Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол “ДЕЛО” (4)

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


“Дело-г цайруулах дело” буюу Их хядлагын буруутныг тогтоох дело (хэрэг) 1962. Зөвлөлтийн коммунист намын XXII их хурал 1962 онд болж сталинизмын харгислалыг дахин авч хэлэлцэн буруутгаад хойшид ийм алдаанд орохгүйгээ нам төр нь амлалаа. Үүнийг дагалдан МАХН-ын бүгд хурал болж Чойбалсангийн үеийн харгислалыг дахин буруутгав. Гэхдээ лам феодал язгууртан нарыг хөнөөн устгасан явдлыг ангийн тэмцлийн үүднээс сайшааж намын бодлого зөв байсан гэж үзэв. Харин нам төрийн олон ажилтан энэхүү ангийн тэмцлийн үед хэлмэгдсэнийг буруушаагаад, тухайн үед чухам тэрхүү хэлмэгдсэн хүмүүсийг байцааж яргалж тамлаж байсан Дотоод яамны амьд үлдсэн цөөн хүмүүсийг биечлэн буруутгаж намаас хөөлөө. Болд, Жамбалдорж нар намаас хөөгдсөн бол Багаа зэрэг зарим нь гадаадад элчин сайдаар томилогджээ.

“Хүн бүрт дело нээх дело буюу Хувийн (хэрэг) 1963. Зөвлөлтийн намын XXII их хурлаас хойш улс төрийн хэрэгт цаазаар авах явдлыг зогсоов. Нийгмийг аюулаас хамгаалах яамыг (хуучны Дотоодыг хамгаалах яам) дахин байгуулж тэдэнд хандсан Улс төрийн товчооны 1963 оны 03 тоот нууц тогтоолд заахдаа “иргэдийн улс төрийн санаа сэдлийг судалж үндсэрхэг, үгүйсгэх үзэл баримтлагчдын үндэсгүй мэтээр гуйвуулан чалчигч этгээдүүдийг судлан илрүүлж нам, засгийн удирдлагыг мэдээллээр хангах, нам засгийг шүүмжилсэн, хөрөнгөтний үзэл гаргасан этгээдүүдийг цаг тухайд нь илрүүлж хатуу арга хэмжээ авч байхыг” үүрэгдэв.

Энэ үеэс мэдээлэгчийн зохион байгуулалттай бүтэц босгож иргэдийг биенийх нь эсрэг тагнах турших сүлжээ байгуулжээ. Нийт таван шат зэрэглэлтэй уг сүлжээний дээд хэсэг нь шагнал урамшилтай нууц нэртэй итгэгдсэн хүмүүс байх бол хамгийн доод эгнээнийхэн хаана ажиллаж байгаагаа мэдэхгүй ердийн ховч, гэнэн чалчигч нар аж. Сүлжээнд нийтдээ 150-200 мянган хүн хамаарч байсанд насанд хүрээгүй хүүхдийг хүртэл хамруулан тооцож байв.

Мөн энэ үеэс бүх хүнд дело хавтас нээсэн. Ийнхүү Монголын иргэн бүр өөрийн гэсэн “хавтаст хэрэг” буюу “дело”-той болов. Тодорхой гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийн тухайд л хэрэг нээн,“дело” үүсгэдэг байсан бол одоо бүх иргэн нь хэрэгт сэжиглэгдсэн эсэхээс үл хамааран хавтас нээлгэсэн гэсэн үг. Түүнийг нь нам засаг хүссэн үедээ, хүссэнээрээ ашиглаж болно.

Иргэн бүрийн “хавтаст хэрэг” нь сургуулийн сурагч болгонд 8 настайгаас нь эхлэн нээдэг “хувийн хэрэг” гэх дело-ноос эхэлнэ. “Хүүхдийн дело”-д сурлагын дүнг жагсаахаас гадна хүмүүжлийн байдал, сахилга бат, зан чанар зэргийг жил бүр нарийвчлан тэмдэглэнэ.

Улмаар сургуулийн ахлах ангид орж МХЗЭ-ийн гишүүн болмогц өөр хувийн хэрэг нээнэ. Сурагчийн болон эвлэлийн гишүүний хувийн хэрэг эзэн нь танилцах эрхгүйгээр насан турш нь дагалдана.

Нам өөрийн гишүүдэд тусдаа делотой ба энэнийг нэг талаас хяналтанд байлгах, нөгөө талаас боловсон хүчин сонгоход ашиглах гол материал болгоно. Намын гишүүний хувийн хэрэгт эзнийх нь тухай хов, матаасыг хүртэл хавсарган нууцалж хадгална. Иймэрхүү, түмэн янзын хувийн хэрэг нээхэд хэрэгтэй Дело хавтсыг маш ихээр хэвлэсэн учир худалдаанд чөлөөтэй зардаг байв.

Хариуцлагатай ажилтан болон хэрэг төвөгт сэжиглэгсдийн дело хавтас их зузаардаг учир гутлын үдээсээр үдэн бэхэлж хадгална. Хэрэгт холбогдсон “тэрний төдөн боть хавтаст хэрэг” гэх зэрэг нь энэхүү гутлын үдээсээр бэхэлсэн делонуудыг хэлж буй хэрэг.

Улс төрийн хэрэгт холбогдогсдыг болж өгвөл эрүүгийн хэрэгт холбогдуулан шийтгэх шинэ арга буй болжээ. Тэдний заримыг шоронд хийх боловч ихэнхийг нь гүтгэх, нэрийг нь гутаасан цуу тараах, алс газар цөлөх, гэр бүл үр хүүхдийг нь хавчих, давхар ялгаварлан гадуурхах, ажил төрөлгүй болгох зэрэг арга хэрэглэх болов. Мөн нийтийг хамарсан үзэн ядуулах кампанит ажил зохиож үүндээ мэдээллийн хэрэгслийг өргөнөөр ашиглах болов.

Авазадын дело (хэрэг) 1958. Молотов өөрийн намаас буруутгагдан цөлөгдөх байдлаар Монголд элчин сайдаар томилогдож ирэнгүүтээ хоёр улсыг заагласан зурвас дээр хилийн маргаан дэгдээв. Тэрээр Монголын баруун хойд хэсгээс ихээхэн газар нутгийг нэхсэн ба үүнийгээ Зөвлөлт улс социалист системийг тэр чигээр нь хамгаалж байгаа учир үүнд Монголын зүгээс хувь нэмрээ оруулах ёстой гэж тайлбарлав. Молотовтой Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Гадаад яамны сайд Аварзэд хэлэлцээр хийж газар нутгаа өгөхөөс эрс татгалзав. Хрущёвоос “Хилийн шугам тодорхойлох хэлэлцээрийн Монголын талыг толгойлж байгаа хүний байр суурийг ойлгохгүй байна” гэж мэдэгдсэний дараа Цэдэнбал Аварзэдийг ажлаас нь халж Хилийн шинэ шугам тогтоох гэрээг Цэндээр батлуулан зуруулжээ. Аварзэд ажилгүй болж тээврийн жолооч болсон. Хожим гудамжинд цагдаад зодуулж үхсэн.

Ренчингийн дело (хэрэг) 1959. Үндсэрхэг үзэл гаргадаг, үзэл сурталд тохирохгүй ном бичиж хэвлүүлсэн зэрэг асуудлаар Бямбын Ренчинг буруутгаж “Ренчингийн үндсэрхэг үзлийн тухай” гэсэн намын төв хорооны тусгай тогтоол гаргав. Гол шалтгаан нь монгол бичгийг кириллээр сольсонд сталинизмыг буруутгаад одоо нэгэнт сталинизм буруудсан тул энэ алдааг засъя гэсэн санаатай захидлыг Хрущёв, Мао Зэдун нарт бичжээ. Ренчингийн хэвлүүлсэн хэд хэдэн номыг хориглон устгав.

Төмөр-Очирын (дело) хэрэг 1962. Хятадад эмчлүүлж байсан Төмөр-Очир буцаж ирэхдээ Өвөр Монголд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа учир бид хоцорч болохгүй гэсэн мэдээтэй, саналтай иржээ. Ингээд түүний идэвхтэй санаачилгаар Монголд Чингисийн ойг даруухан тэмдэглэв. Энэ үед Москвад амарч байсан Цэдэнбалыг Хрущёв дуудан загнаж Монголд болж буй үзэл суртлын алдаагаа яаралтай залруулах үүрэг өгөв. Даруй арга хэмжээ аван Төмөр-Очирыг үндэсний үзэлтнээр зарлан, намаас хөөж хөдөө цөлжээ. 800 жилийн ой тэмдэглэх хүрээнд үйлдсэн марк ил захидлыг шатаан устгаж, мөн ойд зориулж бичсэн Пүрэвдоржийн “Чингис”, “Тусгаар тогтнол” зэрэг бүтээлийг хориглож зохиолчийг нь олон жил гадуурхах болсон. Хожим Төмөр-Очирыг үл мэдэгдэх шалтгаанаар гэрт нь хөнөөсөн байдаг.

Цэндийн дело (хэрэг) 1962. Цэдэнбал 1961 онд хөлөө хугалаад Москвад удаан хугацаагаар эмчлүүлжээ. Түүнийг эргэхээр очсон Намын хоёрдугаар хүн Цэнд өөрийн харгалзах Зөвлөлтийн намын хоёрдугаар дарга Козловтой уулзахдаа Цэдэнбалыг огцруулах санаа хэлсэн аж. Цэндийг намаас хөөн хөдөө цөллөө.

Намын эсрэг бүлэглэл гэх дело (хэрэг) 1965. Намын бүгд хуралд Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарын олон гишүүд Цэдэнбалыг хүчтэй шүүмжилжээ. Хурлын үеэр НАХЯ-ы цэргүүд төрийн ордныг бүсэлж хэнийг ч орж гаргуулахгүй хяналтандаа авлаа. Ингээд шүүмжлэгчдийг “намын эсрэг бүлэг” гэж нэрлээд шүүхийн тогтоолгүйгээр гэр байшинг нь хурааж, өвлийн хүйтэнд задгай машин дээр ачин алс аймгууд руу цөллөө. Тэдэнд хамгийн бага цалинтай биеийн хөдөлмөрийн хүнд ажил оноож, орон нутгаасаа гарахыг хөл хорив. Тэд 25 жил цөллөгийн нөхцөлд амьдарчээ. Намын эсрэг бүлэг гэх хэрэгт үүнтэй ямар ч холбоогүй маш олон хүн холбогдож ажил амьдралаараа хохирсон.

Баасанжавын дело (хэрэг) 1965. Эдийн засгийн дээд сургуулийн багш Баасанжав Сангийн яамны таньдаг хүнээсээ улс орны эдийн засгийн зарим үзүүлэлтийг гуйн авчээ. Эдгээр тоо бүгд хурлын үеэр “намын эсрэг бүлэг”-ын илтгэлд дурдагдсан байна. Баасанжав болон мөнөөх тоог өгсөн ажилтан нарыг шүүхээр оруулан “нууц материал тараасан” хэргээр шоронд хорьсон.

Лхамжавын дело (хэрэг) 1965. Их сургуулийн түүхийн багш, орчуулагч Лхамжав социалист орнуудын коммунист ажилчны намуудад хандсан захидал бичсэндээ Цэдэнбалыг шүүмжилж түүнийг марксизм ленинизмээс урвасан гэжээ. Захидлыг явуулж чадаагүй байсан ч тэр нь илчлэгдсэн тул түүнийг шүүхээр оруулан шоронд хорьж, дараа нь олон жилээр хөдөө цөлжээ.

Лхамсүрэнгийн дело (хэрэг) 1965. Төв хорооны нарийн бичгийн дарга Намтайширын Лхамсүрэн Цэдэнбалтай зөрчилдсөн тул 1956 онд ажлаасаа халагджээ. Энэ нь гэр бүлийн асуудлаас үүдсэн бололтой байдаг. 1965 онд Лхамсүрэнг “намын эсрэг бүлэг”-ийнхэнтэй сүлбэлдсэн гэж гүтгэн намаас хөөж бүх насаар нь хөдөө цөлжээ.

Зураач нарын дело (хэрэг) 1968. Залуу уран бүтээлчдийн анхдугаар зөвлөлгөөн зохион байгуулж үйл явдлыг тохиолдуулан залуу зураачдын бүтээлийн үзэсгэлэн гаргажээ. Гэтэл Зураач Дунбүрээгийн “10 улаан ямаа”-ны зураг анхаарал татав. Эдгээр ямаанууд нь Улс төрийн товчооны10 гишүүдийг ёгтолсон байна гэж үзлээ. Үүнээс цаашлан бусад зургийг нягтлан “хөрөнгөтний хийсвэрлэх урлагийн нөлөө” орсон байна гэж үзээд голлох залуу уран бүтээлчдийг гурван жилийн хугацаагаар хөдөө цөлжээ. Тэд марксизм судлахын зэрэгцээ мод бэлтгэх ажилд дайчлагдсан юм.

Дамдинсүрэнгийн толийн дело (хэрэг) 1969. Нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн 50 мянган толгойтой “Орос Монгол толь” бичигтээ Монголын түүхтэй холбоотой “Мянган жилийн харьцуулсан хүснэгт” зохиосноо хавсаргажээ. Гэтэл Зөвлөлтийн элчин сайдын яамнаас анхааруулга ирж, уг хүснэгт лам феодалуудын тухай маш их баримт орсон байна, Ленин, Богд хаан нарыг төрсөн үхснийг нэг хүснэгтэд бичиж хэмээн буруушаажээ. Ингээд Дамдинсүрэнг Улс төрийн товчоонд дуудан буруутгаж уг толийг устгах, гарсан зардлыг зохиогчоор өөрөөр нь төлүүлэх шийдвэр гаргав.

Чойномын дело (хэрэг) 1974. Яруу найрагч Чойномын хэвлэгдээгүй нууц шүлгүүдийн НАХЯ-ы төлөөлөгч санаандгүй олжээ. Эндээс мөрдлөг эхлэн “эсэргүү” гэгдэх нэлээд бүтээл нь илчлэгдсэн. Ингээд түүнийг шүүхээр оруулан “нам төрийн байгууллагыг гутаахад чиглэсэн гүтгэлгийн шүлэг бичээд түүнийгээ бусдад ашиглуулсан” тул чанга дэглэмтэй шоронд дөрвөн жил хорихоор шийтгэв. Харин Чойномын “эсэргүү” шүлгүүд нийтэд тарж ялангуяа хүүхэд залуучуудын тэмдэглэлийн дэвтэрт хадагдах болсон.

Лоохуузын эрүүгийн дело (хэрэг) 1976. Хөдөө туслах малчнаар хөөгдөн цөлөгдсөн Лоохууз сүүлийн арав гаруй жилд өөрийн овсгоо хөдөлмөрөөр нэлээд хөлжжээ. Тэрээр хоёр хувийн машинтай, гахайн туслах аж ахуйтай. Түүнийг хөдөлмөрийн бус орлогоор амьдарч байна гэж үзэн нарийн шалгасан боловч хэрэг олж чадсангүй. Импортын бараа бүтээгдэхүүн ашиглаж худалдаа наймаа хийхийг хориглосон дээр үеийн тогтоолын дагуу түүний урласан эмээл, гөлөм зэрэгт хадаас цавуу гэх мэтийн импортын бүтээгдэхүүн орсон байна хэмээгээд зургаан жил шоронд хорих ял өглөө.

Цэдэндоржийн дело (хэрэг) 1977. “Үнэн” сонины ажилтан Оршихын Цэдэндоржийн өдрийн тэмдэглэл маягтай бичсэн “Үнэн танаа өргөх бичиг” хэмээх нэртэй 356 хуудас материалыг гэрээс нь олжээ. Эхнэр нь НАХЯ-д матсан гэгддэг. Нам төрийг муулсан, социалист байгуулалтыг гутаахыг оролдсон хэргээр шүүхээр оруулан долоон жил чанга дэглэмтэй шоронд суулгасан.

Эмч нарын дело (хэрэг) 1978. Сайд нарын зөвлөлийн орлогч нэгний дүү эмчлүүлэхээр Дорнодоос ирээд эмнэлэгт нас баржээ. Үүнээс болж эмч нарын эсрэг кампанит ажил улс даяар өрнүүлэв. Орёл тэргүүтэй сэтгэл мэдрэлийн эмч нарыг баривчлан Үйлдвэрчний эвлэлийн ордонд хэргийг нээлттэй тасаллаа. Тэднийг хэрэгтнийг хэрэг хүлээх чадваргүй гэсэн онош гаргаж байсан гэж ялласан. Үнэндээ тэр үед сэтгэл мэдрэлийн цөөн эмч нарын оношийн зөв эсэхийг тогтоох чадвартай “Шинжээч” байхгүй байсан учир муйхар гүтгэлгээр яллажээ. Эхнэр нь яруу найрагч Явуухуланг гэртээ цоожлоод явсны дараа нас барсан байдаг. Үүнд хариуцсан эмчийг нь буруутган ажил дээрээс нь баривчлан шоронд хийв. Олон эмч яль шальгүй алдаа дутагдлаасаа болж ажлаасаа халагджээ. Монголд чанартай хүний эмч бэлдэж чадахгүй байна гэж үзээд Улс төрийн товчооны шийдвэрээр хэдэн зуун хүүхдийг ЗХУ-д эмч мэргэжлээр сургахаар болжээ.

Шүүхийнхний дело (хэрэг) 1979. Эмч нарын дело хэргийг дагалдаад шүүхийнхний дело хэрэг дэгдэв. Улс төрийн товчооны 316 дугаар тогтоол гарч Шүүхийн үйл ажиллагааг “сайжруулахаар” болов. Улсын өмч шамшигдуулсан хэрэгт бага ял өгдөг, эмч нарын гаргаж өгсөн оношид ач холбогдол өгдөг гэх мэт. Ингээд урьд нь шүүхээр шийтгүүлсэн хүмүүсийн асуудлыг дахин авч хэлэлцээд олноор нь шоронд хийж нийт хоригдлын тоо 6 мянга байснаа агшин зуур 8 мянга болон нэмэгджээ.

Энэ үед үнэхээр улсын эзэнгүй өмчийг хулгайлах, шамшигдуулах, эвдэн сүйтгэх явдал хавтгайрсан байсан тул социалист өмчийг хайрлан хамгаалах тухай хоёр лоозонг Төв хорооноос батлан гаргаж хүн болгоноор цээжлүүлэх кампанит ажлыг идэвхтэй зохиолоо.

Лагийн дело (хэрэг) 1979. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн муу усны тогоонуудыг хөлдсөн үед нь ухаж цэвэрлэх ажил гүйцэтгэж байсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ийм ажилд монгол хүн ойртдоггүйгээс болж нутгийн хятад иргэдийг хөлсөлсөн юмсанж. Тэд ажлаа гүйцэтгэхдээ хүрз, царил хэрэглэн лагийг ухаад өөрсдийн морин тэргээр зөөх ёстой атал улсын техник хэрэглэсэн, зарим жолоочтой тохиролцон улсын машинаар баас шээсийг зөөсөн асуудал илрэв. Энэ явдлыг Хятадын эсрэг кампанит ажилд ашиглах санаа төрж, олон албан хаагч, ажилчдыг хэрэгт татан яллажээ. Үйлдлийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөнөөр сурталчилав. Эмч нарын болон шүүхийнхний хэрэгтэй бараг давхацсан тул ажилчдад хатуу ял оноосон.

Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртэлх түүхийг дараагийн дугааруудад хэлхье.

2020.3.30

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *