Categories
мэдээ нийгэм

Монгол жолооч хонины махаа ачаад Ираныг зорилоо DNN.mn

Монгол Улсаас Иран улс руу хонины мах бэлтгэн нийлүүлэхээр өнөөдөр цуваа хөдөллөө.

Энэ талаар эдийн засагч Д.Ангар “Монголын махны үйлдвэрт бэлтгэгдсэн хонины махыг жолооч маань машиндаа ачаад Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг зорилоо. Замд 8,000 орчим километр явна. Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай” хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн байна.

“Иран улс руу ихэнхдээ ангилсан хонины мах нийлүүлдэг”

Мах, махан бүтээгдэхүүний экспортын талаар Монголын Махны холбооны менежер И.Баттогтохоос тодруулахад “Дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны мах болон адууны түүхий шулсан махыг урд хөрш рүү 2021 оны зургаадугаар сарын 9-нийг хүртэл гаргаж байсан. Улмаар сав, баглаа боодлоос коронавирус илэрсэн гэх шалтгаанаар экспортыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш гадаад руу нэг ч килограмм мах гаргаагүй.

Иран руу мах гаргасан гэж байгаа бол энэ нь 2021 оны сүүлээр бэлтгэсэн махаа одоо авч байна гэсэн үг. Түүнээс биш махны үйлдвэрүүд ажиллаж эхлээгүй шүү дээ. Тэгэхээр Ираны компаниуд манай улсын компаниудтай өөр хоорондоо тохиролцоод гаргаж байгаа болов уу.

Манай улс Иран руу 2018 оноос хойш мах экспортолж эхэлсэн. Гэхдээ гаргаж буй махны хэмжээ маш бага. Ихэнхдээ ангилсан хонины мах нийлүүлдэг. Тиймээс экспортын хувь хэмжээнд нөлөөлөхүйц гарч чаддаггүй” хэмээн хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *