал, аж ахуй, махны экспорт сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж, тэр хэрээрээ ажил хэрэг болоод явж байгаа. Тэгвэл мал, аж ахуй махны экспортын эрүүл бүс хэмээх төсөл танилцуулагдсан. Малын эрчимт тэжээлийн аж ахуй, тэжээлийн үйлдвэр, экспортын баримжаатай мал төхөөрөх үйлдвэр, мал эмнэлэг, хорио цээрийн сорилт шинжилгээний лабораторийн иж бүрэн цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаа аж. Уг төслийн өртөг 21 сая ам.доллар болох тооцоотой.

Монголд хог хаягдал бас л нэн яаралтай шийдвэрлэх асуудлын нэг. Тэгвэл хог хаягдлыг дахин боловсруулах эко парк байгуулах төсөл бий. Хог хаягдлаас цахилгаан эрчим хүч, дулаан, хий, барилгын материал, резин эдлэл, хуванцар бэлдэц гэх мэт өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх өргөн боломжтой бөгөөд энэхүү нэн хэрэгцээт төслийн өртөг нь 100 сая ам.доллар. Ажил хэрэг болоод байгуулж дөнгөвөл хаа сайгүй хөглөрөх хогийн асуудал цэгцэрчихнэ. “Монгол ээдэмцэр кластер” хэмээх малчдад өгөөжөө өгөх тун хэрэгтэй төсөл бас байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх уг төсөлд арван аймгийн 108 сумыг хамарсан орон нутагт сүүний хүргэлттэй 285 тасаг, сумдын жижиг үйлдвэр 50, боловсруулах үйлдвэр тав, олон улсын жижигт нийцсэн лаборатори, зориулалтын агуулах зэргийг байгуулна. Мэдээж сүүгээрээ өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлбэл малчдад өгөөжөө хэрэгтэй төсөл болох нь дамжиггүй. Харин зам тээврийн салбарт Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,6 км автозамыг дөрвөн эгнээ бүхий цемент бетонон хучилттай нэгдүгээр зэргийн автозам болгон өргөтгөн шинэчлэх төсөд бий ба өртөг нь 766 сая ам.доллар. Бас Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 250 км орчим хүнд даацын хатуу хучилттай автозамын төсөл байгаа бөгөөд 220 сая ам.долларын өртөгтэй. Энэхүү төсөл Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдад хэрэгжинэ. Өдөрт л гэхэд зөвхөн нэг талдаа хүнд даацын 400-500 автомашин нүүрс тээвэрлэж байгаа хуучин замыг Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 250 км хатуу хучилттай зам болгосноор боомт хүрэх тээврийн зардал тонн тутамдаа найман ам.доллараар буурах тооцоотой. Ингэснээр жилд 30 гаран сая тонн хүртэлх хэмжээний экспортыг хийх боломж нээгдэх юм.

Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км хатуу хучилттай, 81,5 сая ам.долларын өртөг бүхий автозамын төсөл. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас эхлээд тус аймгийн Асгат, Эрдэнэцагаан сумын нутгаар тус тус дайран өнгөрөх уг зам Бичигтийн боомт хүрнэ. Эдгээр төслүүдийн концесс олгох уралдаан шалгаруулалтыг энэ оны наймдугаар сарын 16-наас хойш хоёр сарын хугацаатай зарлажээ.

Харин барилга хот байгуулалтын салбарт Яармагийн спорт цогцолбор, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх төсөл байна. Төслийн төсөвт өртөг нь 16,1 сая ам.доллар. Уг ажлын хүрээнд 210 ажлын байр бий болгох бөгөөд гэр хорооллын айлуудыг орон сууцаар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байх гэнэ. Хан-Уул дүүргийн 16-р хорооны 2,2 га газарт шинэ хотхон хороолол төсөл хэрэгжих юм байна. Ийнхүү хөрөнгө оруулагчдад томоохон төслүүдээ амжилттай танилцуулсан.

Монгол Хятадын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулалтын асуудлаарх хэлэлцүүлэг мөн энэ үеэр болсон бөгөөд нээлттэй хамтын ажиллагаа, органик, хамтдаа ашиг хүртэх гэсэн гол агуулгын дор өрнөсөн. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах салбарын томоохон гэгдэх төслүүдийг танилцуулах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулалтын технологийн хамтын ажиллагаа болон солилцоо гэх мэт чамгүй олон талт хэлэлцүүлэг болсон юм. Монголын хөдөө аж ахуйн салбарт амин чухал хэрэгцээт зүйлийн нэг бол мэдээж технологи. Тухайн технологийг монголд хэрхэн хэрэгжүүлэх, нутагшуулах талаар нээлттэй өрнөсөн хэлэлцүүлэг Монголын талд ихээхэн үр өгөөжтэй болсон. Ер нь тэгээд хятад бол технологи тал дээр яалтгүй тэргүүлэх болсон. Харин бид тэрхүү технологиудаас өөрсдийн чадах хэрээр суралцаж Монголд нутагшуулах зайлшгүй шаардлагатай болжээ. Хятадын тал Монголыг маш их сонирхож байна. Харин бид тэрхүү сонирхлыг ашиглан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хятадын том зах зээл рүү чадах хэрээрээ гаргаад байвал өнөөгийг бидэнд тулгараад байгаа эдийн засгийн хямралыг төвөггүй даваад гарчихаж болохоор харагдаж байлаа.

Үргэлжлэл бий.

Я.БАЯРБААТАР

Д.ЦОГЗОЛМАА



7 replies on “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор далайд гарц, түүхий эдээ зах зээлд гаргах боломж”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *