Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК хооронд ураны цацраг идэвхт ашигт малтмал, геологи хайгуулын үйл ажиллагаа эрхлэх “Мон-Чех Ураниум” компани байгуулагдсан. Хамтарсан “Мон-Чех Ураниум” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд өнөөдөр хоёр тал гарын үсэг зурлаа. “Мон-Атом” ТӨХХК-ийг төлөөлж ТУЗ-ийн дарга Н.Батбаатар, Гүйцэтгэх захирал Э.Галбадрал, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-ийг төлөөлж компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Милан Клечка, ТУЗ-ийн гишүүн Мартин Кадлец нар гарын үсэг үзэглэлээ. Гэрээ ёсоор хамтарсан компанийн 51 хувийг Монголын тал эзэмших юм. Уг төслийг Засгийн газрын энэ оны тавдугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар танилцуулж дэмжсэн байна.
Тус арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид оролцож үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Их хурал цацраг идэвхт ашигт малтмалын талаар баримтлах бодлого 2005 онд, Цөмийн энергийн тухай хуулийг 2009 онд тус тус батласан нь салбарын бодлогыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн билээ. Засгийн газрын 2012 -2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ураны хайгуул олборлолтын үйл ажиллагааг идэвхжүүлж шар нунтаг хүртэл үйлдвэрлэх зорилтыг тавьсан бөгөөд энэ чиглэлээр Шийдлийн Засгийн газар холбогдох арга хэмжээ авч, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. “Мон-Атом” ТӨХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-ий цацраг идэвхт ашигт малтмал ураны геологи хайгуулын салбарт хамтран ажиллахаар тохиролцож гэрээ байгуулж буй нь салбарын хөгжилд зохих ёсны хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Гарын үсэг зурах ёслолд мөн Бүгд Найрамдах Чех улсын Синатор Ярослав Дуброва, Чех улсаас Монгол Улсад суух элчин сайдын зөвлөх Вацлав Добеш, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам болон Цөмийн энергийн комисс, Ашигт малтмалын газар, “Мон-Атом” ТӨХХК-ийн төлөөлөл оролцлоо.