МоАХ байгуулагдсаны түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 27 жилийн тэртээ буюу 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд ардчиллыг хүсэмжилсэн залуусын анхны цуглаан болсон юм. Гол хөдөлгөгч хүч нь МоАХ байсан. Олон улсын хүний эрхийн өдөртэй давхцуулан хийсэн анхны цуглаанаа МоАХ-ныхан Хүүхэд залуучуудын соёлын төвийн өмнө хийж МАХН-ын Төв хорооны YII бүгд хурал, БНМАУ-ын АИХ-ын YIII чуулганд хандаж 13 зүйл бүхий улс төрийн шаардлага өргөн барих болсноо олон нийтэд хүргэсэн байдаг юм.
Энэ шаардлагад “Намаас төр засгийн үйл ажиллагааг шууд удирдан чиглүүлэх замаар нөлөө үзүүлэх явдлыг зогсоож, тус улсын улс төрийн амьдралыг олон намын системийн үндсэн дээр зохицуулах….” “Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон хүн ард иргэдийн дархан эрхийг ….дээдлэн хүндлэх…” зэрэг ардчиллын үндсэн зарим болсон заатуудыг тусгасан байсан юм.
Мөн МоАХ-ны анхны 13 хүний эрх, ардчиллын үнэ цэнийн төлөө тэмцэл зорилгоо нэгтгэн тангараг өргөсөн гэдэг.
- С.ЗОРИГ – МоАХ-ны анхны Ерөнхий зохицуулагч тэрбээр МУИС-ийн багш, докторант байсан. Сүүлд БНН-ыг үүсгэн байгуулж явсан ч буцаад МҮАН-д нэгдсэн. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд байхдаа улстөрийн аллагад өртсөн.
- Ц.ЭЛБЭГДОРЖ – Тухайн үед Монгол ардын армийн “Улаан-Од” сонины сурвалжлагч байсан бол эдүгээ хоёр дахь удаагаа Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Тэр энэ 25 жилийн хугацаанд УИХ-д удаа дараа сонгогдож, АН-ынхаа дарга болон Ерөнхий сайдын албыг 2 удаа хашсан.
- Э.БАТ-ҮҮЛ – Тэр үед ажилгүй байв. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан, үүнээс өмнө УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан.
- Д.БАТТУЛГА – НИТХ-ын гишүүн, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга. Өнгөрсөн дөрвөн жилд НИТХ-ыг удирдаж байсан. УИХ-д сонгогдож Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа Казиногийн тухай хууль батлуулсан ч буцаан хүчингүй болгоход уг хэрэгт холбогдон шоронд суусан. НИТХ-ын даргаар сонгогдохын өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын алба хашиж байсан.
- Д.БААСАН – МоАХ-ны анхдагч тэрбээр нэг хэсэг МАН-ыг байгуулж даргаар нь ажиллаж байсан. Мөн Гандангийн Бадма ёго дацанд лам байжээ. Учир битүүлгээр амь насаа алдсан аж.
- Д.СОСОРБАРАМ –1989 онд жүжигчин байсан.
- Т.БИЛЭГТ – Өнгөрсөн дөрвөн жилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажилласан. Өмнө нь Радио телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга зэрэг албыг хашиж байжээ.
- Ц.ЭНХТҮВШИН – УИХ-ын гишүүн, сайд, дэд сайдын болон Монгол улсын Үндэсний аюулгүйн зөвлөлийн дарга асан.
- Д.ЭНХБААТАР –Батлан хамгаалах яамны газрын дарга Бригадын генерал.
- Д.СҮХБААТАР – УБДС-ийн оюутан байсан, өнгөрсөн жилүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын орлогчоор ажиллаж байв.
- С.АМАРСАНАА – МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч асан. Соёлын гавьяат зүтгэлтэн. Хууль зүйн үндэсний төвд болон хэвлэлийн байгууллагад ажиллаж байсан “Ардчилал” сониныг анх үүсгэн байгуулж эрхлэгчээр нь ажилласан хүмүүсийн нэг.
- М.ЭНХТҮВШИН – “Малыш” хочтой, 1989 онд Аюулаас хамгаалахад ажиллаж байсан ба МоАХ-ны анхны дэд зохицуулагч. Багш мэргэжилтэй, хааяахан дуулиантай ярилцлага өгдөг.
- Д.НЯМСҮРЭН – архитектор мэргэжилтэй тэрбээр Хотын ерөнхий архитектор асан. Гавьяат цолтой.